"Орано"-той хийх хөрөнгө оруулалтын гэрээг угтан Цөмийн энергийн тухай хуульд орж буй өөрчлөлтүүд

Zuv.mn
2024/11/01

УИХ-ын намрын ээлжит чуулганы 2024.11.01-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцэх саналыг гаргасны дагуу Байнгын хороодын гаргасан санал дүгнэлтийг үндэслэн өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэн анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороодод шилжүүлсэн байна.

Хуульд орох өөрчлөлтүүд:

  • Цацраг идэвхт хаягдал, цөмийн түлшийг Монгол Улсын хилээр оруулах, дамжин өнгөрүүлэхийг хориглох,
  • Төрийн эзэмшлийн хувь хэмжээг Монгол Улсын эдийн засагт үр ашигтай байх хувилбараар Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал өөр, өөр хувилбараар тогтоож болохоор төсөлд тусгажээ. Тухайлбал бүтээгдэхүүн хуваах гэрээ, АМНАТ-ыг өсөн нэмэгдүүлэх гэх мэт, төрийн эзэмшлийн хувийг АМНАТ-өөр орлуулах гэх мэт хувилбарыг сонгох боломжтой, 
  • Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхай, үйлдвэрийн хаалт, нөхөн сэргээлт, хаалтын дараах засвар арчилгаанд зарцуулах мөнгөн хөрөнгийг төрийн дансанд байршуулах, холбогдох журмыг Засгийн газар батлах, хөрөнгө оруулалтын гэрээг 10 хүртэл жилийн хугацаатай байгуулахаар заасныг 20 хүртэлх жил болгон өөрчлөх,
  • Цацраг идэвхт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тухайн ураны хүдрийн баяжмалын борлуулалтын үнэлгээний 5.0 хувь байхаар тусгасан байна.
  • Улсын Их Хурал цацраг идэвхт ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг өөрөөр тогтоох тохиолдолд ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийг тухайн ордын онцлог, ашигт малтмалын зах зээлийн үнийн түвшинг харгалзан Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тогтоохоор төсөлд тусгажээ.

Хувь эзэмшлийг АМНАТ-өөр орлуулснаар Монгол Улс хувь эзэмшихгүй, харин олборлолт эхэлсэн өдрөөс өгөөж хүртэх нөхцөл бүрдэж байгаа юм. Рио Тинто компани Засгийн газартай Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг 2009 онд байгуулахдаа хувь эзэмшүүлж хариуцлага үүрүүлснийхээ дараа хөрөнгө оруулалтын хэмжээ, менежментийн зардлаа өсгөж, удаан хугацаанд ноогдол ашиг хүртэхгүй байхаар болгож байсан билээ. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.107
    2024/11/02

    1. Туршлага муу олон талаас харах дүгнэх чадвар муу тул маллуулна эсрэг тал нь мэргэшсэн дээрэмчид. 2. Олборлолт ашиглалтын байгаль орчинд нөлөөлөх хор хөнөөлийг хэн ч арилгаж дийлэхгүй! . 3. 4. 5. 6....... сөрөг муу талууд маш их байгаа. Даанч энэ гишүүд мөнгө ашиг гэж нэг талаас хараад байгаа.

    Хариулах
  • 66.181.189.248
    2024/11/01

    Яамай даа … Оюутолгойгоос гашуун сургамж авч алдаа гаргаснаа ухаарч ойлгох цаг ирж! Хувь эзэмшээд өрөнд орсон шүү! Дараа нь тэглээд улс орныхоо нэр хүндийг шавартай хутгасан! Ердөө л Бүтээгдэхүүн хувааж ав! АМНАТ-аа өсгө!

    Хариулах