Ц.Туваан: "Ганц мод-Гашуун сухайт"-ын төмөр зам ашиглалтад орсон бол бид 18.5 тэрбум ам.долларыг нэмж олох боломжтой байсан

Х.Есү
2024/11/29

"Ганц мод-Гашуун сухайт" боомтын төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой асуудлаар Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Туваанаас тодрууллаа. 

"Чайна Энержи" компанитай нэгдсэн шийдэлд хүрсэн үү?

-Монгол талаас ажлын хэсгийг миний бие ахалж байна. Хоёр ажлын хэсгийн уулзалтуудыг хийж, ойрын хугацаанд шийдвэр гаргахаар ажиллаж байна. Дан ганц төмөр замын хил холболт биш, нүүрс худалдах, худалдан авах гэрээ дээрээс нь уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх гэсэн гурван цогц асуудлыг шийдвэрлэх ийм асуудал бий.

Монгол Улсын Ерөнхий Сайдын Хятад улсад хийсэн айлчлал, Шанхай хамтын ажиллагааны байгууллагын хуралд явахдаа “Чайна Энержи” компанитай уулзсан уулзалтууд дээр тодорхой шийдлүүдийг гаргаж, энэ шийдлүүдийг тус компанийн зүгээс манай улсад албан бичиг байдлаар хүргүүлсэн. Хэлцэл нааштай явж байгаа гэж ойлгож болно.

Хоёр төмөр зам холбогдсон тохиолдолд жилдээ хэдий хэр хэмжээний нүүрс Монголоос экспортлох боломжтой гэж харж байгаа вэ?

-Энэ оны байдлаар гүйцэтгэл 80 сая орчим тонн нүүрс экспортолно гэсэн тооцоо бий. “Гашуунсухайт-Ганцмод”-ны боомтоор энэ нүүрсний ихэнхийг нь авто тээврээр хийж байгаа. Тэгэхээр хил холболт хийгдсэний дараа Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавчийн хил холболтууд хийгдсэнээр манай улс жилдээ 120 сая тонноос багагүй хэмжээний нүүрс экспортолно гэсэн тооцоо бий. Автотээврээр хамгийн ихдээ 85 сая тонн нүүрс экспортлох хүчин чадалтай.

 Гэрээ ямар шатандаа явж байна вэ, гацааж байгаа асуудал бий юу?

-Гурван асуудлын төмөр замын гэрээ бэлэн болчихсон. Хоёр дахь нүүрс худалдах, худалдан авах гэрээний драфт бэлтгэгдэж байна. “Эрдэнэс Тавантолгой”-н баруун зүүн цанхи одоогийн хүчин чадлаараа экспортлож буй нүүрснээсээ яаж ч дайчлаад илүүг гаргах боломжгүй байгаа. Иймд бид нээлттэй тендер зарлаж, шинээр хажуу талд нь Онч хараат, Бор толгой гэсэн өмнө нь судлагдсан байсан ордуудаа хүчин чадлаа нэмэгдүүлэх байдлаар ашиглалтад оруулж байж, илүү их экспорт хийх боломжтой болно.

Өргөн царигаас үүдэж манай улсад үүссэн алдагдсан боломж хичнээн төгрөгт хүрсэн бэ?

-2015 онд төмөр зам ашиглалтад орсон байсан бол энэ төмөр замаар 232 сая тонн нүүрс экспортлох байсан. 18.5 тэрбум ам.долларыг нэмж олох боломж бас бидэнд байжээ.

Хятадын тал алдагдсан боломжоос үүдэж хичнээн төгрөгийн алдагдал хүлээсэн бэ?

-Хятадын талаас алдагдсан боломжид 14 тэрбум юанийн алдагдал хүлээсэн. Ганцмод боомт хүртлээ барьсан 300 км төмөр замын зардал 7.2 тэрбум юань бөгөөд зам 10 жил ашиглаагүйн зардал 2,7 тэрбум юань. Боомтын терминал баригдаагүй дээр гэхэд 4 тэрбум юань буюу нийт 2.3 орчим тэрбум ам.долларыг алдагдсан болон алдагдах боломжид гарахаар тооцоо бий.

Гэрээ яг хэдийд батлагдах вэ, мөн хил холболтын бүтээн байгуулалтын ажил хэдийд дуусахаар төлөвлөж байгаа вэ?

-Төмөр замын хил холболтын бүтээн байгуулалтыг мега төслүүдийнхээ нэгдүгээрт эрэмбэлж байгаа. Тэгэхээр өндөр ач холбогдол өгч байгаа гэж ойлгож болно. Энэ ондоо багтааж гэрээ хэлэлцээр хийгдэж дуусгах тал дээр шуурхай ажиллаж байна. 

Гэрээ зурагдаад 2027 он гэхэд бүтээн байгуулалтууд хийгдэж дууссаны араас нүүрс болон ачаа тээврийн том гарц бий болно гэсэн үг" гэлээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.183.163
    2024/11/29

    Алдагдсан боломж гээд хятадыг хөөрөгдөөд байх хэрэггүй. Улс хоорондын болон компани хлорондын гэрээ хойшлогдож, цуцлагдаж л бдаг ш дээ. Туваан чи бизнес ухаантай байж үз. Эхний ээлжинд төмөр зам биш, яаж олон жилийн хугацаанд 20 саяас дээш тонн нүүрс жилдээ тогтмол олборлох болчихоод бгаа юм биш үү. Сайн эрэгцүүлж бод.

    Хариулах