Аюулгүй байдлын ухааны доктор Ж.Цэсэнгийн Үндэсний аюулгүй байдал ба хэвлэл мэдээлэл сэдэвт бүтээлийн нээлт боллоо

С.Гандэлгэр
2 цаг 9 минутын өмнө

Аюулгүй байдлын ухааны доктор Ж.Цэсэнгийн  “Үндэсний аюулгүй байдлыг хангахад Олон нийтийн хэвлэл мэдээллийн оролцоог нэмэгдүүлэх нь” шинэ бүтээлийн нээлт Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулиа тунхагласан түүхэн өдөр болж өнгөрлөө. 

Аюулгүй байдлын ухааны доктор хамгаалсан бүтээлээ хялбаршуулан зохион болгож, эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлэлүүдээ эмхэтгэсэн уг шинэ бүтээлийн нээлтэд аюулгүй байдлын болон сэтгүүлзүйн шинжлэх ухааны судлаач эрдэмтэд, улстөрчид, хэвлэл мэдээллийн салбарын нэр хүндтэй төлөөллүүд оролцсон юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн, сэтгүүлч Л.Мөнхбаясгалан, УИХ-ын гишүүн А.Ганбаатар, УИХ-ын гишүүн Ө.Шижир

Ж.Цэсэнгийн багш, докторын эрдмийн ажлын удирдагч Шинжлэх ухааны доктор, профессор, хурандаа Баасанжавын Өлзийхуяг, Үндэсний Батлан хамгаалахын Их сургуулийн Эрдэм шинжилгээ, инновац, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Доктор (Ph.D), хурандаа Бат-Эрдэнэ, Шинжлэх ухааны доктор, профессор, хошууч генерал, Монгол Генерал төвийн тэргүүн  З.Болдбаатар, бригадын генерал Б.Ууганбаяр сэтгүүлзүйн багш доктор (Ph.D), дэд профессор Д.Одмандах, доктор (Ph.D Галаарид нарын олон эрдэмтэд энэхүү шинэ бүтээлийн талаар байр сууриа илэрхийлж, онолын болон практик ач холбогдлыг нь онцлон дурдлаа. Доктор (Ph.D) Ж.Цэсэн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн Эрдмийн зөвлөлд нэг сэдэвт бүтээлээ танилцуулж, мэтгэлцэж, эрдэмтэн мэргэдээр хэлэлцүүлэн шүүлгэсний үр дүнд Аюулгүй байдлын ухааны докторын зэрэг хамгаалсан уг бүтээлээ баяжуулан уншигчдад өргөн барьж байгаа нь энэ аж. Уг бүтээлд аюулгүй байдлын ухаан болон ОНМХ-ийн хоорондын уялдаа хийгээд, нөлөөлөл, хоёр шинжлэх ухааны харилцан шүтэлцээ, олон улсын туршлага сургамж, онолын асуудлыг судалж цаашид баримтлах зарчим үүрэг, оролцооны хэлбэр зэргийг судлаачийн зүгээс боловсруулснаа танилцууллаа.


Доктор Ж.Цэсэн энэ бүтээлээрээ Үндэсний аюулгүй байдлын орчин дахь хэвлэл мэдээллийн оролцооны онолын үндэс, олон улсын чиг хандлага, Монгол Улсын нөхцөлд тохирох бодлогын боломж, сорилтуудыг шинжлэх ухааны баримт нотолгоонд тулгуурлан судалсан судалгааны үр дүн, эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэлүүдээ эмхэтгэн уншигч, судлаачдад хүргэж байна.  Мэдээллийн орчинд үүсэж буй аюулгүй байдлын эрсдэл, тэдгээрийн далд болон шууд нөлөөллийн механизмыг задлан шинжилж, гадаад болон дотоодын нөхцөл байдлыг судалж, үндэсний аюулгүй байдлыг хангах, хамгаалахад хэвлэл мэдээллийн оролцоог хэрхэн үр дүнтэй болгох талаарх санал,зөвлөмжийг боловсруулсан байна. Мөн түүнчлэн  төрийн байгууллагуудын мэдээллийн бодлого, мэргэжлийн сэтгүүл зүйн төлөвшил, олон нийтийн мэдээллийн боловсролын түвшин болон мэдээллийн системийн тогтвортой байдлыг хөндөж, мэдээллийн аюулгүй байдлын цогц ойлголтыг эрдэм шинжилгээний үүднээс баяжуулж, бодит баримтад тулгуурласан шинэчлэлийн боломжийг тодорхойлж өгчээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна