Гадаа тийм ч халуун биш нарлаг таатай цаг агаартай зуны өдөр. Ажлын цаг эхэлсэн тул хотын хөл хөдөлгөөн бага зэрэг татарсан энэ үед Улиастайн эцэст байрлах “Ид шидийн орон-2”-ыг зорьлоо. Гудамжны эцэст зорьсон газрын бараа сүүмэлзэнэ. Тэрхүү гудамж бусдыгаа бодвол илүү өнгөлөг. Айлууд хашаа, хаалган дээрээ цэцэг навч, солонго, эгдүүтэй амьтад, хээ хуар гээд л яалт ч үгүй энэ хавийн уур амьсгал үлгэрийн мэт. Ид шидийн орны хаалга үргэлж нээлттэй. Хашаагаар нь ороход л хаа сайгүй тоглон гүйлдэх хүүхдийн дуу цангинана. Ойр орчимдоо ганц тоглоомын талбай, ногоон байгууламж нь тул хүүхдийн хөл тасардаггүй аж.
“Лантуун дохио ТББ”-аас санаачилсан “Ид шидийн орон” төслийн хоёр дах бүтээн байгуулалт бол энэ. “Ид шидийн орон-2” 2019 онд сайн дурын ажилтан, санхүүжүүлэгч байгууллага, хандивлагч иргэд гээд маш олон хүмүүсийн сэтгэл зүрхээр бий болсон. 1400м2 Хүүхэд хөгжлийн ордонд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн холимог анги, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх төв, цэцэрлэгийн бүлэг, сургалтын төвүүд, номын сан, гэр хороолол дундах анхны кофе шоп, зэрэг байна. Хүүхдүүд уншсан номоо ярих тоглоомоо хураах, ширээ цэвэрлэх гэх мэт ажлуудыг хийн хариуд нь кофе шопоос “Шидэт сүү” бэлгэнд авдаг гэнэ.
Энд гар урлал, жиү жицү гэх мэт олон төрлийн дугуйлан, хүүхэд хөгжлийн үйл ажиллагаа зохион байгуулагддаг. Тэдгээрийн дундаас цэнгээнт бүжгийн клуб хамгийн их сонирхол татсан юм. Хоёр жилийн өмнө бүжгийн дугуйлангаар эхэлж, 2023 оноос “Miracle dance club” нэрийн дор үйл ажиллагаа явуулсаар өдгөө 60 сурагчидтай болж өргөжин тэлж буй. Дөрвөөс арван гурав хүртэлх насны охид хөвгүүд энэ клубын гишүүд. Намайг очиход хамгийн бага насныхны хичээл орж байлаа. Аянаасаа зөрж хөдөлгөөнөө алдахгүйн тулд хичээнгүйлэн бүжиглэх бяцхан бүжигчид эгдүүтэй харагдана. Багш нь “Ча ча нэг, хоёр, гурав...” хэмээн тоолсоор бүгдэнтэй нь тулж нэг бүрчлэн бүжгээ заана. Түүнийг Г.Ганбаяр гэдэг. Бүжгийн спортын мастер тэрбээр бүжигтэй амьдралаа холбоод найман жилийг элээжээ.
Ид шидийн орон ба Микробиологич
Эндхийн хүүхдүүд, ажилчид “Ид шидийн орон”-ыг “ИШО” хэмээн дууддаг. “ИШО” дээр Г.Ганбаярыг бүжгийн багш гэдгээр нь сайн мэддэг ч тэрээр Монгол Улсын Их Сургуулийг микробиологич мэргэжлээр сурч төгссөн юм. Анх 2022 оны сүүлээр түүний бүжгийн хамтрагч зуны гурван сарын турш хүүхдүүдэд бүжиг заах саналыг тавьсан байна.
“Манай гэр 21-р хороололд байдаг. Тэгээд утаснаасаа байршлыг нь хайтал “Ид шидийн орон-1” гарж ирээд гэртэй маань ойрхон болохоор найзынхаа саналыг зөвшөөрчихсөн. Нөгөөдөр нь менежер залгаад 11.00 цагаас таны сургалт эхэлнэ, хаана ирэхээ мэдэж байгаа биз дээ гэж асуухаар нь “Мэднэ, мэднэ “Ид шидийн орон-1” гэсэн чинь, “Биш ээ, “Ид шидийн орон-2” дээр шүү гэж хэлэхээр нь байршлыг нь хайтал бүр Улиастай гэж гарж ирэхэд шоконд орж байлаа. Гэхдээ нэгэнт хүнд “За...” гэж хэлээд зөвшөөрчихсөн болохоор багшлахаар шийдсэн дээ” гэж тэрээр дурсан ярив. Анх зуны хугацаанд ажиллахаар тохирсон боловч хүүхдүүддээ дассан сэтгэл нь түүнийг энэ газраас явах хүсэлгүй болгож, харин ч тэр хавийн хүүхдүүдийн орчин нөхцөл, байгууллагын зорилгыг ойлгоод үлдэхээр шийджээ.
Тэрбээр микробиологич мэргэжлээрээ “Алтан тариа ХХК”-д ажилладаг ба “Таван шар”-аас Улиастай руу Улаанбаатар хотыг хөндлөн гулд туулан, хүүхдүүд дээрээ очиж хичээлээ заадаг. Таван шараас Улиастай хүртэл хоёр автобус дамжиж ирэхдээ эхэндээ шантарч байсан ч цаг хугацаа явах тусам хийж байгаа ажлынхаа үр дүнг хараад бууж өгч болохгүй гэдгээ ойлгосон хэмээн ярьж байлаа.
“Хүн харахад энэ газар жижиг хашаан дотор энгийн хоёр давхар байшин байж магадгүй л дээ. Гэхдээ миний хувьд би өөрийнхөө байх ёстой газраа олсон юм шиг санагддаг. Би хотын захад өссөн. Эндхийн амьдралыг, хүүхдэд тохиолдож болох аюул эрсдэл, хүчирхийлэл, архидан согтуурал зэргийг туулж өнгөрөөгүй ч хажуунаас нь харж өссөн болохоор надад энэ газрыг ойлгоход илүү дөхөм байсан. Насанд хүрсэн хүнийг өөрчлөх боломжгүй. Харин хүүхдүүдийг багаас нь сурч боловсрон нийгэмд хэрэгтэй сайн хүн болоосой гэсэндээ тусалж, аль болох хичээж ажилладаг” хэмээн “ИШО”-гийн багш маань хэлж байв.
Багшийн эрдэм шавьд
Г.Ганбаяр 2019 он хүртэл бүжгийн спортын тамирчин байсан. 2022 онд хүүхдүүдтэйгээ ажиллаж эхлээд мэргэжлийн багш болохоор шийдэж, Монголын бүжгийн холбооны дүрэмд заасан шаардлагатай сургалт, шалгалтад хамрагдаж багш болсон байна.
“Олон улсын тэмцээнд миний шавь медалийн тавцан дээр зогсоод шагналаа авахыг харах л багш болсны хувьд хамгийн гайхалтай мөч байсан. Би тамирчин байхдаа ч медаль аваад тэгж баярлаж үзээгүй” гэлээ.
“Miracle dance club” 2023 оны гуравдугаар сарын 23-нд анх “Монголын бүжгийн спортын холбоо”-нд гишүүн байгууллагаар элсэн түүнээс хойш Монголд зохион байгуулагдсан бүх улс, бүсийн чанартай дотоодын тэмцээн уралдаануудад тасралтгүй оролцжээ. Эдгээр тэмцээнүүдэд түүний шавь нар нийтдээ 79 медаль 87 тусгай байр эзэлсэн амжилттай. Бүжгийн клубыг анх нээгдсэн цагаас нь хичээллэж эхэлсэн охидууд нь тэмцээн бүртээ тогтмол финалд шалгарч улсын чансаанд бичигддэг болжээ.
Бүжгийн клубт өнгөрсөн жилийн арван сараас хойш явсан Гарьдхүү энэ хугацаанд гурван тэмцээнд “хос бүжиг”-ийн төрөлд оролцож хоёр алтан медалийг авчээ. Тэрээр хоёрдугаар ангиасаа бүжгийн спортод дурлаж хичээллэж эхэлсэн ба хэзээний мэргэжлийн тамирчин шиг болсон байна. Клубынх нь бусад найзууд мэргэжлийн бүжигчин, цаашлаад бүжгийн багш болох хүсэлтэй байгаагаа ам уралдан ярьж байлаа. Тэд зөвхөн бүжиг сураад зогсохгүй хувь хүн талаасаа маш олон зүйл сурч мэдэж байгаа гэнэ. Спорт гэдэг талаасаа тэсвэр тэвчээр, дуулгавартай байдал, харин урлаг талаасаа хэрхэн зөв биеэ авч явах, цэвэрч нямбай байхыг бүжиг эдгээр хүүхдүүдэд заасан байна.
Энэ талаар багш нь “Спорт болгон өөрийн гэсэн онцлогтой байдаг. Харин цэнгээнт бүжиг бол урлаг , спортын нийлэмж. Бүжгийн спортоор хичээллэсэн эмэгтэй хүний эмэгтэйлэг чанар нь илүү давамгайлж гарч ирдэг. Латин америк, стандарт бүжгүүд уян налархай хөдөлгөөнтэй байдаг нь эмэгтэй хүний дааврыг илүү ялгаруулж эмэгтэйлэг болгодог. Хүмүүсийн дунд байдаг нэг буруу ойлголт нь юу вэ гэхээр бүжгийн спорт эрэгтэй хүнийг эмэгтэйлэг болгодог гэж боддог. Харин ч илүү эрэгтэйлэг болгож, альфа шинж чанарыг нь гаргаж ирнэ. Яагаад гэвэл энэ спортод эрэгтэй нь хамтрагчаа удирдан чиглүүдэг учраас илүү идэвхтэй болгодог” хэмээн онцлон ярьсан юм.
Сая амралтын өдрүүдэд зохион байгуулагдсан “Mongolia inspire” бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээнд “Miracle” клубын 58 тамирчин оролцож зургаан алт, зургаан мөнгө, найман хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлжээ.
Улс орноос спортын баг тамирчдад санхүүгийн дэмжлэгийг тэр бүр өгөөд байж чаддаггүйг нуух юун. Хэдий баг тамирчид олон улсад тэмцээн уралдаанд явж байгаа нь сайхан ч гэсэн санхүүгийн асуудал үргэлж тулгардаг. Тэр бүрт л тамирчны гэр бүл туслалцаа үзүүлнэ эсвэл дэмжих байгууллага хайж явдаг байна. 2023 оны арванхоёрдугаар сард “Miracle” клубын гурван бүжигчин багшийнхаа хамт Хятад улсад зохион байгуулагдсан олон улсын тэмцээнээс дөрвөн хүрэл медаль авсан амжилттай эх орондоо иржээ. Нэг хүний зардал зургаа орчим сая төгрөг болж, санхүүгийн асуудал тохиолдож гэнэ.
Г.Ганбаяр багш “Манай нэг охины аав над руу залгаад “Хүүхэд маань ээжтэйгээ цуг тэмцээнд явна аа” л гэлээ. “Хоёр хүний зардал арав гаруй сая төгрөг болно шүү дээ, зүгээр үү” гэтэл “Зүгээр багшаа, цалингийн зээл авчихсан. Би өөрөө мөрөөдөлгүй амьдарсан болохоор ядаж охиныхоо мөрөөдлийг биелүүлмээр байна аа” гэж хэлж байлаа” хэмээн дурсан ярьлаа.
“Шидэт бүжигчид” маань долоодугаар сарын 17-20-нд БНХАУ-д Дэлхийн бүжгийн спортын холбооноос зохион байгуулах тэмцээнийг хүлээн бэлтгэлээ базаасаар байна.
Б.Төгөлдөр
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна