ТӨРИЙН ОРДОНД: Ажлын хэсгийн уулзалт болно

Zuv.mn
2025/01/03

Өнөөдөр Төрийн ордонд УИХ-ын даргын 2024 оны 89 дүгээр  захирамжаар байгуулагдсан Ялгаварлан гадуурхалтын эсрэг авах арга хэмжээний талаар судалгаа хийж санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг дэмжлэг үзүүлэх судалгааны багийн гишүүдтэй уулзана. Уулзалт "Их засаг" танхимд 14..00 цагт эхэлнэ. 

Монгол Улсын Үндсэн Хуулийн Арван дөрөвдүгээр зүйлд “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна. Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэж заасан.

Мөн Эрүүгийн хуульд хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, бэлгийн, хүйсийн чиг баримжаа, эрүүл мэндийн нөхцөл байдлаар ялгаварлан гадуурхаж эрх, эрх чөлөөг нь хязгаарласан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр ч зохицуулсан байдаг.

Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар нийгмийн олон бүлгийн төлөөлөл бүхий 126 гишүүнтэй шинэ парламент бий болж шинэ цагийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хэрэгжилтийг нь эрчимжүүлэх чиглэлээр санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгүүд байгуулагдсан.

Эдгээрийн нэг нь Ялгаварлан гадуурхалтын эсрэг ажлын хэсэг юм. Энэхүү ажлын хэсэг нь авах арга хэмжээний талаар судалгаа хийж санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах үүрэгтэй.

Тус ажлын хэсгийг нийгмийн эрүүл мэндийн ухааны доктор, УИХ-ын гишүүн О.Саранчулуун ахлаж, ажлын хэсгийн гишүүдээр УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, Д.Бум-Очир, Д.Ганмаа, Ч.Лодойсамбуу, Л.Мөнхбаясгалан, А.Ундраа нар ажиллаж байгаа юм.





Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.180.197
    2025/01/03

    Хэнд хэрэгтэй юм бэ. Хуралдсаар байтал амьдрал сүйрлээ хар хулгайчид а. Хулгайчид СӨНӨТҮГЭЙ,

    Хариулах