УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Ж.Алдаржавхлан, Н.Алтаншагай, Э.Бат-Амгалан, Н.Батсүмбэрэл нар "Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх, гадаад ажилтны ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай" хуулийн төслийг өргөн барьсан.
Маргаан дагуулаад буй уг хуулийн төсөл Монголын хөрсөн лээр хэрхэн буух, ач холбогдол, үр дагаварын талаар УИХ-ын гишүүдийн байр суурийг хүргэж байгаа билээ.
Энэ хүрээнд УИХ-ын гишүүн С.Эрдэнэбатаас дээрх хуулийн төслийн талаархи байр суурийг нь тодрууллаа.
- Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх, гадаад ажилтны ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай хуулийн төслийг нэр бүхий гишүүд өргөн барилаа. Та уг хуулийн төсөл ямар байр суурьтай байна вэ?
-Миний хувьд хуулийн төслөөс хоёр зүйлийг л онцолж харсан. Тоо хэмжээг заахаа болъё, төлбөрөөс чөлөөлье гэж оруулж ирж байгаа нь Монгол ажилтнуудын дархлаа, үндэсний ажиллах хүчний тогтвор суурьшил, эрх ашигт сөргөөр нөлөөлөх вий гэдэг дээр байр сууриа илэрхийлсэн.
Засгийн газраас өргөн барьж байгаа хуулинд дээрх заалтууд байхгүй байна лээ. Тухайн үеийн нөхцөл байдалдаа тааруулаад хөнгөлж, чөлөөлөх асуудлаа тавина гэсэн байна. Харин дээрх хуулийн төсөлд ажлын байрны төлбөрийг хоёр дахин бууруулна гээд тавьсан байна лээ.
Тухайлбал, гадаадад ажиллаж байгаа өндөр цалинтай хүн олон бий. 40, 50 сая төгрөгийн цалинтай. Гэтэл ердөө 600.000 төгрөгийн цалингийн татвар төлөх нь юу ч болохгүй. Зүйрлэж хэлбэл бүх импортын барааг татваргүй, хэмжээ хязгааргүй оруулаад ирье гэж байгаатай ижил сонсогдож байна.
Ингэсэн тохиолдолд үндэсний компаниуд маань дампуурдаг шүү дээ. Гишүүдийн өргөн барьж буй хууль дээр “Хятадууд хэмжээ хязгааргүй орж ирэх нь” гэж шүүмжилж байгаа нь дэгсдүүлсэн байж магадгүй. Энэ бол зохих тоогоор хязгаарлагдана. Монгол Улс дээд тал 100.000 иргэнийг л оршин суух боломжоор хангах боломжтой.
Гадаадын иргэд Монголд яах гэж ирдэг вэ гэвэл ажил хийх гэж л ирдэг. Тийм учраас гадаадын иргэн оруулж ирэх шаардлагатай салбарууд байна. Шаардлагагүй салбарууд ч байна. Хууль өргөн барьсан гишүүдийн ихэнх нь дүүргийн Засаг дарга байсан, аж ахуйн ажил мэдэх хүмүүс байна лээ.
Зарим төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэхээр ажиллах хүч олддоггүй, байдаггүй асуудал бий. Тэр утгаараа жижиг дунд аж ахуй эрхлэгчид ажиллах хүч олдохгүй байна гэсэн зовлон бэрхшээлийг ойлгодог гишүүд өргөн барьсан болов уу гэж ойлгосон. Гэхдээ юмыг нэг талаас нь харах нь өрөөсгөл.
Миний хувьд хөдөлмөрийн эдийн засагч. Энэ салбарын бодлогыг 10 гаруй жил тодорхойлолцож ажилласны хувьд харахад хоёр жилийн хугацаатай гэж байгаа ч соёлын ялгаатай байдал гарч ирнэ. Наад зах нь автомашин засварын вьетнамчууд ажлаа монголчуудад зааж өгөөд байгаа юм харагдахгүй байна.
Тэгэхээр хэмжээ хязгаартай, нөөцтэй, нөхцөлтэйгөөр оруулж ирэх нь зөв. Би 10 жилийн өмнө хэлж байна. Нэг Вьетнам засварчинд хоёр Монгол залууг дагуулъя. Сайн сургаж өгвөл тэр хүнийг ажлын байрны төлбөрөөс чөлөөл, дээрээс нь ажиллах виеийг нь сунгаж өгөх.
-Тэгэхээр таны хувьд хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоох нь зөв гэж харж байгаа юм байна, тийм үү?
-Тоо зааж, квот тогтоож өгөх нь зөв. Тэгэхгүй бол нэг салбарт бөөнөөрөө ороод ирвэл яах вэ. Үүн дээр төрийн тодорхой бодлого байх ёстой. Одоогийн хуулинд ажиллах хугацааг таван жил хүртлэх хугацаагаар сунгаж болохоор байгаа.
Төлбөрөөс 100 хувь чөлөөлөх ч боломж байгаа. УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн том компаниуд Засгийн газарт авлига өгөөд байгаа гэдэг асуудлыг би мэдэхгүй. Тийм асуудал байвал Авлигатай тэмцэх газарт шалгуулах ёстой. Нөгөө талдаа жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид энэ боломжийг эдэлж чадахгүй байгаа нь бас үнэн.
Тийм учраас энэ хуулийг өргөн барьж байгаа бол тал талаас яриад шийдье. Түүнээс хэт тулширч асуудалд хандаж болохгүй. Хэт бизнесийн талаас, хэт төрийн талаас харж болохгүй. Өнгөрсөн хугацаанд 10 гаруй салбарт хэмжээ хязгаар, тоог чөлөөлсөн байгаа. Тэгээд ч хүн орж ирэхгүй байна.
Гол асуудал нь манай улсын хөдөлмөрийн үнэлэмж бага байгаатай холбоотой. Нөгөө орж ирдэг байсан хятадуудын цалин өсөөд өндөр болчихсон. Энэ нөхцөлд халуун орны иргэд авчрах гэхээр өвөл нь буцаад явчихдаг гээд олон асуудал бий.
Гадаадад байгаа 200 мянга гаруй Монголчууд байна. Жинхэнэ эксперт болчихсон хүмүүс байна. Энэ хүмүүсээ нааш татах ажлыг хамт хийе гэж байгаа юм. Тэгэхээр дундын хувилбарыг олон талаас нь ярьж шийдэж гаргах ёстой.
-Ер нь энэ хуулийн төслийг хэлэлцэх шаардлага бий эсэх дээр шүүмжлэх хүн олон байна?
-Хэлэлцэх шаардлагатай. Харин тоогүй, хэмжээ хязгааргүй гэвэл би хувьдаа дэмжихгүй. Өнөөдөр Монгол Улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 200 доллар байгаа. Үүн дээр хүмүүс ирж ажиллахгүй. Харин ч Монголчууд гадагшаа яваад байна.
-Хууль батлагдвал хятадууд үй олноороо орж ирнэ гэсэн болгоомжлол байна?
-Хятадуудын дундаж цалин өссөн. Харин ч бүр зарим үйлдвэрүүд нь Монгол ажилтан авъя гэж байна. Дахин хэлэхэд хэмжээ, хязгаартайгаар авах зөв
Мөн Монголд нэг ажил хийгээд болохгүй байгаа бол хоёр ажил хийх боломжоор хангаж өгье л дөө. Солонгост хоёр ажил хийдэг шүү дээ. Нэг ажилтнаа цагаар нь барьж суучихаад цалингаа ч олигтой ч өгч чадахгүй байна. Асуудлыг олон талаас нь харж шийдэх ёстой.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна