Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-тай хамтран хэрэгжүүлж буй “Зах зээлд чиглэсэн хөдөө аж ахуйг дэмжих МОН-SHEP төсөл”-ийн Удирдах хороо хуралдлаа.
Төслийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газар 2024 оноос хамтран хэрэгжүүлж эхэлсэн. ХХААХҮ-ийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн төслийн Удирдах хороог даргалж байгаа юм. Тэрбээр Удирдах хорооны хурлыг нээж хэлсэн үгэндээ, “Суурьшмал амьдрал зонхилох болсон өнөө үед монгол хүмүүсийн хоол, хүнсний төрөл, хэлбэр ихээхэн өөрчлөгдөн, эрүүл хооллолтыг чухалчлах болсон. Энэхүү хэрэгцээ шаардлагыг эрүүл, найдвартай хүнсний ногоогоор хангахад “Зах зээлд чиглэсэн хөдөө аж ахуйг дэмжих МОН-SHEP төсөл” чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна. Төслийн хүрээнд нэвтрүүлэх SHEP аргачлал нь зах зээлийн хандлага, хэрэгцээ шаардлагыг ойлгож мэдсэн тариаланч өөрөө тарих таримлаа сонгож, ногооны чанар, ургац хураалтын хугацааг эртийн, дундын, оройн гэж төрөлжүүлэхэд суралцах юм. Өөрөөр хэлбэл, жижиг, дунд тариаланчид “Тариад зарах” бус “Зарахын тулд тарих” арга барилд шилжиж чадсанаар өрхийн ашиг орлогоо нэмэгдүүлэхэд хувь нэмэр болно гэж үзэж байна. Энэ нь Монгол Улсын Засгийн газрын баримталж буй хүнсний аюулгүй байдлыг хангах, хүнсний ногоо тариалагчдын борлуулалтын чадавхыг нэмэгдүүлэх бодлоготой нийцэж байна. ХХААХҮ-ийн яам, ЖАЙКА-ийн техникийн хамтын ажиллагааны уг төслийг үр дүнтэй, амжилттай хэрэгжүүлж, дотоодын хүнсний ногооны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулж ажиллахыг уриалж байна” гэв.
ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Мияаги Кэнсүкэ ХХААХҮ-ийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэнтэй санал нэг байгаа гэдгээ илэрхийлээд, “Монголчуудын хүнсний ногооны хэрэгцээ өсөн нэмэгдэж буй нь аюулгүй, найдвартай нийлүүлэлт шаардах болсон. МОН-SHEP төсөл хэрэгжсэнээр жижиг, дунд хүнсний ногоо тариалагчдын чадавхжуулж, үйлдвэрлэлийг дэмжин, зах зээлд чиглэсэн үр өгөөжтэй хөдөө аж ахуйг бий болгон, Монгол Улсын хүнсний аюулгүй байдлыг бэхжүүлэх чиглэлд дэвшил авчирна гэдэгт найдаж байна”хэмээн төсөл хэрэгжүүлэх багийнханд амжилт хүслээ.
Тус төсөл 2006 оноос хойш дэлхийн 60 гаруй улсад амжилттай хэрэгжсэн арга техникийг нэвтрүүлэх бөгөөд жижиг, дунд тариаланчдаас гадна хөдөө аж ахуйн салбарын төрийн албан хаагчдыг чадавхжуулах замаар хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжихэд чиглэж байгаа юм. Төслийг 2024-2028 онд дөрвөн жилийн хугацаатай хэрэгжүүлнэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна