Монгол охид хөвгүүд оюуны чадавхиараа дэлхийн чихийг дэлдийлгэж, их мастер, залуучууд, өсвөр үеийн дэлхийн аварга цолтон дуу, дуугаа авалцан мэндэлж байгаа түүхэн цаг үед бид амьдарч байна. Энэхүү амжилт ялалтаар бялхсан түүхийг бүтээлцсэн нэгэн эрхэм хүн бол шатрын спортын ОУМ, МУГД П.Жигжидсүрэн гуай юм. Түүнтэй ярилцлаа.
Шатарчид цугласан, олонтой айлын хүү, би
-Шатрын спортын анхны гавьяат дасгалжуулагч П.Жигжидсүрэнг Монголд танихгүй хүн бараг үгүй биз. Таны нутаг ус, эцэг эхийн талаархи гэгээн сайхан дурсамжаар ярилцлагаа эхэлье гэж бодож байна?
-Би Завхан аймгийн Алдархаан сумын нутаг Хар чулуут гэдэг газар төрсөн хүн. Дорнын их яруу найрагч Б.Явуухулан¬гийн төрсөн нутаг гэдгээр нь хүмүүс илүү мэддэг юм. Аав, ээж маань жирийн малчин. Насаараа л мал малласан малчин хүмүүс байсан даа.
- Алдартай шатарчид ихэвчлэн удам дагаад байгаа нь ажиглагдах боллоо. Зохиолч Батын Нямаагийнхны үр удам шатрын спортод цахиур хагалж байгааг дурьдаж болж байна. Хүүхдүүд нь сайн тоглож байсан, одоо үр ач нар нь бүр ч илүү хурцаар тодрон гарч ирж байна шүү дээ?
-Би ч бас адил. Миний аав Пүрэв гэж нутаг усандаа яригддаг, сайн шатарчин хүн байлаа. Гэртээ шатар их тоглодог, тэр нөлөөгөөр нь анх би шатрыг ойлгож, нүүдэл мэдэж эхэлсэн. Тэр үеийн шатарчид гэртээ их тоглоно. Суманд ч бригадын төвд ч, аймагт ч адил шатар тоглодог хүмүүс нэгнийдээ цуглаад тоглодог байсан. Энэ бүхэн намайг шатрын спортод хөл тавихад нөлөөлсөн нь мэдээж.
-Мөрийтэй тоглодог байсан уу?
-Яг мөнгөөр биш мөртлөө их л хор шартай өрсөлдөж, олныг их хөгжөөдөг байсан нь сэтгэлд үлджээ.
-Нэгнийгээ баалаад л уу?
-Тийм. Хувцсыг нь тайлах ч юм уу, сахлыг нь хусах, эсвэл усаар норгох зэргээр баалдаг. Ухаандаа хожигдсон эр хүнээр бүсгүй хүн голчлон хийдэг эсгийний ноос савах зэрэг ажлыг хийлгэдэг, тэр нь бусад хүмүүст их хөгжөөнтэй санагддаг. Тэр үед одоогийнх шиг гэрэл цахилгаан байдаггүй байж. Телевиз гэх мэт хүмүүсийн зугаа гаргах зүйл ховор болохоор шатар нэг ёсондоо хүмүүсийг хөгжөөх нэг хэрэгсэл болдог байж л дээ.
-Шатрын УАШ анхны тэмцээн 1942 онд зохиогдож, Д.Намсрай түрүүлж байсан гэж сонссон. Харин аймагт тэмцээн хэр их болдог байсан бэ. Голдуу гэртээ тоглодог байсан гэхээр тэмцээн цөөхөн байсан юм уу гэж ойлголоо?
-Миний л мэдэхийн 1956 онд аймагт орж ирэхэд аймгийн АШТ гэж тогтмол болдог, тэмцээн ч их явагддаг болчихсон байсан. Одоо бодоход “гэр клуб” ч гэх юм уу, гэртээ олуулаа цуглаж шатар тоглодог айл их олон байж. Манайх ч тэдний л нэг.
-Нэг нэгэндээ шатар заах уу?
-Тэр юм чинь ч цаанаа давхар явагддаг л байсан байж таарна. Тэрний нөлөөгөөр манай аймагт шатар их сайн хөгжиж байж дээ. Сургуулийн захирлууд бас зөвхөн шатар ч гэлтгүй, хөнгөн атлетик гэх мэт бусад спортыг хөгжүүлэхийн тулд ихэд анхаарч ажилладаг байсан.
Н.Намжил багш, Ж.Самбуу дарга хоёр амьдралын минь замыг заасан
-Хэдэн онд хотод орж ирэв?
-Завханы хоёрдугаар арван жилийг төгсөөд, 1962 онд хотод орж ирсэн. Ирээд Худалдааны техникумд оюутан боллоо. Дараа жил нь буюу 1963 онд өсвөр үеийн УАШТ-д орж мөнгөн медаль, түүний дараа жил алтан медаль хүртэн амжилтын дээжтэйгээ золгож байсан нь саяхан мэт.
-Худалдааны техникумаа төгсөөд хаана ажилласан бэ?
-Худалдаа бэлтгэлийн газар нягтлан бодогчоор ажилд орсон.
-Тийм үү. Таныг нягтлангийн мэргэжилтэй гэж огт сонсч байгаагүй юм байна?
-Худалдаа бэлтгэлийн газарт гурван жил гаруй нягтлангаар ажиллаж байгаад бүр хожим, Москвад дээд сургууль төгсч ирээд дасгалжуулагч болсон юм шүү дээ.
-Ингэхэд, таны багш гэж ямар хүн байдаг билээ?
-1968 оны УАШТ-ий дараа шатрын Олон улсын шүүгч Н.Намжил гэдэг хүний шавь болох хувь тохиосон. Энэ хүн намайг шигшээ багт авч, цалинжуулж, шатрын спортоор амжилт гаргах боломжийг гаргаж өгсөн юм. Улмаар 1970 онд шатрын олимпиадад шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан оролцож, спортын мастерын зэргийг биелүүлж байсан.
-Тэр олимпиадад манайхан ёстой баллаж өгсөн гэдэг байх аа?
-Баруун Германы Зиген хотод болсон Дэлхийн шатрын 16 дугаар олимпиад шүү дээ. Манай эрэгтэй шатарчид тэгэхэд багаараа 60 орноос 16-д орж байсан нь хамгийн өндөр амжилт гаргасан тохиолдол болсон.
-Манайхан тэр үед бөөн баяр болсон биз?
-Олимпиадад оролцоод ирсний дараа БНМАУ-ын Ардын их хурлын тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу гуай баг тамирчдыг хүлээж авч уулзсан. Энэ уулзалт дээр Ж.Самбуу дарга “Санал хүсэлт байна уу” гэж асуусан юм. Тэгэхэд нь “ЗХУ-ын Москва хотын Биеийн тамирын дээд сургуульд шатрын дасгалжуулагчийн анги байдаг юм байна. Тэнд хүн явуулж суралцуулах боломжийг судалж өгөөч” гэсэн. Ингээд л бүх асуудлыг шийдэж өгч, Москва хотын Биеийн тамирын дээд сургуулийн шатрын дасгалжуулагчийн ангид явах болж билээ. Шатарчны дайтай шатарчин болгосон Н.Намжил багш, дуурсах алдраа олох боломж олгосон Ж.Самбуу дарга хоёрыг би сэтгэлдээ үргэлж хүндлэн дээдэлж явдаг даа.
Шатрын дасгалжуулагч гэдэг амаргүй мэргэжил
-Ёстой л нэг эрч хүч дүүрэн гялалзсан дасгалжуулагч нутагтаа ирсэн биз. Ирээд хаана ажиллав?
-1975 онд төгсч ирээд шигшээ багийг дасгалжуулж эхэлсэн.
-Тэр үед шигшээ багт хэн, хэн гэдэг мундаг шатарчид байсан бэ?
-Хууччуул ер нь бүгд л байсан даа. Ирээд хөдөөгүүр явж авьяастай хүүхдүүд цуглуулах ажил хийсэн. Тэр үед одоо энэ их мастер Б.Хатанбаатарыг Завханаас олж ирж байсан юм. Бас Дорноговиос О.Батзориг, Дарханаас Ц.Батцэцэг, Булганаас Ө.Гэрэлмаа, Улаанбаатараас Г.Баярмаа, Л.Бэгзжав, Баян-Өлгийгөөс Ш.Хурманбай зэрэг хүүхдүүдийг авч хичээллэж байлаа. Хожим бүгд л сайн шатарчид болсон. 1984 онд Францад болсон өсвөрийн шатарчдын ДАШТ-д анх удаа оролцоход Ц.Лхагвасүрэн тавдугаар байрт орж багийнхандаа итгэл хайрласан. 1990 онд Ц.Батцэцэг Азийн аварга болсон. Б.Хатанбаатар их мастер цолыг анх удаа эх орондоо авчирсан.
-1990 онд Нови Сад хотод болсон шатрын олимпиадад манай эмэгтэйчүүд бахдам амжилт гаргасан түүх бас тантай холбогддог?
-Манай эмэгтэй баг дэлхийн 63 орноос 11-13 дугаар байр эзэлж, сайхан амжилт гаргаж байлаа. Тэр багийн үндсэн дөрвөн тоглогчоор ОУМ Ц.Батцэцэг, СМ Ө.Гэрэлмаа, Б.Ундрахбуян, Н.Тунгалаг нар явж байсан юм. Бас нэг сонирхолтой юм хэлэхэд, Кубын багтай тоглож байхад Б.Ундрахбуян хожих байрлалаас тэнцэж, 6-9 байр эзлэх боломжоо “тавиад туучихсан” түүхтэй.
-1990 он гэдэг чинь нийгэм солигдож байсан үе. Югославт бол бараг дайн болж байсан биз?
-Арай ч дайн болоогүй, гэхдээ жижиг хэмжээний мөргөлдөөн гарч байсан байгаа юм. Энэ нь тэмцээн дээр ч анзаарагдана. Жишээлбэл, Болгарын баг Югославын багтай таарчихаад тоглохоос татгалзаж байсан. Газар нутаг улс төрийн бодлогын хувьд тохирохгүй байсан нь тэгж илэрч байсан хэрэг л дээ.
-Бөхөд бол 100 хүүхэд бэлтгэл хийлгэхэд 3-4 нь л өндөр зэрэглэлийн бөх болдог гэдэг юм билээ. Улс орноосоо хамаараад энэ үзүүлэлт янз бүр л байдаг байх л даа. Шатарт харин яадаг бол. Дээрх шиг тодорхой тоо хэлэх боломж бий юу?
-Шатар бол бусад спортоос их онцлогтой л доо. Жишээ нь, сагсан бөмбөг, волейболд өндөр нуруу, бөхөд урт гар хөл хүч тэнхээ гээд тодорхой шаардлагууд байдаг. Шатарт бол ийм шаардлага хэрэг байхгүй, ухаан л чухал. Гэхдээ оросуудын хэлсэн нэг үг байдаг юм. “Шатраар хичээллээд хүн бүр спортын мастер болж болно. Харин өндөр зэрэглэлийн шатарчин болоход авьяас хэрэгтэй” гэж. Ухаандаа чи ч гэсэн шатраар хичээллэхэд спортын мастер болж чадах нь байна шүү дээ. Харин, М.Таль, А.Карпов, Г.Каспаров нарын хувьд хэдийгээр тэр зэрэгт хүрэхийн тулд маш их хөдөлмөрлөсөн нь үнэн ч бас л авьяас хэрэгтэй байдаг байх нь. Ц.Батцэцэг, Б.Хатанбаатар ч адил, үнэхээр л авьяастай төрчихсөн хүүхдүүд байсан.
-Улсын гарьд П.Сүхбат нэгэнтээ “Ирээдүй” цогцолборт дасгалжуулагч хийдэг байхад үнэхээр сайн бөх болох нэг хүүхэд хичээллэдэг байж байгаад амьдралын шаардлагаар бөхөө орхичихож билээ. “Хархорин” зах дээр тэрэг түрж амьдралаа залгуулдаг байсан юм гэнэ билээ. Би тэр хүүхдийг бөхөөс хөндийрсөнд одоо ч харамсдаг” гэж өгүүлж байсан. Танд ийм явдал тохиолдож байсан уу?
-Дээр хэлсэн Ө.Гэрэлмаа гэдэг хүүхэд. Би тэр хүүхдийг зургадугаар ангид байхад нь хотод авчирч шатар зааж эхэлсэн. Тэгэхэд тэр хүүхэд ердөө хоёр жилийн дараа, наймдугаар ангид байхдаа улсын аваргад түрүүлж аварга болсон.
-Өсвөр үеийн үү?
-Үгүй ээ, насанд хүрэгчдийн. Миний амьдралд өмнө нь хэзээ ч ийм явдал тохиолдож байгаагүй. Тэр хүүхэд 10 дугаар ангиа төгсөөд Анагаахын дээд сургуулийн оюутан болсон. Аав нь тухайн үедээ надад “Зөвлөлт Гүржийн алдарт шатарчин Майя Чибурданизе улсынхаа Анагаахын дээд сургуулийг төгсөөд дэлхийн аварга болсон. Миний охин ч бас тэгнэ” гэж хэлж байсан юм. Гэгээн мөрөөдөл л байсан хэрэг шүү дээ. Гэтэл Анагаахын дээд сургуулийн программ гэдэг чинь бусад сургуулийг бодвол хүнд байдаг юм байна л даа. Тэгээд харамсалтай нь тэр онцгой авьяаслаг охин ачааллаа даалгүй сэтгэл мэдрэлийн өвчтэй болсон.
-Үнэхээр харамсалтай юм. Майя Чибурданизе сургуулиа ч төгсөөд, шатраар ч амжилт гаргасан гэхээр агуу хүн байж дээ?
-Үнэндээ М.Чибурданизе Анагаахын сургууль жинхэнээсээ төгссөн ч юм уу, гүржүүд зүгээр бэлгэдлийн журмаар сургаад дипломыг нь олгочихсон ч юм уу хэн ч мэдэхгүй шүү дээ. Манай хүний хувьд үнэхээр сурах гэж явж Анагаах ч үгүй, шатар ч үгүй болсон ийм нэг харамсалтай явдал байдаг юм. Ер нь хүний тархи гэдэг чинь ачааллаа тохируулахгүй бол тун осолтой эрхтэн. Шатрын дасгалжуулагч хүн ч гэсэн тамирчдынхаа ачааллыг тохируулахгүй бол амжилт гаргах талаар саналтгүй, тун ч нарийн ажил байдаг юм даа.
Монголоос төрсөн гурав дахь Олон улсын мастер
-Таны шатар тоглож байсан үеийн амжилт гээд яривал бас л их сонин түүх хуучлах байх.
-Би 1970 оны дэлхийн шатрын 19–р олимпиадад үзүүлсэн амжилтаараа спортын мастер, 1988 онд олон улсын мастер цолыг хүртсэн. Жил бүр Улаанбаатар хотноо уламжлал болон зохиогддог байсан «Тоншуул» сэтгүүлийн нэрэмжит олон улсын 4–р тэмцээний 2–р байр, 5–р тэмцээний аварга болж байсан.
-Олимпиадад хэчнээн удаа оролцов?
-1970, 1972, 1980, 1982 онд Зиген, Скопле, Ла–Валлета, Люцерны дэлхийн шатрын 19, 20, 24, 25–р олимпиадад оролцож байсан.
-Таныг чинь 40 шахсан насандаа анх удаа насанд хүрэгчдийн улсын аварга болж байсан гэдэг байх аа?
-Тийм ээ. 1985 оны аварга, 1977, 1984 онд мөнгө, 1980, 1986 оны хүрэл медальтай. «Монхангай–2000» шилдэг шатарчдын тэмцээний аварга, МБАТ–ний спартакиадын алт, мөнгө, хүрэл медальтай.
Завхан нутаг шатарчдын өлгий
-Танай аймгаас төрж гарсан алдартай шатарчид гээд нэрлэвэл олон л хүн байгаа байх? -Ер нь Завхан аймаг бол шатраараа алдартай. Миний өмнөх үеэс Завхан Жүгдэр гэж алдартай сайн шатарчин байлаа. н.Нямдорж, н.Бямбажав, н.Санжаа, н.Туваан гээд нэрлээд байвал зөндөө. Сүүл үеийнхнээс гэвэл Монголын анхны их мастер Б.Хатанбаатар, эмэгтэй их мастер Б.Мөнгөнтуул нарыг нэрлэж болж байна.
-Шатрын анхны ОУМ Л.Үйтүмэн гуай хаанахынх билээ? -Говь-Алтайнх. -Ажаад байх нь ээ, Монголын үе, үеийн шатарчид ер нь Говь-Алтай, Завханаас төрөх учиртай юм аа даа. Сүүлд Өвөрхангайгаас бас их сайн шатарчид төрж байх шиг байна?
-Говь-Алтайн хувьд их учиртай. Монголын шатрын спортын түүхэнд үлдсэн хэд, хэдэн онцлог үйл явдал энэ аймагтай холбоотой байдаг юм. Нэгдүгээрт, Монголоос төрсөн анхны ОУМ Л.Үйтүмэн энэ нутгийнх. 1976 онд УАШТ-ийг аймагтаа хүлээн авахдаа “Аймгаараа шатарчин болно” гэж уриалга гаргаж байсан. Мөн үүнийхээ дараа 1982 оны УАШТ-ийг анх удаа сумандаа зохион байгуулж чадсан. Бигэр сум энэ тэмцээнийг зохион байгуулалтын өндөр төвшинд хүлээж авсан. Суманд УАШТ зохион байгуулж байсан түүх миний л мэдэхийн байхгүй. Сумын удирдлага тэгэхэд “Айл болгон шатартай болж, хүн бүр шатар тоглож сурья” гэсэн уриалга гаргаж байсан түүхтэй.
-Таны хайгаад байгаа нөгөө сод шатарчин чинь магадгүй ач, зээ нар дотор чинь явж байгаа ч юм бил үү.
-Манайх дөрвөн хүүхэдтэй. Нэг охин маань нягтлан бодогч, бас нэг охин маань МҮХАҮТ-д ажилладаг. Бусад нь хувиараа хөдөлмөр эрхлээд амьдарцгааж байна даа. Ач зээ 10 гаруй болсон. Өнөр өтгөн гэр бүлтэй хүн дээ.
-Тэднийгээ хааяа ч гэсэн дасгалжуулагч хүний нүдээр харна биз?
-Өө, тэгэлгүй яах вэ. Харж л байдаг юм. Сайн шатарчин төрөх байх гэж итгэдэг.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна