Сүүлийн үед бүжигчдийн дунд тэтгэврийн асуудал ихээхэн яригдах болсон. Учир юу гэвэл Нийгмийн Даатгалын ерөнхий газар цэг таслалын алдаа гаргаснаас болж бүжигчид тэтгэвэрт гарах хүнд болжээ. Тодруулбал, НДЕГ-ын гарын авлагат "Гоцлол дуучин, бүжигчинээр 20 жил ажилласан бол тэтгэврээ тогтоолгоно" гэж заагаад улсын театрт ажиллаж буй бүжигчид зөвхөн гоцлол бүжигчнээр 20 жил ажиллаж байж тэтгэврээ тогтоолгох шаадлага үүссэн байна. Энэ талаар мэргэжлийн бүжигчдийн байр суурийг хүргэж сурвалжилга бэлтгэлээ.
МУГЖ, ҮУИТ-ын бүжигчин И.Бямбаа "Би Үндэсний Урлагийн Их Театрт бүжигчнээр 22 дахь жилдээ ажиллаж байна. Мэргэжлийн бүжигчнээр сургуулиа дөнгөж төгссөн хүүхдүүдийг театр, чуулгуудад гоцлол бүжигчнээр авна гэж байхгүй шүү дээ. Би 22 жилийн хугацаанд нэг ч удаа гоцлол бүжигчин гэсэн тушаалаар ажиллаж үзээгүй.
Нийгмийн Даатгалын ерөнхий газрын нэг хүний алдаанаас болж гоцлол дуучин, бүжигчин гэсэн хууль дүрмээр хүмүүс өмнө тэтгэвэрт гарч байсан бол саяхнаас заавал гоцлол бүжигчин байх ёстой гэсэн харицлагагүй үйлдлээс болж маш олон бүжигчний эрх ашиг хөндөгдөж байна.
2023 онд НД-ын ерөнхий газраас гарын авлага гаргасан байгаа юм. Гарын авлагад гоцлол дуучин, гоцлол бүжигчин гээд бичигдсэн байсан. Тэгээд бид нараас гоцлол гэсэн тушаал чинь хаана байна гээд байгаа юм. Монголын мэргэжлийн бүх театр чуулган гоцлол гэсэн тушаалаар бүжигчдийг хэзээ ч авдаггүй. Гоцлол тушаалтай хүн бараг байхгүй.
Маш олон мэргэжил өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг. Бүжгийн мэргэжил бол залуу насны мэргэжил. Дээрээс нь бид 20 гаруй жил ажиллаад дөнгөж төгсөөд ирсэн 17, 18-тай жаахан хүүхдүүдтэй зэрэгцээд ажиллана. Тайзан дээр гоо зүй, бэртэл гэмтэл гэж зүйл байна. Биеийн хүчний ажил хийдэг бүх хүнтэй адилхан гэмтэж бэртэнэ. 20 гаруй жил ажиллаад тэтгэвэрт гарна гэсэн судалгаа, хууль байдаг.
Ингээд хуульд заасан байгаа зүйлийг ганцхан "гоцлол бүжигчин" гэсэн тушаал авч ир гэснээс болоод маш олон хүний амьдрал болон эрүүл мэнд хохирч байна. Энэ асуудлыг хуулийн дагуу НД-ын газар болон холбогдох хүмүүс нь шийдэж өгөөсэй гэж хүсэж байна" гэв.
ҮУИТ-ын хүний нөөцийн мэргэжилтэн Г.Энхтуул "Нийгмийн Даатгалын сангаас тэтгэвэр тэтгэмж тогтоох тухай хуулийн 5.1.7-д сонгодог мэргэжлийн урлагийн байгууллагын гоцлол дуучин, бүжигчин гэж заасан байгаа юм. Энэ нь хуульдаа тухайн мэргэжлээрээ 20 жил ажиллаад тэтгэвэрт гарах эрх нь үүснэ гэж заасан байдаг. Манайх улс шиг олон бүжигчинтэй газар хаана ч гоцлол бүжигчин гэдэг тушаал гарах боломжгүй.
Гэтэл яг энэ хуулиараа бүжигчид маань НД-ын газар тэтгэвэртээ гаръя гээд очихоор "гоцлол бүжигчин" гэсэн тушаал алга гэж хэдэг. 40 бүжигчинтэй газар бүх бүжигчинг гоцлол гэх боломж байхгүй. Ямар ч уран бүтээл дээр гоцлол болгох боломж байхгүй. Ялангуяа ҮУИТ 75 жилийн түүхтэй энд нэг ч гоцлол бүжигчин тушаалтай түүх байхгүй. 2022 оноос өмнө хуулиараа тэтгэвэрт гарч байсан ч түүнээс хойш нэг ч бүжигчин гоцлол биш гэж гарахаа больсон. Монголын бүжигчид сурсантайгаа нийлээд 30 жил бүжиглэж байгаа.
Бүжигчин залуу насны урлаг. 30 жил тасралтгүй ажиллаж байхад дахиад та 5 жил ажилла, бүжиглэж чадахгүй өөр мэргэжлээр өөр албан тушаалаар ажилла гэсэн шаардлага тавьж байна. 30 жил тулгуур эрхтэн дээрээ 100 хувь биеэ хөдөлгөсөн хүмүүс дахиад 5 жил ажиллахаар эрүүл мэнд нь яах вэ. Одоо хөлийн үеийн шингэнгүй, хөлийн цууралтгүй, ясны өвдөлтгүй бүжигчин гэж байхгүй. 15 жил ажиллаад энэ бүх асуудал гардаг. Энхээсээ хагалгаанд орсон байна. Маш олон хагалгааны заалттай хүн өвчин намдаагч уугаад л тайзан дээр инээгээд л бүжиглэж байна.
"Гоцлол дуучин, бүжигчин" гэж гарын авлагадаа тусгасан. НД-ын газрын бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Ганцэцэг гэдэг хүнээс "гоцлол" гэдэг заалтаар байх ёстой гэсэн албан хариу ирсэн. Дараа нь "Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам" -д хандсан. Одоо Соёл спорт аялал жуулчлалын яамнаас "Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам" -д бичиг хүргүүлсэн, хариу хүлээж байна" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна