Гадаад ажилчдыг олноор нь оруулж ирэх хууль уу, ажиллах хүчний хомстлыг шийдэх ШИЙДЭЛ үү

С.Гандэлгэр
4 цаг 45 минутын өмнө

"Утааны асуудал" салхинд туугдаж, “Үй олон Хятадууд орж ирэх гэж байна уу" гэдэг асуудал монголчуудын хамгийн анхаарал татаж байгаа сэдэв нь болоод байна. Учир нь өчигдөр УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл, Э.Бат-Амгалан, Ж.Алдаржавхлан, Н.Алтаншагай нарын гишүүд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоонд хувь хэмжээ тогтоохгүй байх, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай хуулийн төслийг санаачлан УИХ-аар хэлэлцүүлэхээр өргөн барилаа.

Өргөн баригдсан даруйдаа олны шүүмжлэлийг дагуулж, Гадаад иргэд, тэр дундаа Хятад иргэд үй олноороо Монголд орж ирэх гэж байна, эх орноосоо урвах гэмт хэрэг үйлдлээ гэх мэтээр шуугицгаалаа.

За тэгвэл үнэхээр Хятад иргэд хэдэн зуун мянгаараа орж ирэх хуулийн төсөл санаачилчихав уу? Эсхүл ажиллах хүчин оруулж ирэх зорилготой хууль уу гэдгийг, зөв үү буруу юу гэдгийг та бүхэнд тайлбарлаж өгье.

2010 онд батлагдсан Гадаад иргэний эрх зүйн байдлын тухай хууль дээр цагаан дээр хараар Монгол Улсад оршин суух боломжтой гадаад иргэдийн тоо болон цагаачлах иргэдийн тоог хязгаарлаж өгсөн байдаг.

Тодруулбал, Гадаад иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 4-т "Монгол Улсын нутаг дэвсгэрт хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэдийн тоо нь Монгол Улсын харьяат хүн амын гурван хувь, үүний дотор нэг улсын иргэн нэг хувь хүртэл байж болно" гэжээ. 

Манай улс 3.5 сая хүн амтай гэж тооцвол 105 мянган гадаад иргэн Монгол Улсад оршин суух боломжтой. Үүнийх нь 35 мянгыг Хятад иргэд эзлэх боломжтой гэсэн үг. Байнга оршин суух зөвшөөрөлтэй иргэд, Монгол Улсаар дайран өнгөрч байгаа, аялж жуулчилж байгаа, ажил хөдөлмөр эрхэлж байгаа гаднын иргэд бүгд нийлээд 105,000-аас илүү гарч болохгүй гэсэн үг. 

Мөн тус хуулийн 29-р зүйлийн 5-д "Монгол Улсад цагаачлан амьдрах оршин суух гадаадын иргэдийн тоог Монгол Улсын хүн амын 0.5 хувь, үүний дотор нэг улсын иргэн 0.17 хувь хүртэл байж болно" гэж заажээ.

Энэ хууль хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа учраас үүнийг өөрчлөөгүй цагт үй олноороо гадаад иргэд орж ирэх ямар ч боломжгүй гэсэн үг. Эдгээр гишүүдийн өргөн барьсан хуулийн төсөлд ч энэ хязгаарыг хөндсөн зүйл байхгүй гэсэн.

Энэ оны хоёрдугаар улирлын байдлаар, Монгол Улсад 15,600 гадаад иргэн хөдөлмөр эрхэлж байна. Үүний 71.1 хувь нь БНХАУ-ын харъяат иргэд байжээ. Хуульд заасан дээд хязгаартаа хүрээгүй гэсэн үг. Түүнчлэн гадаад ажилтны ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх квот заадаг байхад томоохон компаниуд нь хуваагаад авчихдаг, квотоо авсан том компаниуд нь төлбөрөө хөнгөлүүлчихдэг учраас жижиг ААН-үүдэд ямар ч ашиггүй байжээ.

Сүүлд 2023 оны Засгийн газрын 360 дугаар тогтоолоор уул уурхай, мэдээлэл холбоо зэрэг таван салбараас бусад салбарт гадаад ажилтны тоонд хязгаарлалт тогтоохгүй байх тогтоол гарсан байдаг.

Харин өргөн баригдсан хуулийн төслийн гол концепц нь Уул уурхай, газрын тосны салбараас бусад салбарын гадаад ажилтанд хязгаарлалтгүй болгож, ажлын байрны төлбөргүй болгох юм.

Гадаад ажилтны ажлын байрны төлбөрийн хувьд манай улс өндөртөө ордог. Манайд нэг гадаад ажилтан жил ажиллуулахад 15.6 сая төгрөг төлдөг бол Австрали улс 1200-1800 австрали доллар буюу 2.6-3.9 сая төгрөг байдаг жишээтэй. Харин Камбожид 130 ам.доллар буюу 440,000 төгрөг төлдөг байна.

Хуулийн бас нэг онцлог нь, оруулж ирсэн гадаад иргэнээ цаг хугацаанд нь гаргаагүй, хууль зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцох асуудлыг тодорхой болгож өгсөн. Тодруулбал, Зөрчлийн тухай хуульд оруулахаар заажээ. Ямар хариуцлага хүлээлгэх вэ гэвэл гадаад ажилтантай холбоотой асуудлаар хууль зөрчсөн бол хувь хүн ажиллах хүчин 250-20000 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль, ажлын байрны төлбөрийг нөхөн төлүүлэх байдлаар зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл гадаад ажилтан ажиллуулж байгаа компани хууль зөрчсөн тохиолдолд 20 хүртлэх сая төгрөгийн торгууль төлөх юм.

Ямартай ч олон нийтийн дургүйцлийг төрүүлээд байгаа энэ хуулийн төсөл Үндэсний аюулгүй байдалд ноцтой нөлөөлөх, олон зуун мянган гадаад иргэнийг монголд нутагшуулах асуудлыг хөндөөгүй гэж болохоор байна. Гадаадаас ажиллах хүчин авах нь одоо тулгамдаад байгаа ажиллах хүчний хомстлыг нөхөж, мэргэжлийн ур чадвараас нь суралцах, жижиг дунд АНН-үүдэд өсөлт авчрах, эдийн засгийн өсөлтөд хөтлөх зэрэг сайн талуудтай. 

Мэдээж, түүнээс өмнө айлаас эрэхээр авдраа ухах нь зүйн хэрэг. Ажил идэвхтэй хайж байгаа олон мянган хөдөлмөрийн насны иргэдийг эхний ээлжинд ажлын байраар хангахгүй бол тэднийг гадаад ажилтнуудаар сольчих магадлал ч бий гэдгийг санах хэрэгтэй.

Монголд хууль гэж байдаг бол Монгол улсад дээд тал нь 105 мянган иргэн байнгын оршин суух боломжтой. Хятад иргэдийн монголд байх дээд хэмжээ нь 35 мянга. Тэгэхээр хэдэн зуун мянган гадаад тэр дундаа хятадууд ороод ирчихнэ гэж айх шаардлагагүй.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна