Улсын төсвийг дахин өргөн барихад ганцхан төслийн санхүүжилт нэмсэн нь Хавдрын шинэ эмнэлгийн дэд бүтцэд зарцуулах 7.9 тэрбум төгрөг байсан. Төсөв тавигдсанаар иргэд чих тавин хүлээж буй энэ төсөл хөдлөх нь тодорхой болсон гэж хэлж болно.
Тэгвэл үүнтэй зэрэгцээд Хавдар судлалын үндэсний төвийн хашаанд үйл ажиллагаа явуулж байгаа 4-р эмнэлгийг худалдан авж, Хавдрын зориулалтаар үйл ажиллагаа явуулах асуудал яригдаж эхэлсэн.
Тус эмнэлэг нь УИХ-ын гишүүн асан М.Билэгтийнх бөгөөд 2017 онд Хөгжлийн банкнаас 36 тэрбум төгрөгийн зээл авч, тус эмнэлгийг байгуулж байж ээ. Авсан зээлээ төлж байтал цар тахлын хүнд нөхцөл үүсч, өр төлбөрөө төлж чадалгүй өдийг хүрсэн гэгддэг. Эцэст нь зээлээ төлж чадалгүй явсаар Шүүхийн шийдвэрийн дагуу Хөгжлийн банкны мэдэлд шилжсэн байдаг.
Дөрөвдүгээр эмнэлэг нь 2019 онд ашиглалтад орж байсан бөгөөд Япон стандартаар баригдсан гэдэг. Зай талбай ихтэй ч орны тоо харьцангуй цөөн, ашиглалтын зардал их гэх шүүмжлэл бий.
Анх төр буюу Хөгжлийн банк 36 тэрбум төгрөг зээлсэн. Одоо 88.9 тэрбумаар үнэлэгдэж байгаа тус эмнэлэг Хөгжлийн банкны мэдэлд шилжсэн. Энэ утгаараа тус эмнэлгийг төр худалдан авч, хавдрын эмнэлгийн зориулалтаар ашиглах нь зөв шийдэл байж болох юм.
Хавдрын шинэ эмнэлэг. Ашиглалтад ороход 4-5 жил шаардлагатай
Хавдрын өвчлөл нэмэгдэж, манай улс элэг, ходоод, улаан хоолойн хорт хавдраар дэлхийд тэргүүлж байна. Хавдраар шаналж буй үй олон иргэд хамаг байдгаа зараад, ард түмнээсээ хандив гуйн гадаадад эмчлүүлдэг жишиг тогтоод удаж байна. Гэтэл манай улс ганцхан эмнэлэгтэй, тэнд нь өвчтөнүүд нь ч багтахгүй, эмчилгээ ч авч чадахгүй олон жилийг үдэж байна. Жил бүр 7000 гаруй хүн хавдраар оношлогддог, 4500 хүн нас бардаг гэх тооцоо бий.
Энэ тоо нэмэгдсээр байхад төр засгаас цаг алдалгүй арга хэмжээ авах хэрэгцээ шаардлага гараад байна. Бэлэн байгаа эмнэлгийн барилгыг Хөгжлийн банкаас хямдхан авч орны тоо, үйлчилгээний хүчин чадлаа нэмэгдүүлэхэд яагаад анхаарч болохгүй гэж.
Ганц эмнэлэг төрд авлаа гээд Монголын хорт хавдрын асуудал бүрэн шийдэгдчихгүй. "Хавдар-2" төсөл явдгаараа явна. Аль 2020 оны ЗГ-ын мөрийн хөтөлбөрт тусч байсан ч зураг төсөвгүй гэх шалтгаанаар хойшилсоор байсан энэ төсөл дээр ашгүй 7.9 тэрбум төгрөг дэд бүтэцэд нь төсөвлөгдсөн. Гэсэн ч 450-500 тэрбум төгрөг шаардлагатайгаас гадна бид дор хаяж 4-5 жил хүлээх шаардлагатай.
Хэдэн мянгаараа хавдраар өвчилж, хэдэн мянгаараа хавдрын улмаас амь насаа алдаж, хэдэн зуугаараа хамаг байдгаа шавхаад гадаадад эмчлүүлж байхад Монгол төр арга хэмжээ авахгүй байсаар өдийг хүрсэн. Төрд богино, дунд, урт хугацааны бодлого гэж байдаг.
Богино хугацааны шийдэл нь Дөрөвдүгээр эмнэлгийг төрд авах, Дунд хугацааны шийдэл нь "Хавдар-2" төсөл. Харин урт хугацааны бодлого нь хүн амынхаа эрүүл мэнд, эрүүл хэвшил, урдчилан сэргийлдэг болгоход анхаарах юм.
Мэдээж үнийн дүнг зөв тооцох хэрэгтэй. 88.9 тэрбум гэдэг дүн өндөр байгаа талаар олон улс төрчид байр сууриа илэрхийлж байгаа ч энэ асуудлаа хэлэлцэж шийдээд нэг ч гэсэн хүний амь аврах хэрэгтэй байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
59.153.115.251
Зориулалтын зузаан ханатай барилга бүхий шинэ эмнэлэг нь зүгээрдээ.
Хариулах