УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Ч.Лодойсамбуу нар НӨАТ-ыг таван хууль болгож бууруулах хуулийн төсөл санаачилснаа өнөөдөр УИХ-д өргөн барилаа.
Уг хуулийн төсөл 2019 онд анх өргөн баригдаж байсан бөгөөд тухайн Парламентынхаа бүрэн эрхийн хугацаанд батлагдахгүй бол буцаагддаг хуулийн дагуу буцаагдсаар энэ Парламентын үед дахин өргөн баригдсан нь энэ. Төрөөс татварын орчинд нэвтрүүлсэн цахимжлтын үр дүн сайн, жилээс жилд далд эдийн засаг ил гарч байсан учраас тэр үед НӨАТ-ыг багасгах нь цаг хугацааны хувьд арай л биш байлаа.
НӨАТ-ын одоогийн хэмжээ 10 хувь байгаа бөгөөд 50 хувь бууруулснаар ААН-үүдийн үйл ажиллагаанд бодит дэмжлэг болж, татварын бааз суурийг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж санаачлагчид нь үзэж байгаа юм.
Тодруулбал, одоо НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн 80,000 АНН /180,000 ААН-ээс/, 50,000 хувиараа хөдөлмөр эрхлэгчийн /250,000 хувиараа хөдөлмөр эрхлэгчээс/ тоог өсгөх, өдгөө НӨАТ-ын өрөнд орж хаалгаа барихад ойртсон, НӨАТ-аас зугтаж далд эдийн засгийг үүсгэж байгаа ААН-үүдийг "аврах" зорилгоор уг хуулийг өргөн барьж байгаагаа санаачлагч нар нь мэдэгдсэн.
Уг асуудлыг Төсөв хэлэлцэх үеэр нэг бус гишүүн хөндсөн ч энэхүү татвар нь төсвийн орлогын үндсэн хэсгийг бүрдүүлдэг тул өөрчлөх боломжгүй гэсэн байр суурийг Сангийн яамны зүгээс илэрхийлж байсан билээ.
Гэхдээ энэ удаад гишүүд чуулган дээр байр суурь илэрхийлэх бус, хуулийн төсөл санаачлан оруулж ирж байгаа бөгөөд татварын дарамтыг эсэргүүцсэн иргэдийн жагсаал болж, Засгийн газар татварын бодлогоо эргэж харах үүргийг Сангийн яамнд өгсөн үед өргөн баригдаж байгаа гэдгээрээ онцлогтой болж байна.
2025 оны төсөвт НӨАТ-аас 7,67 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхээр тооцоод байгаа бөгөөд хувь хэмжээ буурсан тохиолдолд орлого буурна.
Мөн аливаа татварыг буулгахдаа орлого буурсан үед буюу сөрөг нөлөө илэрсэн үед авч үздэг. Тэгвэл НӨАТ-ын орлого 2023 онд 4.8 их наяд, 2024 онд 6,0 их наяд гэх зэргээр өсөлттэй явж ирсэн. Өөрөөр хэлбэл, одоо үйлчилж байгаа хувь хэмжээ бололцооныхоо дээд хэмжээнд хүрээгүй. Гэсэн ч шинээр НӨАТ төлөгч нэмэгдэхээс илүү өмнө нь НӨАТ төлөгч байсан ААН-үүд хүнд байдалд орж байгаа учир байдал хүндрэхээс өмнө хувь хэмжээг буулгаж, ААН-үүдээ авч үлдэх нь илүү чухал гэдэг үндэслэлээр батлагдах магадлал өндөр байна.
Дашрамд, НӨАТ дээр хувь хэмжээ буулгах, буцаан олголтыг буулгах гэсэн хоёр асуудал яригддаг. Улсын Их Хурлын дарга асан Г.Занданшатар 2023 оны Төсөв хэлэлцэхийн өмнө Нийтийн өргөдөл хүлээн авах Улсын Их Хурлын цахим системд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг 5 хувиас доошгүй байхаар тогтоох саналыг байршуулсан байдаг. Уг өргөдөл 100 мянган хүний дэмжлэгийг авсан ч УИХ хэлэлцээгүй байгаа юм.
Харин Энэ удаа Б.Пүрэвдорж нарын гишүүд ААН-үүдэд илүү анхаарсан хувилбараар хуулийн төсөл өргөн барьжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна