ШУУРХАЙ: БНСУ дахь нөхцөл байдлын сүүлийн үеийн мэдээлэл

Zuv.mn
15 цаг 54 минутын өмнө

Парламентын ордны гадаа болж буй жагсаал

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ель улс орондоо дайны байдал зарлаж байгаагаа телевизийн шууд эфирээр мэдэгдэв.

Тэрбээр энэ үйлдлээ “Хойд Солонгосын коммунист хүчнээс улс орноо хамгаалах, дотоодод буй төрийн эсрэг элементүүдийг устгахад зайлшгүй шаардлагатай арга хэмжээ” гэж тайлбарласан.

Өнгөрсөн хавар болсон Парламентын сонгуулиас хойш Парламент төрийн 22 чухал албан тушаалтныг огцруулахыг завдсан бөгөөд сөрөг хүчин төсвөөс зайлшгүй шаардлагатай зарлагуудыг танахыг шаардаж байгаа нь төрийн эсрэг ажиллагаа гэж тэрбээр мэдэгдэлдээ мөн дурджээ. Тэрбээр энэ талаар дурдахдаа өөрийг нь огцруулах оролдлого мөн гарсныг дурдалгүй өнгөрсөн байна. Түүний дурдсан 22 албан тушаалтан гэдэгт Ерөнхий прокурор, Батлан хамгаалахын сайд зэрэг байгаа нь Ерөнхийлөгчийн шууд томилгооны хүмүүс байсан байж магадгүй бололтой. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн саруудад Ерөнхийлөгч болон түүний хүмүүс рүү чиглэсэн дайралтууд явсныг Ерөнхийлөгч Юн Сог Ель төрийн эсрэг үйл ажиллагаа гэж үзэж байж болзошгүй.  

Түүний мэдэгдлийг эрх баригч болон сөрөг хүчний нам аль, аль нь үгүйсгэсэн нь анхаарал татаж байна. Парламентад олонхийг бүрдүүлэгч Солонгосын Ардчилсан намын дарга Ли Же Мен энэ үйлдлийг Үндсэн хууль зөрсөн гэж үзсэн бол Ерөнхийлөгчийн харъяалагддаг Ард түмний хүч намын дарга Хан Дон Хун “Буруу шийдвэр” хэмээн нэрлэж, хориг тавина гэжээ.

Дайны байдал зарлах нь төрийн эрх мэдэл цэргийнхний мэдэлд очиж, энгийн иргэдийн эрхийг түдгэлзүүлнэ гэсэн үг. Энэ үед улс төрийн үйл ажиллагаа явуулахыг хуулиар хориглосон ч Үндэсний хурлын гишүүд хуралдахаар Парламентын ордонд цугларч, улмаар Дайны байдал зарласныг хориглосон шийдвэр гаргасан гэсэн мэдээлэл байна.

Үүний өмнө Парламентын ордныг цэргийнхэн хяналтдаа авч, цэргүүд бүсэлсэн гэсэн мэдээлэл цацагдсан. Гишүүд хэрхэн ордон руу нэвтэрч, хурлаа хийж санал хураасан талаар дэлгэрэнгүй мэдээлэл алга байна.

Түүнчлэн, БНСУ-ын Сангийн сайд мөн яаралтай хуралдаан зарлаж, түүнд нь Төв банкны ерөнхийлөгч зэрэг улс орны санхүүгийн гол байгууллагын дарга нар оролцож байгаа аж. 

Түүнчлэн, дайны байдал зарласныг эсэргүүцсэн жагсаал Парламентын ордны гадаа болж байгаа  гэсэн мэдээлэл байна. Энэ бол цэргийнхэн энгийн иргэдийн хооронд мөргөлдөөн гарч болзошгүй эгзэгтэй нөхцөл байдал бий болсон гэсэн үг юм. 

БНСУ-д 1979 онд тухайн үед дарангуйлагч гэгдэж асан Ерөнхийлөгч Пак Жон Хиг алагдсаны дараа хамгийн сүүлд дайны байдал зарлаж байжээ. Бид БНСУ дахь нөхцөл байдлын талаар цааш үргэлжлүүлэн мэдээлэх болно.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна