М.Бадамсүрэн: “Баялгийн сан” “амилж” байгаа нь сайн ч АМНАТ-ын 30-аас доошгүй хувийг орон нутагт нь үлдээх шаардлагатай

Х.Батсайхан
Өчигдөр 18 цаг 50 минут

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр хуралдаж, Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл, “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн ”Уул уурхайтай орон нутгийн “Баялгийн сангийн тухай” хууль гэж том хууль баталсан. “Одоо Баялгийн сангаа “амилуулна” гэж сая сайд /Н.Учрал/ хэллээ. Гэхдээ энэ санг амилуулахад нэг учир дутагдалтай зүйл бол орон нутагт хуваарилагдах АМНАТ-ийн хувь хэмжээг зааж өгөөгүй явдал. Өөрөөр хэлбэл, уул уурхайн сөрөг нөлөөлөлд илүүтэй өртөж байгаа Өмнөговь, Дорноговь, Дорнод зэрэг аймгийн ард иргэд “Уул уурхайгүй ногоон аймаг” гэж өөрсдийгөө зарласан Хөвсгөл, Булган зэрэг аймгийн иргэдтэй яг ижилхэн хувь хишиг хүртэх, “Шударга бус” гэж хэлж болохоор ийм л тогтолцоо одоо үйлчилж байгаа. Сяя миний дурдсан зарим аймаг бол өөрсдийгөө “Ногоон аймаг” гэж нэрлээд ИТХ-ын тогтоол хүртэл гаргачихсан байгаа. 

Миний хэлж байгаа санаа бол, Баялгийн санд хуримтлал үүсгэх тэр орлогыг бүрдүүлж өгч байгаа уул уурхай ажиллаж байгаа, нөлөөлөлд нь илүү өртөж байгаа орон нутгийн иргэд илүү өгөөж хүртэх ёстой. Би Аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа энэ асуудлыг хөнддөг, Сангийн сайдыг энэ асуудлаар Захиргааны хэргийн шүүхэд өгч байсан хүн. Зарга заальхай хийх дуртайдаа ч биш. Шударга бус зүйлтэй эвлэрч чадахгүй гэдгээ л илэрхийлж байгаа хэрэг юм.

Хуулийн төсөл, хөрөнгө оруулалтын гэрээг хэлэлцэх явцад “Олон улсын жишиг” гэдэг үг их яригдаж байна. Жишээ нь Ажлын хэсэг “Ураныг газар доор уусган олборлоно, энэ бол “Олон улсын жишиг юм аа” гэдэг ч юм уу, эсвэл “Казахстан АМНАТ-аа олон улсын жишгээр ингэж аваад бараг цэнгэлийн манлайд хүрлээ” гэж байна. Тэгвэл олон улсын жишигт бас нэг тодорхой зйүл байгаа нь тухайн уул уурхайн сөрөг нөлөөлөлд өртөж байгаа бүс нутагт АМНАТ-ийн 30-аас доошгүй хувийг үлдээдэг. Манайх энэ жишгийг нь авахгүй байгаа. Тиймээс АМНАТ-аас 10 тэрбум төгрөг төвлөрлөө гэхэд гурван тэрбум төгрөгийг нь орон нутагт өгч бодитой хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй байна.

Тэгэхгүй бол нүдэн дээр нь хэдэн зуун машин яваад, баялаг нь зөөгдөөд байдаг, орон нутаг нь хөгжихгүй байхаар иргэдэд хэцүү. Шударга хувиаарилалт хийхгүй бол уул уурхай, орон нутгийн иргэдийн хооронд тулгардаг саад бэрхшээл цаашид ч гарсаар л байна” хэмээн байр сууриа илэрхийлэв.

Ураны хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Н.Учрал гишүүний асуултыг “Маш зөв зүйтэй асуулт байна” гээд хариулт өгөв.  



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.71.100.211
    7 цагийн өмнө

    зөвхөн орон нутгийн өмч биш, нийт ард түмний өмч шүү, иргэн бүр тэгш эрхтэй

    Хариулах