Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтаас буух ААН-үүд 14 мега төсөл дээр ажиллана

Х.Батсайхан
2024/12/05

Цар тахлын үед дэлхий нийтээрээ стагфляци гэдэг аюулын талаар ярьж, бичиж байлаа. Эдийн засгийн зогсонги байдал, өндөр инфляци давхцах үзэгдлийг энэ үгээр илэрхийлдэг. Тогтсон ойлголтоор бол эдийн засаг идэвхтэй буюу эрэлт ихсэх үед инфляци өсдөг. Эсрэгээрээ эдийн засгийн идэвхжил сул үед эрэлт багасч, инфляци буурдаг. Дээрх хоёр тохиолдолд мөнгөний бодлогыг чангаруулж инфляцийг бууруулах, эдийн засгийг тэлэх, идэвхжүүлэх замаар зохицуулалт хийж болдог. Харин стагфляци бол эдийн засгийн идэвхжил сул үед инфляц үүсэх онцгой үзэгдэл, үнийн өсөлтийг хязгаарлах арга хэмжээнүүд ажилгүйдлийг нэмэгдүүлж, эсрэгээрээ эдийн засгийг дэмжих алхам нь инфляцыг улам өсгөх тул төвөгтэй байдал үүсдэг байна.

Цар тахалд нэрвэгдсэн улс орнуудад үйлдвэрлэл зогсонги байдалд орсон ч иргэдийг орлоготой байлгах үүднээс эдийн засагтаа мөнгө хийсээр ийм нөхцөл байдлыг үүсгэж орхисон юм.

Глобаль шинжтэй болж ирсэн энэ аюулыг улс орнууд ажлын байр нэмэгдүүлэх замаар гэтлэх шийдэл гаргасан бөгөөд олон хүнийг ажлын байраар хангах том төслүүдийг олноор эхлүүлсэн юм.

Түймрийн өдөөс цурам тавихтэй зүйрлэж болохоор энэ аргыг манайх ч хэрэгжүүлсэн. Нөхцөл байдлын хувьд бидэнд бусдаас дээрдэх юм байгаагүй. Хавар, зуны заагаар цалин хөлс нэмэгдүүлэх асуудал хурцаар тавигдаж, улмаар хэрэгжсэн. Энэ нэмэгдэл 2025 оны төсөв дээр орж ирснийг уншигчид мэдэж байгаа. Үүн дээр стагфляцийн эмчилгээ “Мянган зам II” буюу аймгуудын төвийг хатуу хучилттай замаар холбох төсөл, эрчим хүчний төслүүд, 14 мега төсөлд хуваарилсан хөрөнгө оруулалт нэмэгдсэнээр түүхэнд хамгийн өндөр дүнтэй төсөв болчихсон.

Гэхдээ ийм арга хэмжээ авахаас аргагүй өөр нэг шалтгаан байсан нь Оюутолгойтой холбоотой. Ирэх хавар Монголын хүний нөөцийн зах зээлд маш сонин нэг үзэгдэл болно. Тодруулбал, Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт дуусаж, 20,000 орчим хүн нэгэн зэрэг ажилгүй болно.

“Оюутолгой” бол ХОГ гэрээ зурагдсан 2009 оноос хойш уул уурхайн гэхээсээ бүтээн байгуулалтын төсөл байж ирсэн. 15 жилийн хугацаанд 19 тэрбум ам.доллар буюу жилд 1-2 тэрбум ам.долларыг эдийн засагт оржулж, тэрүүгээр нь бид тэжээгдэж байлаа.

Энэ төслийн бүтээн байгуулалт зогссоноор дэлхийн хэмжээний бүтээн байгуулалтад оролцож бэлтгэгдсэн боловсон хүчнээ хэрхэн ашиглах вэ гэдэг менежментийг хийх зайлшгүй шаардлага Засгийн газарт тулгарсан.

Оюутолгой төсөл дээрх Монгол ажилчид бол Засгийн газрын ойрын ирээдүйд бэлтгэж чадахааргүй, мэдлэг, хөдөлмөр хамгаалал, ажлын арга барилыг эзэмшсэн чадварлаг ур чадвар бүрэлдсэн боловсон хүчин гэдэгтэй маргах зүйлгүй. Энэ боловсон хүчний нөөцийг үр ашиггүй ажилгүйчүүдийн эгнээнд шилжүүлж болохгүй. 14 мега төслийг хэрэгжүүлснээр энэ асуудал үндсэндээ шийдэгдэж байгаа юм.

14 мега төслийн бий болгох ажлын байр /Бүтээн байгуулалтын явцад болон цаашид тогтмол байх ажлын байр/

Газрын тос боловсруулах үйлдвэр- 6000/600

Дархан ҮТП, гангийн үйлдвэр- 1580/1274

Эгийн голын УЦС- 3000/150

Эрдэнэбүрэн УЦС- 800-1000/60-80

 Мега төслүүдийн ихэнх нь төсвөөс багахан хэмжээний зардал гаргаж, гаднын зээл, хөрөнгө оруулалтаар шийдэгдэх ёстой. Энэ нь үндсэндээ Оюутолгойн бүтээн байгуулалтад жил бүр орж ирдэг байсан хөрөнгө оруулалтыг 2028 он хүртэл барина гэсэн үг. Түүнээс хойш мега төслүүд хэрэгжээд дуусчих тул эдийн засгийн өсөлт хувийн хэвшлээс илүү хамааралтай болох зам руугаа эргэлт буцалтгүй орно гэж харж байна. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.178
    2024/12/05

    Далд уурхайн ажил дуусаж байгаа юм бол дараагийн хөдөлмөрийн фронтоо бэлдэх нь зөв шүү.

    Хариулах