-Англи, Ардчилсан Конгийн шигшээ багийн тоглолтын талаарх сонирхолтой баримтууд-
Англичууд 1966 оны ДАШТ-ий шигшээ тоглолтод Баруун Германы багаас гоол алдаад 4:2-оор хожиж байжээ. Харамсалтай нь тэр цагаас хойш ДАШТ-д түрүүлж гоол алдсан тохиолдолд өрсөлдөгч багаа хожиж чадалгүй 60 жил болсон аж. Тэгвэл урт удаан үргэлжилсэн энэхүү "хараал"-ыг өчигдөр Харри Кейн ба түүний нөхөд зогсоож чадлаа.
Тоглолтын тухайд, Ардчилсан Конгийн баг тоглолтын эхний гоолыг оруулж, 75 дахь минут хүртэл хожлоо хадгалсан бөгөөд хамгаалалтын тоглогчид, ялангуяа хаалгач Мпаси англичуудын удаа дараалсан довтолгоог хана хэрэм шиг л хамгаалсан. Довтолгоог ч зохион байгуулж байсан бөгөөд Ципенга, Висс гэсэн хоёр довтлогч нь "усандаа байгаа загас" шиг л тонгочин Английн хамгаалагчдыг сандаргаж байв. Ардчилсан Конго гэхээр хэдий Англиас хол мэт боловч үнэн хэрэгтээ бүрэлдэхүүнийх нь олон тоглогч Английн Премьер лигийн багуудад тоглодог, "Гурван арслангууд"-ын хувьд тун ч эвгүй өрсөлдөгч байсан юмсанж. Хоёр багийн тоглогчийн зарим нь хоорондоо юм ярилцах ажээ.
Английн шигшээ ДАШТ-д эхэлж гоол алдсан бол хождоггүй гэсэн хачирхалтай муу түүхтэй бөгөөд хожигдож эхлээд нөхөж хожсон цорын ганц тохиолдол нь 1966 оны ДАШТ-ий аваргын төлөө тоглолт байсан гэж дээр өгүүлсэн. Бусад 22 тоглолтын тавд нь тэнцэж, 17 удаа хожигджээ. Тайлбарлагчид энэ түүхийг тоглолтын үеэр нэг бус удаа дурдаж байсан нь хөгжөөн дэмжигчдэд нь таагүй байсан нь лавтай.
Гэвч солилцоогоор орж ирсэн Б.Сака, Э.Гордон нар тоглолтын хэмнэлийг өөрчилж, улмаар 11-хэн минутын дотор тоглолтын хувь заяаг эргүүллээ. Конгочууд хэдий сайн хамгаалсан хэвээр байсан ч Энтони Гордон, Харри Кейн нарыг тоглуулаад баларчихав.
Ардчилсан Конго хэдий хожигдсон ч ДАШТ-д анх удаа хасагдах шатанд шалгарсан баатруудын дүрээр нутагтаа очих бол Англичууд ДАШТ-д Африкийн улсуудын багтай 10 таарч тоглохдоо хожигдож үзээгүй /зургаан хожил, дөрвөн тэнцээ/ гэсэн амжилтаа үргэлжлүүлж, шөвгийн 16-д шалгарч байна.
Довтлогч Харри Кейн дубль хийснээр таван гоолтой, шилдэг довтлогчдын өрсөлдөөнд К.Мбаппе, Л.Месси нарын ард орж ирсэн бөгөөд тэрбээр хөлбөмбөгийн хаан Пелег гүйцэж, ДАШТ-д оруулсан нийт гоолынхоо тоог 13-т хүргэж Францын Жюст Фонтэйнтэй зэрэгцэж ирэв. Одоо түүний урд Герд Мюллер (14), Роналдо (15), Мирослав Клозе (16), Килиан Мбаппе (18) и Лионель Месси (19) гэсэн тавхан тоглогч байна.
Харрин мөн ДАШТ-ий 15 тоглолтод гарааны бүрэлдэхүүнд тоглосноор Бобби Мур, Бобби Чарльтон, Терри Бутчер, Эшли Коул нарыг гүйцэн, нэгт бичигдэх болов.
“Гурван арслангууд” шөвгийн 16-д энэ тэмцээнд хаалгандаа нэг ч гоол алдаагүй яваа Мексиктэй, хожвол Бразил-Норвегийн ялагчтай шөвгийн дөрөвт үлдэхийн төлөө тоглоно.
ДАШТ. Шөвгийн 32
Англи-Ардчилсан Конго 2:1
Гоол: Ципенга 7, Х.Кейн 75, 86
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна