2024 оноос онцлох таван үйл явдал

Zuv.mn
2024/12/31

Улирч буй 2024 он дуулиан шуугиан ихтэй, өрнүүн байсаар шувтарч байна. “Сайн муугаар сав дүүрдэг” гэгчээр, монголчууд бид бүгдээрээ нийлээд сайн ч, саар ч үйл явдал, үр дагавар олныг үлдээсээр нэгэн оныг үдлээ.

Үйл явдал ихтэй жилээс Зөв.мн тавыг сонгон онцоллоо. Сонгохдоо бүтэн жилийг эргүүлэн сануулахыг зорьсонгүй, тогтолцооны шинжтэй буюу цаашид Монгол Улс, монголчуудын амьдралыг ихэд өөрчлөх, үр дагавар томтой байх шалгуурыг голчлов.

Гурван жил бэлдсэн сонгууль

Монголчууд улирч буй 2024 онд томсгосон тойрог, холимог тогтолцоогоор УИХ-ын сонгуулиа зохион байгууллаа. Үр дүнд нь 126 гишүүн бүхий, нийгмийн салбар бүрийн төлөөлөөс бүрдсэн Парламенттай болов. Гол нь, сүүлийн гурван жил Үндсэн хуулиа өөрчлөн байж зүтгүүлсэн ардчилал, түүний хамгийн тод илэрхийлэл болсон Парламентын засаглалыг эргэлт буцалтгүй сонголоо.

Сонгуулийн холимог тогтолцооны үед нэг нам үнэмлэхүй олонхийг бүрдүүлэх боломж бараг байдаггүй тул одоо Үндсэн хуулийн өндөр босгыг /Нийт гишүүдийн 2/3-оос дээш/-давж Ерөнхийлөгчийн засаглалд шилжих боломж бараг байхгүй. 2024 оны сонгуулийн дүн ч үүнийг баталж, таван намын төлөөлөл бүхий /МАН 68, АН 42, ХҮН 8, ИЗНН 4, ҮЭ 4/ Парламенттай болов.

Дарааллаар нь жагсаагаад харвал, 2022 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр зүтгүүлж үзсэн ч хараахан амжаагүй, 2023 онд нэмэлт өөрчлөлт оруулж, 2024 онд сонгуулиа зохион байгуулжээ. Нэгтгээд харвал АРДЧИЛАЛ, ПАРЛАМЕНТЫН ЗАСАГЛАЛаа авч үлдэх тэмцэлд бид ялалт байгуулсан байна.  

Дэлхий хоёр туйлд хуваагдаж, нөлөөний улс орнуудаа барьцандаа бат атган, нэг талд нь гарах сонголыг тулгаж байгаа эгзэгтэй цаг үед Ерөнхийлөгчийн засаглал, нэг намын систем бүхий хоёр гүрний дунд орших монголчууд сонголтоо өөрсдөө хийсэн гэдэг нь яах аргагүй том үйл явдал.  

Хүлээгдсэн ажил ихтэй хоёр дахь СТАНДАРТ БУС Засгийн газар

УИХ-ын ээлжит сонгуульд 68 суудал авч ялалт байгуулсан МАН сонгуулийн үр дүнг эс харгалзан эвслийн Засгийн газар байгуулах сонголт хийсэн нь яах аргагүй энэ оны онцлох үйл явдалд орно.

Монголчууд улс орны хувь заяа туйлын эгзэгтэй байдалд орсон үед л ийм сонголт хийж эв нэгдлээ харуулдаг бөгөөд буруудаж байгаагүй, харин ч дотоод улс төрөөсөө болоод хөдөлгөж чаддаггүй байсан төм төслүүдээ хөдөлгөж байсан түүхтэй.   

АНУ өнгөт хувьсгал экспортолж асан 2008 онд С.Баяр даргатай МАН энэ жишгийг анхлан бий болгож, маш хүнд болоод байсан нийгмийн уур амьсгалыг зөөллөж байсан. Дараа жил нь Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдаж, Монгол Улс орлогын эх үүсвэртэй болж байлаа.

Тэгвэл 2024 онд Л.Оюун-Эрдэнэ даргатай МАН энэ шийдвэрийг гаргасан. Сонгуулийн кампанит ажлын үеэр хүний амь нас эрсэдсэн, эгзэгтэй үед АН-ын дарга Л.Гантөмөртэй уулзахдаа энэ талаар тохирсон гэсэн таамаг бий.

Ямартай ч энэ шийдэл буруу биш бөгөөд илүү далайцтай, 2008 оныхоос илүү үр ашигтай хамтрал байлгах нь зөвхөн улс төрийн намууд төдийгүй нийт монголчуудын үүрэг.

Монгол Улс хөгжихийн тулд том төслүүдээ эргэлтэд оруулах зайлшгүй шаардлагатай. Ийм боломж хамтарсан Засгийн үед бий болж байгаа бол сонгуулиар олонх болсон ч бий болгох л ёстой гэж шийдсэн Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын шийдвэрийг буруутгах боломж угаасаа байхгүй.

С.Баярын Засгийн газраас Оюутолгой үлдсэн, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас хэдэн мега төсөл үлдэх вэ гэдэг л одоо бидний анхаарах ёстой гол сэдэв.

Гараанаас гарсан МЕГА ТӨСЛҮҮД 

Хамтарсан Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацаанд багтаан нэг хүнд ногдох ДНБ-ийг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавьсан. Энэхүү зорилтоо биелүүлэх нөхцлийг хангах түлхүүр хэмээн 14 мега төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд буй. Эдийн засгийн өсөлтийг дэмжих, улс орны аюулгүй байдлыг бэхжүүлэх ач холбогдолтой 14 төслийн нэгийнх нь /Газрын тос боловсруулах үйлдвэр/ бүтээн байгуулалт үргэлжилж байгаа бол гурав нь хөдлөхөд бэлэн болоод /Эрдэнэбүрэнгийн УЦС-ын санхүүжилт шийдэгдсэн, Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын асуудлаар БНХАУ-тай, “Барах энержи” ураны төсөлд Францын “Орано” групптэй хэлэлцээр эхлэхэд бэлэн болсон/ буй.  

Үнэндээ Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын хэрэгжүүлэхээр зорьсон 14 мега төслийн /эрэмбэлээд эхний 14-ийг сонгосон, цаана нь өөр  байгаа/ зарим нь, ялангуяа эрчим хүчний төслүүд С.Баярын үед ч байсан, гэхдээ ганц Оюутолгой л хөдөлсөн. Бусад нь хөдлөөгүй. Хөдөлгөөгүй. Шуудхан хэлэхэд, хоёр хөрш дээр нэмэх нь гуравдагч хөрш, дээр нь дотоодод бий болж бэхжсэн улс төр, эдийн засгийн том эрх ашгийн дундуур Монгол Улс, монголчуудын эрх ашгийг зүтгүүлэх хэрэг гардаг байсан хэрэг.

Одоо харин боломж бүрдсэн. Дэлхийн бодлогыг тодорхойлж байгаа хүчтэй хёр туйл болох АНУ-Европ, ОХУ-БНХАУ-ын нөлөөний бүсээ тогтоох өөр аргатайг бид мэднэ. АНУ, Европ холбоотнуудаа эдийн засаг, улс төрийн хувьд бэхжүүлж, бүс нутагтаа тэргүүлэх хэмжээнд хөгжүүлээд бүс нутагтаа үзүүлэх жин нөлөөг нь нэмэх замаар нөлөөгөө тогтоодог бол БНХАУ хөрөнгө оруулалт, харилцан ашигтай хамтын ажиллагаа санал болгодог. ОХУ харин холбоотон улсаа ямар нэг хэрэгцээгээр нь, тухайлбал эрчим хүч, газрын тосны хэрэгцээ үүсгэж, яваандаа дутагдуулж, тэр хэрэгцээг нь өөрсдөө хангах замаар “барьдаг” аргатай.

Бүгд л үр дүнтэй арга боловч хоёр туйлын тэмцэл хурцдахын хэрээр ОХУ-ын арга явахаа байж, сул тал болж хувирсан тул оролцоогоо харьцангуй багасгаж эхэлсэн цаг үе яг одоо тохиож байна. Өөрсдийгөө яая гэж байгаа эрсдэлт нөхцөл байдал ч нөлөөлж байгаа нь лавтай. Мега төслүүдийг, ялангуяа эрчим хүчний төслүүдийг эхлүүлэхээр самбаачлах шалтгаан энэ бол, хурдан хэрэгжүүлж дуусгахаар яаравчлах шалтгаан нь энэ цаг хугацаа хэр удаан үргэлжлэх нь мэдэгдэхгүй тодорхойгүй нөхцөл байдал юм.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням яг одоо тоологдож байгаа цаг хугацааг “Үүлэн чөлөөний нар” гэж зүйрлэж хэлсэн нь үнэн. Эрчим хүчний дутагдалтай сул Монгол ОХУ-д ашиггүй /Өөрсдөө илүүчилж чадахаа болиход л Монголд шууд хямрал нүүрлэнэ/ энэ үеийг ашиглах ажлыг төсвөө тодотгон байж яаралтай эхлүүлж байгаа нь 2024 оны онцлох үйл явдал яах аргагүй мөн.

БНХАУ, ОХУ, Францтай байгуулах хэлэлцээр, хөрөнгө оруулалтын гэрээний чиглэлийг нэг зэрэг хэлэлцэж, бүгдийг нь зөвшөөрсөн нь ч гадаад бодлогынхоо үндсэн зарчимыг харуулсан хэрэг болсон юм. Өөрөөр хэлбэл, энэ гурван төсөл барьцаатай, нэг нь зогсвол нөгөөгөө дэгээдчих төсөл юм уу гэсэн сэтгэгдэл эрхгүй төрснийг ч энд хуваалцахад гэмгүй гэж бодно.     

 “Баялгийн сан” бодит болж, иргэдийн ганц Тавантолгойгоос бус өөр 50 гаруй эх үүсвэрээс ногдол ашиг хүртэж, хуримтлалтай болох эхлэл тавигдлаа

Баялгийн сан, эрсдлийн хуримтлал гэдэг сэдэв Монголд “Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар” тогтоож, “Стратегийн ордын жагсаалт” баталсан 2006, 2007 оноос хөндөгдөж эхэлсэн. Улмаар уул уурхайн тэсрэлт болж асан 2010, 2011 оноос Стратегийн ордын жагсаалтад багтсан 16, хавсралтад бичигдсэн 39 орд нэг бүрээс тодорхой хэмжээний ногдол ашиг хүртэж “Азийн Катар” болох мөрөөдөл монгол хүнд төрсөн юм.

Тэгвэл энэ мөрөөдөл биелэх эхлэл 2024 онд тавигдаж, сан дахь иргэдийн дансанд эхний 135,000 төгрөгийн бичилт хийгдээд байна.

Өмнө нь Баялгийн санд /Иргэдэд/ “Эрдэнэс Монгол”-ын мэдэлд байгаа долоон ордоос л хуримтлах боломжтой байсан бол Засгийн газар өнгөрсөн есдүгээр сарын 5-ны өдөр Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг баталснаар Стратегийн ордын жагсаалтын хавсралтад бичигдсэн 39 ордыг Баялгийн сангийн хуульд хамруулах ажил эхэлсэн юм.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ингэснээрээ төсвийн хөрөнгөөр хайгуулж хийж нөөц тогтоосон ордыг замаас нь зувчуулсан олон ААН, этгээдийн ашиг сонирхлыг шууд хөндсөн. Өмнө нь цөн хэдэн хүний хоол болж байсан баялгийн өгөөжийг ийнхүү иргэд рүү чиглүүлсэн нь “Засаг огцор” гэж орилох хүн мэр сэр гарч ирж байгаагийн гол шалтгаан ч байж мэднэ.

“Эрдэнэс Тавантолгой” гэсэн ганц компани энэ жил 1072 хувьцаа эзэмшигч Монгол Улсын иргэн тус бүрт 350,000 орчим төгрөгийн ногдол ашиг тараах хэмжээний ашигтай ажиллаж, дээр нь  иргэн бүрт 135,000 төгрөгийн хуримтлал үүсгэж чадаж байна. Цаашдаа бусад ордуудаа эргэлтэд оруулахыг нь оруулж, хувт эзэмшихийг нь эзэмшээд явахад 60 шахам эх үүсвэрээс орлого хуримтлуулна. Механизм нэгэнт бий болж, ажиллаж эхэлсэн учир улс хайгуул хийж шинэ орд илрүүлсэн ч, гаднын компани стратегийн хэмжээний том орд олсон ч иргэдэд хуримтлал үүссээр байна гэсэн үг.

Баялгийн сан бол яг одоо улс орнууд геополитикийн эрсдэлт нөхцөл байдлын золиос болохоос сэргийлж, дотоодын эв нэгдлээ хангах зорилгоор авч байгаа үндсэн арга хэмжээний нэг юм. Монголын хувьд, олон гишүүнтэй, олон намын төлөөлөлтэй парламент улс төрийн түвшинд эв нэгдлээ хангах арга бол “Баялгийн сан” ард иргэдийн түвшинд эв нэгдлийг хангах гол арга болох учиртай.

2025 оныг “Халуухан” болгох сонсголууд

“Нүүрсний” сонсгол дээр хоёр жил шахам гацаж, нэг бус Түр хороо дамжиж байж хэрэгжиж байсан Нийтийн сонсголын тухай хууль 2024 онд хэлбэр, өнгө төрхөө олж, тогтмолжих шинжтэй болов. Зөвхөн энэ онд гэхэд олны анхаарлыг тасан “Ногоон автобусны хэрэг”, Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, Хүний эрхийн хэрэгжилт, Ашигт малтмалын лиценз олголттой холбоотой асуудал гэх мэтээр улиралдаа нэг сонсгол хийчих хэмжээнд очив.    

Энэ дэвшил ирэх онд Сонсголыг хоёр үе шаттай зохион байгуулдаг болж үргэлжлэх нь тодорхой болоод байна.

Нийтийн сонсголын ач холбогдол нь хэн нэгэн буруутай этгээдийг олох бус, олон нийтэд зөв ойлголт өгөхийн зэрэгцээ алдаа завхралыг олж харж, цаашид давтагдахаас сэргийлэх явдал байдаг.

Хөгжлийн банкны сонсголоор жишээ нь, хэрэг шүүхээр шийдвэрлэгдэх явцад нэхэмжлэгч тал инфляцид өртөж хохирдог явдлыг олж харж, хуульд өөрчлөлт оруулах санаачилга гарсан. Хөгжлийн зээлийг валютаар олгох нь зөв үү буюу зарим нэг сэтгүүлчийн хүчин зүтгэлээр ААН-үүд буюу эцсийн дүндээ ард түмэн үүрээд гарсан валютын ханшийн зөрүүг хэрхэх ёстой вэ гэдэг асуудал одоо ч анхаарлын төвд байна. Хуульд өөрчлөлт оруулж, үр дүнгийн сонсгол хийдэг болсноор сонсголоор сөхөгдсөн асуудлыг ул суурьтай ач үзэж хүндрэл бэрхшээлийг засах, ард иргэдийн хамгийн ихээр хүсэж байгаа буруутай этгээдэд хариуцлага тооцох асуудлыг гаргаж тавих боломж бүрдэнэ.

Хуульдаа өөрчлөлт оруулчихаад Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, Хүний эрхийн хэрэгжилт, ашигт малтмалын лиценз, Нүүрсний сосголыг дахин оруулах, энэ онд амжаагүй Нийслэлийн газрын зөвшөөрлийн сонсголыг зохион байгуулах зэрэг ажлыг 2025 ондоо багтаад амжуулах боломж байгаа юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна