УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдөр /2025.01.21/-ийн хуралдаанаар “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг сонсож, байнгын хорооны гурван тогтоол баталлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санаачлан батлуулсан энэ тогтоолын үр дүнд “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн болон өргөжин тэлж байна. Тогтоолын хүрээнд таван жилд гол нэр төрлийн 19 хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангаж, хүнсний сүлжээний бүх үе шатанд аюулгүй байдлыг хангах, түүхий эдийн дотоодын нөөц ашиглалтыг нэмэгдүүлэх, импортын хамаарлыг бууруулах, цаашид хүнс экспортлогч орон болох зорилтыг дэвшүүлсэн. Уг тогтоолын хүрээнд таван чиглэл, 41 үйл ажиллагаа, 114 арга хэмжээг 2022-2026 онд 1.7 их наяд төгрөгийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр тусгасан юм.
Тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор 10 хуулийн төсөл боловсруулахаас гурван хуулийн төсөл, гурван хуулийн төслийн үзэл баримтлал батлагдсан, дөрвөн хуулийн төсөл боловсруулах түвшинд явж байна.
“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2023-2024 онд 3153 аж ахуйн нэгжид 1,259.1 тэрбум төгрөг олгож, хүнсний 39 шинэ үйлдвэр бий болсон ажээ. Мөн хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцүүлэх, хяналтын ажлын хэсэг, ажлын хэсгийн удирдамж бүхий тогтоолын төслүүдийг хэлэлцэж баталлаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна