Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч Б.Баяраатай ярилцлаа.
ДӨРВӨН ЖИЛИЙН ОЛИМПЫН ЦИКЛЫГ ХОЁРХОН ЖИЛД БАГТААХ ГЭЖ ШИГШЭЭ БАГИЙН БАГШ НАР ХИЧЭЭСЭН
-“Олимпын наадам-биеийн тамир, спорт-шинжлэх ухаан” сэдэвтэй хэлэлцүүлэг саяхан болсон. Энэ хэлэлцүүлэгт Та оролцсон уу?
-Оролцсоон. Олимпод явсан хоёр гурван л хүн оролцсон.
-Таныг нэлээд хатуухан шүүмжлэл хэлсэн гэж сонссон учраас ярилцлах хүсэлт тавьсан юм аа. Манай монголчуудын шимтэн үздэг, бас олимпын медалийн тааварт оруулж байдаг ТОП-4 төрлийн нэг бол чөлөөт бөх. Харамсалтай нь Парис-2024 наадмаас олимпын медалиас атгаад л алдлаа. Алдаа хаанаа байв?
-Их л урт яриа болно доо. Цаг хугацааны дараалалтай ярих гээд үзье. Аливаа олимп дууссаны маргаашаас л дараагийн олимп эхэлж байдаг. Олимпын ганцхан жилд биш, бүтэн дөрвөн жилийн циклээр олимпын наадамд бэлддэг. Гэтэл Парисын олимпод бол үндсэндээ хоёр жилийн хугацаанд л Чөлөөт бөхийн холбоо бэлдсэн. Уг нь олимп дууслаа, дараагийн олимпод бэлдэж эхлэх ёстой байдаг юм. Аливаа юм багтаамжтай байдаг. Олимпын дөрвөн жил тус бүрдээ өөр өөрийн онцлогтой, нарийн төлөвлөгөөний дагуу шинжлэх ухаанчаар баг тамирчдаа бүрдүүлж, дасгалжуулж тэгж байж оролцдог. Гэтэл манайхан хэрэлдэж уралцсаар байгаад 2022 оны гурав, дөрөвдүгээр сард олимп эхлэхээс ердөө хоёрхон жилийн өмнө шигшээ багийн дасгалжуулагчдаа сонгон шалгаруулах журмаа гаргаад шалгалтаа зарласан. Хугацаа ингэж хоцорсон нь эхний алдаа. Ерөнхий сайдын захирамжаар Үндэсний шигшээ багийг бүрдүүлэх журам гаргаад сонгон шалгаруулалт зарласан. Хугацаа хоцорсон ч гэсэн маш сайн шалгууруудтай, нарийн зааж өгсөн тийм журмаар уг нь сонгон шалгаруулалтыг явуулах байсан. Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчийн багийг бүрдүүлэхдээ нэгдүгээрт, биеийн тамирын сургуулийг бакалавр болон түүнээс дээш цолтойгоор төгссөн байх, хоёрдугаарт, хувийн ёс зүйн манлайлалтай, мэргэжлийн ёс зүйн өндөр зэрэглэлийн тамирчидтай ажилласан туршлагатай байна гэх зэргээр шалгуур тавьсан. Шалгаруулалтад оролцох дасгалжуулагч багшийн хувийн ур чадвараас гадна бэлтгэсэн тамирчдын амжилтын өсөлт зэргийг харгалзан үзэх тийм шалгуур байсан гэсэн үг. Дээрээс нь нэмээд мэргэжлийн ур чадвар, хэлний мэдлэг, компьютерын мэдлэг зэрэг маш олон үзүүлэлтүүдээр шигшээ багийн дасгалжуулагчийг сонгон шалгаруулахаар журамласан байсан. Дасгалжуулагчийн ажил гэдэг бол маш нарийн төлөвлөгөөтэй, шинжлэх ухаанчаар, судалгаан дээр суурилж хийдэг ажил гэдгийг үргэлж ярьж хэлж байдаг хүний хувьд энэ сонгон шалгаруулах журамд сэтгэл хангалуун байсан, тэгээд ч өөрөө шалгаруулалтад оролцсон. Сургалт дасгалжуулагчийн онол арга зүй гэдэг бол спортын анагаах ухаантай салшгүй холбоотой байдаг, бүх зүйл нарийн төлөвлөгөө, судалгаан дуур суурилдаг гэдгийг байнга ярьдаг хүний хувьд ийм журмаар сонгон шалгарлуулалт явуулна гэхээр нь маш их баярласан.
-Сонгон шалгаруулалт Таны бодсончлон шударга явагдаж чадсан уу?
-Энэ сонгон шалгаруулалтад би хамгийн өндөр оноо авсан байдаг юм. Тэгээд Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд орж ажилласан.
-Хамгийн өндөр оноо авсан нь ахлах дасгалжуулагч болдог уу?
-Тэр журамд онооны эрэмбэ дараагаар сонгох тухай үг өгүүлбэр байсан эсэхийг мэдэхгүй юм. Ямар ч л байсан би ахлах дасгалжуулагч болоогүй. Шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд ороод туслах дасгалжуулагчаар ажилласан. Тухайн үед би бодож байгаа юм, за яахав ээ, шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд ороод мэдлэг чадвараа шавь нартаа зориулж байвал л боллоо гэж бодсон. Ер нь сонгон шалгаруулалтаас эхлээд л өнөөдрийг хүртэлх бүх хугацаанд би бүхнийг хойш тавьж, бүхнийг хүлээн зөвшөөрч чимээгүй ажилласан. Сонгон шалгаруулалтын дараа намайг хэлгүй усгүй, компьютерын мэдлэггүй гээд яриа гарсан байна лээ. Би бол Орост мэргэжлийн сургуулийг нь дүүргэсэн, доктор хүн. Орос хэлээр чөлөөтэй, солонгосоор ярианы төвшний мэдлэгтэй, англиар мэргэжлийн үг хэллэгээрээ ойлголцоод тэмцээн уралдаанд шавь нараа аваад явчих хэмжээний. Бусдаас дутуу нэг л юм байна. Тэр маань дарга цэргийн үүд сахиж чаддаггүй. Сонгон шалгаруулалт болохоор л дарга цэргийн үүд сахьсан баахан хүмүүс гараад ирдэг, гэтэл мань мэт нь тийм зан байхгүй. Спорт бол ар өврийн хаалга, танил тал, мөнгө төгрөгөөр хэмжигдэхгүй зүйл гэж боддог учир тэгж ч явахгүй. Тамирчныг дасгалжуулаад амжилтад хүргэнэ гэдэг мэргэжлийн маш өндөр ур чадвар шаарддлаг л ажил.
-Сонгон шалгаруулалтад заасан яг тэр журмын дагуу шигшээ багийн дасгалжуулагч нарыг бүрдүүлж чадсан уу?
-Журмаа зөрчсөн, би өөр юу хэлэх вэ. Шигшээ багийн дасгалжуулагч нар ил шүү дээ. Сонгон шалгаруулалтад заасан журам ч бас ил байгаа. Яг тэр журамд заасан Биеийн тамирын сургуулийг бакалавраар төгссөн хүн байна уу, үгүй юү гээд харчихад л ил болох зүйл... За ингээд ямар ч байсан шигшээ багийн багш дасгалжуулагчаа бүрдүүлээд авч байгаа юм. Олимп болохоос хоёрхон жилийн өмнө гэдгийг түрүүнд би хэлсэн. Дахиад хэлье. Аливаа юм багтаамжтай. Олимпын дөрвөн жил жил бүр өөрийн зорилготой төлөвлөлттэй байдаг. Шинжлэх ухаанч, судалгаа шинжилгээтэй ажилладаг улс оронд бол эхний жилдээ тамирчдын нөөцийг судлах, дээрээс нь тамирчдын ур чадвар эрүүл мэндийг бүгдийг нь шалгаж улсын шигшээ багийг бүрдүүлдэг. Хоёр дахь жилдээ улсын шигшээ багт орж ирсэн тамирчдын мэргэжлийн ур чадвар, ачаалал даах чадваруудыг дэлхийн стандартын хэмжээнд хүргэхээр ажилладаг. Ингэхийн тулд хоёр дахь жилдээ маш олон тэмцээн уралдаанд оролцож, олон удаагийн цугларалт хийж байж энэ зорилгод хүрдэг. Гурав дахь жилийн цугларалтаар олимпод өрсөлдөх найдвартай тамирчдыг сонгон шалгаруулж үндсэн багийг урьдчилсан хэлбэрээр бүрдүүлдэг. Энэ тамирчдынхаа өндөр зэрэглэлийн тамирчидтай өрсөлдөх чадварыг сайжруулах нь гурав дахь жилийн гол зорилго. Дөрөв дэх жил яг олимпод оролцох тамирчдын сонгон шалгаруулалтыг хийгээд, дээрээс нь гадаад дотоод өрсөлдөгчийн судалгааг маш нарийн гаргаж, өндөр зэрэглэлийн ур чадварыг эзэмшүүлдэг. Гэтэл манай Чөлөөт бөхийн холбоо, Шигшээ баг дөрвөн жилийн цикл дунд бэлддэг энэ төлөвлөгөөг хоёрхон жилд багтаах шаардлагатай тулгарсан. Шигшээ багийн багш дасгалжуулагч нарыг бүрдүүлсний дараа маш богино хугацаанд дэлхийн аваргад бэлдэх шаардлагатай болсон. 2022 оны дэлхийн аваргад боломжийн сайн оролцсон. За ингээд л үүнээс хойш бол бүх зүйл орвонгоороо эргэсэн дээ.
ГАДААД ЦУГЛАРАЛТГҮЙ, 600 ЦАГИЙН БАГТААМЖТАЙГААР ОЛИМПЫН ЖИЛТЭЙ ЗОЛГОСОН
-Тодруулж болох уу?
-2022 оны дэлхийн аваргаас хойш ямар ч цугларалт хийгээгүй. “Чампион” дээр биеийн ерөнхий хөгжлийн арав хоногийн бэлтгэл, “Найрамдал” дээр дараа нь спортын ур чадвар дээшлүүлэх цугаларалтыг бас арав хоног л хийсэн. Ингээд нийт 20 хоногийн цугларалт хийгээд л Азийн аварга шалгаруулах тэмцээнтэй тулсан. 2023 оны Азийн аваргын үед гадаад цугларалт ганцыг хийсэн.
-Гадаад цугларалт тэдэн удаа хийнэ гэсэн стандарт байдаг уу?
-Багадаа л 6-8 удаа гадаадын тэмцээн уралдаанд оролцох ёстой. Дээрээс нь 8-10 гадаад, дотоодын цугларалт хийсэн байх ёстой байдаг. Шигшээ багийн жилийн цагийн багтаамж гэж байдаг юм. Тэр дагуу бол 1200-1600 хүртэл цагийн багтаамжтай сургалтын программтайгаар аливаа дэлхийн аваргад оролцох ёстой байдаг.
-Энэ цагийн багтаамждаа хүрч байсан уу?
-Хүрээгүй шүү дээ, 600 цаг хүрэхтэй үгүйтэй л байсан. Цугларалт гээд ярихаар зарим хүн ойлгохгүй байж мэднэ. Яадаг вэ гэхээр өдрийн гурав дөрвөн бэлтгэл хийж, бүтэн 24 цагийн турш хамт байцгаадаг. Ингэж байж цагийн багтаамжаа бүрдүүлдэг. Гэтэл энэ цагийн багтаамжаа авч чадахгүй, цугларалтаа хийж чадахгүй байсаар 2023 оныг дуусгасан. Би их олон жил Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байгаа. Сүүлийн үед их олон зүйлийг ойлгохоо больсон. Ер нь улсын шигшээ багийн сонгон шалгаруулалтыг яах гэж явуулсан юм бол гэж ч эргэлздэг болсон. Улсын шигшээ багийн дасгалжуулагч гэж томилогдоод, эх орныхоо төлөө тэмцээн уралдаанд хоёргүй сэтгэлээр зүтгэнэ гээд бид чинь тангараг өргөдөг юм шүү дээ. Гэтэл өнөөдөр шигшээ багийн бүрэлдэхүүн хөл толгойгүй замбараагүй болсон.
ТОП ТАМИРЧИН БҮРИЙГ ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГА ЦАЛИНЖУУЛДАГ “МОДА” ДЭЛГЭРСЭН
-Тодорхой тайлбарлахгүй бол...
-Сонгон шалгаруулалтад оролцоод тэнцсэн гэж үзэн тангараг өргүүлж байсан багш дасгалжуулагч нар нь өнөөдөр байж л байна. Гэтэл тамирчнаа дагаад баахан багш, дасгалжуулагч нар нэмэгдээд ороод ирдэг. Хэн нь албан ёсны шигшээ багийн дасгалжуулагч юм мэдэгдэхээ байтлаа хөл толгойгоо алдсан. Яахав энэ бас шинэ, гэнэт гараад ирсэн зүйл бол биш. Яадаг вэ гэхээр нэг сайн тамирчин гараадл ирэхээр аль нэг хүчний байгууллага нэр дээрээ аваад цалинжуулдаг. “Алдар” ч юм уу, “Хилчин” ч юм уу аваад өөрсдийн нэр дээр барилдуулдаг. Дандаа шигшээ багийн мундаг тамирчдыг ингэж нэр дээрээ авдаг. Топ тамирчин гараад ирэхээр л аль нэг хүчний байгууллага нэр дээрээ аваад цалинжуулдаг, цол өгдөг “мода” ер нь дэлгэрчихсэн л дээ. Ихэнх том тамирчдыг цалинжуулдаад формжуулаад манай ажилтан гээд явдаг. Ганц чөлөөт бөхийн төрөлд ч биш, бүх спортын төрлөөр ийм байгаа. За ингээд яадаг вэ гэхээр тэр Топ тамирчид маань улсын аварга шалгаруулах тэмцээнд цалинжуулдаг багийнхаа нэрээр барилддаг, мэдээж медаль хүртдэг, аварга болдог. Улсын аваргад жил болгон багаараа түрүүлдэг. Түрүүлэхээс яах юм. Монгол Улсад байгаа аль өнгөтэй өөдтэй бүгдийг нь авчихаж байгаа юм чинь. Гэтэл Чөлөөт бөхийн холбооны дүрэмд улсын аваргад түрүүлсэн багийн дамсгалжуулагч нь Монголын 1 номерын дасгалжуулагч байна аа, шигшээ багт автоматаар орно гэдэг заалттай. Олон жил уламжилсан зүйл л дээ. Ингээд ороод ирдэг. Гэтэл шигшээ багийг бүрдүүлэхэд олон жилийн хүч хөдөлмөрөө зараад чимээгүй явж байгаа багш дасгалжуулагч нар үүний цаана байж л байдаг. Чимээгүй л байдаг. Өөрөө хөдөлмөрлөж хөдөлмөрлөж гаргаж ирчихээд, хөөрхий миний хүүхэд цалинтай болж байвал “Алдар” нь аваасай, “Хилчин” нь аваасай, “Хангарьд” нь авчихаасай гээд л чимээгүй ард нь үлдэж байдаг. Өөрийгөө золиосолсон ийм багш маш олон бий. Хөшигний ард үлддэг ийм багш нарынхаа өмнөөс би харамсдаг. Олон жилийн уламжилж ирсэн энийг одоо орхиё гэтэл 2023 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээр бас нэг Төрийн бус байгууллага гараад ирсэн. Дасгалжуулагч нь ороод ирсэн.
-Төрийн бус байгууллага нь ямар нэртэй билээ?
-“Парис-2024”.
-Яагаад тэгвэл Төрийн бус байгууллагын дасгалжуулагч шигшээ баг руу орсон юм бэ?
-Яахав, манай шигшээ багийн тамирчид тэр Төрийн бус байгууллагын гишүүнчлэлтэй л гэсэн. Тулга, Бат-Эрдэнэ нарын тамирчин “Парис-2024” Төрийн бус байгууллагын гишүүнчлэлтэй болж таарсан. Ингээд энэ Төрийн бус байгууллагын дасгалжуулагч Б.Баттулга шигшээ баг руу орж ирсэн. Төрийн бус байгууллагынхаа гишүүн тамирчдын бэлтгэл сургуулилт дээр анхаарна гээд шигшээ багийн үйл ажиллагаанд оролцож эхэлсэн. 2023 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс эхлээд л оролцсон. Энэ тэмцээнээр юу болсныг чөлөөт бөх сонирхогчид бол сайн санаж байгаа байх. Т.Тулгын барилдааны үеэр триконоос татсан гэсэн асуудал гарч ирсэн. Дасгалжуулагч челленж авсан ч шийдвэрийг хэвээр нь үлдээсэн. Дасгалжуулагчийн челленж авах шийдвэр буруу байсан. Тэр шийдвэрийн горыг хэн үүрсэн гээч. Шигшээ багийн албан ёсны дасгалжуулагч бид л үүрсэн. Дэлхийн аваргын дараа Красноярскийн олон улсын тэмцээнд оролцож байхад Монголд Чөлөөт бөхийн холбооны Удирдах зөвлөл хуралдаад Дэлхийн аваргын тэмцээнд муу оролцсон гээд хариуцлагын асуудал ярьсан байдаг юм. Хүний нутагт, баг тамирчдаа бэлдээд явж байхад дэлхийн аваргад муу оролцсон гээд Баяраа багш аа таныг ажлаас халж байна, Батзориг багш аа таныг ажлаас халж байна гээд мэдээ ирж байгаа юм. Яагаад халж байгаа юм гэхээр Дэлхийн аваргад муу оролцсон гэж байгаа юм. Тэгэхээр нь би бодож байгаа юм, ямар гээчийн тогтолцоотой болчихов доо манай чөлөөт бөхийн холбоо. Бидний бэлдсэн тамирчин ядраад, хялайгаад, мэх техник дутаад ялагдвал дасгалжуулагч бид хариуцлага хүлээхэд бэлэн. Хүлээх ч ёстой. Гэтэл дэвжээн дээр авч гарсан дасгалжуулагчийн буруу шийдвэрээр, буруу челленж авч эсрэг тамирчнаа амраагаад ялагдаж байхад бид яагаад хариуцлага хүлээдэг билээ?