МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Л.Төр-Од Санхүүгийн зохицуулах хорооны хяналтын зөвлөлийн гишүүнд нэр дэвшжээ

Zuv.mn
17 цаг 49 минутын өмнө

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр (2024.12.27) гишүүдийн 54.5 хувийн ирцтэй хуралдаж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Эхлээд Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж, энэ талаар Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар танилцуулав.

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.6 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн Хууль зүйн байнгын хорооны 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 08 дугаар тогтоолыг баталж, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн бүртгэлийг олон нийтэд 14 хоногийн хугацаанд зарласан юм. Бүртгэлийн хугацаанд 4 хүн тус албан тушаалд нэр дэвших хүсэлт, материалаа ирүүлснийг танилцуулаад 2 нэр дэвшигчийг сонсголд оруулахаар санал хураалтаар шийдвэрлэнэ гэв.


Үргэлжлүүлэн тэрбээр нэр дэвшигчид тавих болзол шаардлагыг дэлгэрэнгүй танилцуулаад нэр дэвшихээр бүртгүүлсэн 4 иргэн эдгээрийг бүрэн хангаж байгаа гэв. Нэр дэвшигчдийг бүртгүүлсэн дарааллаар нь Байнгын хорооны хуралдаанд нэгбүрчлэн танилцууллаа. Ч.Сайнбилиг нь 1993-1994 онд МУИС-ийн Эдийн засгийн дээд сургуулийг төгссөн, эдийн засагч мэргэжилтэй. 2006-2008 онд Калифорнийн их сургуульд магистрын зэрэг хамгаалжээ. 1997-2008 онд “Монгол шуудан” банканд дилер, 2013-2016 онд “Хадгаламж даатгал” корпорацын дэд захирал, 2014-2022 онд “Тээвэр хөгжлийн банк”-ны санхүү эрхэлсэн захирлаар ажиллаж байсан байна.

Хүсэлт, материалаа ирүүлсэн хоёр дахь хүн нь Л.Төр-Од хэмээн Байнгын хорооны дарга танилцуулаад “1992-1997 онд Энэтхэг Улсын Хууль зүйн их сургуулийг эдийн засаг, улс төрийн бакалавр, 2005-2006 онд Лондонгийн их сургуульд Дорно дахин, Африк судлалын хууль зүйн магистрын зэрэг хамгаалж, 2008 оноос МУИС-ийн Хууль зүйн сургуулийн докторант” гэв. 1997-1999 онд Хууль зүйн яаманд Хууль, төсөл боловсруулах хэлтэст мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, 1999-2005 онд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын Засаглалын хөтөлбөрийн удирдагч, шинжээч, референт, 2005-2011 онд “Хас” банк, “Тэнгэр” санхүүгийн нэгдлийн Лондон дахь төлөөлөгч, зөвлөх, Тамгын газрын захирал, Хууль зүй, хянан нийцүүлэх газрын захирал, Гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн нарийн бичгийн дарга, Монголын эдийн засгийн форумын зохицуулагч, ерөнхий захирал, 2012 онд Монголын банкны холбооны зөвлөх, гүйцэтгэх захирал бөгөөд Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаал хашиж байсан байна. Мөн 2012 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Ерөнхий сайдын ажлын албанд Ерөнхий сайдын зөвлөх, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хууль зүйн яам, Хууль зүйн асуудал хариуцсан шадар туслах бөгөөд Хууль зүйн сайдын зөвлөх, 2014- 2017 онд Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн Ерөнхийлөгчөөс томилсон гишүүн, дарга, 2016-2018 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын НИТХ, Нийсэлийн Засаг даргын зөвлөх, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргын зөвлөхөөр ажиллаж байжээ. 2017-2019 онд Олон улсын Нээлттэй засаг түншлэлийн олон улсын удирдах зөвлөлийн гишүүн бөгөөд Ази, Номхон далайн бүс нутгийн төлөөлөгч, 2019 онд АСЕМ, Ази, Европын ард түмний форум олон улсын зохион байгуулах хорооны байнгын гишүүн, 2020-2024 онд “Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө” монополын эсрэг газрын Засгийн газраас томилсон гишүүн, 2021-2027 онд Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн Улсын Их Хурлаас томилсон гишүүн, 2024 оны 4 дүгээр сараас 2024 оны 11 дүгээр сард Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Ерөнхий сайдын ажлын албанд Ерөнхий сайдын авлигын эсрэг бодлого хариуцсан зөвлөх, 2024 оны 11 дүгээр сараас Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын УЗ-ийн дарга бөгөөд Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа аж. Удаах хүсэлт, материалаа ирүүлсэн иргэн З.Баянмөнх нь 1999-2004 онд ШУТИС-ийг бизнесийн удирдлагаар төгссөн, 2019-2021 онд Япон Улсын Сайтамагийн их сургуульд эдийн засгийн магистрын зэрэг хамгаалсан. 2005-2006 онд Сангийн яаманд Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газарт мэргэжилтэн, 2006-2009 онд Сангийн яаманд Төрийн захиргаа, удирдлагын газарт мэргэжилтэн, 2009-2012 онд Сангийн яаманд Дотоод аудит, хяналт шинжилгээ, үнэлгээний газарт ахлах мэргэжилтэн, 2012-2021 онд Төрийн захиргаа, удирдлагын газарт ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан байна.

Нэр дэвших хүсэлт, материалаа С.Халиунаа ирүүлсэн байна.  Тэрбээр 2001-2005 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйчээр төгссөн, 2020 онд Кардифф Метрополитан Юниверсити, бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалжээ. 2014 онд Хүүхдийн төлөө үндэсний газар, 2014-2016 онд АПУ компанийн хуулийн зөвлөх, 2016-2020 онд “Ард” санхүүгийн нэгдэл ХХК-ийн Комплайнс хариуцсан захирал, 2021 оноос “Гранд Лекс Партнерс” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа гэлээ.

Ийнхүү танилцуулаад, нэр дэвших хүсэлт, материалаа ирүүлсэн дарааллын дагуу санал хураалт явуулан шийдвэрлэхэд Ч.Сайнбилигийг нэр дэвшүүлэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 61 хувь, С.Халиунааг нэр дэвшүүлэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 69.2 хувь нь дэмжсэн.


Хуралдаанаар үргэлжлүүлэн “Нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагч сонгох, сонсголын бэлтгэх хангахтай холбоотой дэг батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Төслийн талаар Байнгын хорооны дарга танилцуулсан. Төсөлтэй холбогдуулан асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 69.2 хувь нь дэмжин баталлаа.

Байнгын хорооны тус тогтоолд холбогдох хууль тогтоомжийг үндэслэн Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчидтэй хийх томилгооны сонсголыг 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр зохион байгуулахаар, тус нэр дэвшигчийн сонсголын даргалагчаар Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатарыг сонгохоор тусгажээ. Түүнчлэн 2025 оны  01 дүгээр сарын 13-ны өдрийн 15:00 цаг хүртэл нэр дэвшигчээс асуулт асуух, саналыг цахимаар болон шуудангаар хүлээн авах, сонсголд оролцох, ажиглах иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийг хүлээн авахаар болов



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна