Оюутолгойн хэлэлцээр өчигдөр болж, зээлийн хүүг бууруулах, ногдол ашиг авахаар талууд тохиролцсон. Энэ талаар УИХ-ын гишүүн П.Ганзоригоос байр суурийг нь тодрууллаа.
Тэрбээр "Өнөөдөр монголчууд ногдол ашгаа авч чадахгүй нөхцөл байдалтай байгааг бид нар нээлттэй сонсголын үеэр сонсож, 16 жилийн хугацаанд юу болсныг ил тод болгосон.
Мэдээж анх гэрээ хийхдээ Оюутолгой нь нэгт татваруудаа хамгийн бага, таатай нөхцлөөр тогтворжуулсан. Олон улсын зах зээл дээр Монгол Улсын орд баялгаа ашиглаад босгож байгаа зээлийн хүү буюу 5-6 хувийн санхүүжилтын зээлийн хүү босгож байгаа бол буцаагаад монголчуудын хувь нийлүүлэгчийн зээлд өгөхдөө хоёр дахин өндөр буюу 10.5 хувийн хүүгээр мөнгө хүүлдэг байсан.
Менежментийн зардлаа 1.2 хувиар тооцож авдаг. Монголын талаас тав дахин өндөр буюу зургаан хувиар тооцож авч байгаа ийм шударга бус зүйл байж болохгүй гэдэг асуудлуудыг тавьж УИХ-ын тогтоол батлуулсны хүчинд Засгийн газарт УИХ-ын тогтоолоор үүрэг өгсөн.
Үүний хүчинд Засгийн газар санаачлагыг гарган ажиллаж, үүнээс гадна энэ тогтоолыг Их хурлын гишүүд ч дэмжсэн. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч энэ асуудал дээр байр суурь нэгдмэл байгаагаа илэрхийлсэн. Монголчууд Оюутолгойн бүлэг орд дээр монголчуудынхаа нийтлэг ашгийг хангах дээр нэгдмэл байр суурьтай байгаа нь сайн хэрэг. Ингээд тодорхой хэмжээний хэлэлцээр амжилттай болж байгаад баяртай байна.
Зээлийн хүү буурлаа гээд монголчууд эдийн засагт шууд орох орлого, нөлөө байхгүй. Оюутолгойгоос ногдол ашиг авахын тулд ашигтай ажиллах ёстой. Ашигтай ажиллахын тулд уурхайн орлогоос хамгийн эхлээд өрөө, зээлийн хүү мөн өндөр менежментийн зардлуудаа төлж байгаа. Тэгээд ашиг гарвал ногдол ашиг авна. Тэгэхээр энэ ирээдүйд төлөх зээлийн хүүг тодорхой хэмжээгээр бууруулж байгаа.
Засгийн газраас аас өгсөн мэдээллээр ирээдүйд төлөхийг зургаан орчим тэрбум доллар гэж тооцоолсон. Менежментийн зардал дээр 2.2 тэрбум доллар. Энэ хэмжээгээр зардлаа бууруулж байна гэдэг нь монголчуудын 34 хувьд ноогдох ногдол тэр хэмжээгээрээ ирээдүйд өснө гэсэн үг.
Ямар ч байсан энэ зээлийн хүү, менежментийн зардал бууруулах хэлэлцээр амжилттай боллоо гээд сэтгэл ханаж болохгүй. Ер нь өнгөрсөн хугацаанд асар их алдагдсан боломжийн зардал монголчуудад үүссэн. Энэ харилцан ашигтай биш, нэг талыг барьсан байдлаас болж асар их хэмжээний зардал төлсөн гэсэн үг. Ирээдүйд төлөх зардал тодорхой хэмжээгээр бууна гэдэг нь ногдол ашиг авах боломжит хугацаа нь наашилсан гэсэн үг. Ийм байдлаар дараа дараагийнхаа жил тутам хэлэлцээр хийхдээ хүүгээ үе шаттай бууруулах ёстой гэсэн байр суурьтай байгаа.
Би энэ ашигт малтмалын тухай хууль ЗГ-аас өргөн барихад Онтрегийн хэлэлцээр явагдаж байх үед энэ асуудлыг, өсөн нэмэгдэх амнатыг огцом бууруулахыг дэмжээгүй, эсэргүүцсэн. Энэ бол Оюутолгойн нийт бүлэг ордын таван лицензийн хоёр нь Онтред хамаатай.
Нийт баялгийн агууламжийн хэмжээний 34 орчим хувь нь Онтре дээр байгаа. Тийм учраас энэ гэрээг тусад нь монголчуудын үндсэн хуульд заасан нийт баялгийн өгөөжийн дийлэнх хувь буюу 50-иас дээш хувийг монголчууд хүртэх нөхцөлтэйгөөр энэ гэрээг хийтэл АМНАТ-ыг бууруулж болохгүй гэсэн байр суурьтай байгаа.
Зэсийн эрэлт тэр чигээрээ тогтвортой өсөж байгаа. Үүнийгээ дагаад зэсийн үнэ арван мянган доллараас дээш 13-14мянган доллар хүрсэн байгаа үед бид нар огцом бууруулах нь буруу. Мэдээж томоохон төслүүдээ эргэлтэнд оруулъя, хайгуулын үйл ажиллагааг эрчимжүүлье гэдэг бодлого явж байгаа нь зөв хэдий ч дандаа бодлогоо дэмжиж байна гээд дараа нь өөрсдөө ниргэсэн хойно хашхирав гэгчээр асар их хэмжээний хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлчихдэг.
Тэгээд нэг талд нь монголчууд өөрсдөө хохироод үлддэг. Тийм байдал руу орж болохгүй. Тийм учраас энийг маш сайн тооцоо судалгаатай, тодорхой хэмжээгээр үе шаттай бууруулах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Ялангуяа Онтрегийн хэлэлцээр дуустал зэсийн АМНАТ-ыг огт бууруулж болохгүй" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна