УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар зургаан асуудал хэлэлцэхээс яг одоо,
· Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2024.12.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
· “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.12.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэж байгаа юм.
Гишүүн Ц.Идэрбат “Монгол Улс 2007 онд Стратегийн ордын жагсаалт баталсан. Дараа нь хавстралтаар 39 ордын жагсаалтыг баталсан. Одоо эдгээр ордууд хаана, хэний эзэмшилд байна вэ. Хувьд шилжсэн ордуудын 34 хувийг эзэмших хэлэлцээрүүд эхлүүлсэн гэсэн. Ямар шатанд явж байгаа вэ. Бид 4, 5-хан ордын ногдол ашгаас 135,000 төгрөгийн хуримтлал үүсгэж чадсан. Бусад ордуудаа эргэлтэд оруулж, эзэмшиж чадвал 40, 50 ордоос хуримтлал үүсгэх боломжтой болно шүү дээ” гэж асуув.
Ажлын хэсгийн ахлагч Н.Учрал “Иргэд байгалийн баялгаасаа хувь хүртэж, түүнийгээ мөнгөн дүн хэлбэрээр хараад, орон сууц, эрүүл мэнд зэрэг үйлчилгээнд захиран зарцуулах боломжийг Баялгийн сангийн тухай хуулиар бий болгосон.
Эрдэнэт УБҮ-ийн үүсмэл ордод үйл ажиллагаа явуулж байгаа “Ачит ихт”-ийн 34 хувийг төр эзэмших хэлэлцээрийг өчигдөр эхлүүлсэн. Хувийн хэвшилд ч, ард түмэнд ч, төрд ч ашигтай байх хувилбараар шийднэ. Стратегийн хоёр ордын 34 хувийг төрийн мэдэлд авах хэлэлцээрийг удахгүй эхлүүлнэ” гэж хариулав.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна