УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төслийг өргөн барьсан. Тус хуулийн төслийн талаар өөрөөс нь тодрууллаа.
Тэрбээр "Эрүүл мэндийн тухай хуульд лицензтэй эрүүл мэндийн байгууллагын ажилтны эрх үүргийг тусгаж өгсөн байдаг.
Тэгэхээр лицензгүй бусад ажилтны эрх үүргийг зохицуулдаггүй байсныг энэ удаагийн хуулиар эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа 67 мянган ажилчдын эрх үүргийг зохицуулж өгч байгаагаараа чухал ач холбогдолтой.
Хоёрдугаарт уг хуульд анх удаа сувилагчийн тангаргийг хуульчлахаар тусгалаа.
Гуравдугаарт, эрүүл мэндийн ажилтнуудын нийгмийн баталгааг сайжруулах тал дээр багагүй зүйл заалтууд орсон.
Тухайлбал, 10-аас дээш жил ажилласан улсын болон төрийн хэвшлийн, орон нутгийн гэх мэт эрүүл мэндийн байгууллагын ажилтны нэг хүүхдийн их сургуулийн хөтөлбөрт тодорхой хэмжээний хөнгөлөлт, урамшуулал олгох, ажил үүргээ гүйцэтгэж яваад амь нас, эрүүл мэндэд эрсдэл гарсан тохиолдолд нөхөн олговрыг хэрхэн шийдвэрлэх, мөн магадлан итгэмжлэх, тусгай зөвшөөрөл гэх зэрэг төрөөс хамааралтай зүйлүүдийг тусад нь гаргах, салбар зөвлөлийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор нэгдсэн холбоог бий болгох гэх мэт зохицуулалтыг онцгойлон тусгаж өгсөн.
Энэ хууль батлагдсанаараа цаашид салбарын хэмжээнд хүний нөөцийн бодлогын хувьд томоохон өөрчлөлтүүд гарах боломж бүрдэнэ.
Манай салбарт хамгийн гол тулгамддаг хариуцлагын даатгалыг тодорхой болгож байна. Маш эрсдэлтэй мэргэжил мөртлөө хариуцлагын даатгалд хамрагдсан эмч, сувилагч, мэргэжилтнүүд ховор. Эргээд үүнээс ямар нэг асуудал гарахад маш их төлбөр, хариуцлагад унах тохиолдлууд их байдаг. Тэгэхээр уг даатгалд хэрхэн хамруулах, хэн хариуцах зэрэг асуудлыг тодорхой болгож байгаа учраас ажилтны эрх үүргийг дэмжих хуулийн төсөл юм.
Эрүүл мэндийн салбарын маань гол малгай нь Эрүүл мэндийн тухай хууль байдаг. Үүнд бүх төрлийн буюу эмнэлгийн тусламж үйлчилгээ, нийгмийн эрүүл мэндийн тухай хууль, салбарын нийт ажилчдын эрх үүргийг дэлгэрэнгүй зааж өгөх боломжгүй. Тэгэхээр Эрүүл мэндийн тухай хууль нь ерөнхийлсөн гол зүйл заалтууд байдаг. Тиймээс салбарын ажилтан болон иргэдийн харилцааг зохицуулах хуулийн төслүүд дээр ажиллаж байгаа.
Миний хувьд Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулга дээр ажиллаж, ажлын хэсгийн ахалж байгаа. Зөв шийдэлтэй, цогц хуулийн төслүүдийг бий болгох зорилготой" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна