Ц.Элбэгдорж: Н.Энхбаяр бол тахал мэт тархсан Монголын авлига хулгайн зохиогч

Х.Есү
1 цаг 31 минутын өмнө

Өргөө зочид буудлыг нийслэлийн өмчид авах шаардлагыг холбогдох албаныхан Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт хүргүүлсэн.  Гэтэл Н.Энхбаяр тухайн шаардлагыг хүлээн авахгүй гэх байр суурийг илэрхийлсэн. Энэ талаар Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж ийнхүү байр сууриа илэрхийлжээ. 

Тэрбээр "Өнөөгийн бүх хулгай, авлигыг гардан эхлүүлсэн хүн ийм юм ярьж зогсох гэж. 2000 онд Засаг тэргүүлэхдээ төрийн албан тушаалыг үнэлж зарахаас ажлаа эхэлсэн. Тэр үеийн Их Хурлын 76 гишүүний 72 нь МАХН. Намбарын Энхбаяр тус намын дарга, Ерөнхий Сайд нь байв. 

Түүний хулгай луйвар, дураараа дургилтад хяналт тавих сөрөг хүчин байгаагүй, олон нийтийн мэдээлэл өнөөгийнх шиг хөгжөөгүй байв. Энхбаяр бол өдгөө тахал мэт тархсан Монголын авлига хулгайн зохиогч, гардан гүйцэтгэгч, түүнээс ашиг хүртэж амташсан этгээд. Хулгай дээрэм түүний эхлүүлсэн үлгэр жишээгээр манай нийгмийн салаа салбар, төрийн шат дамжлага бүрт халдварлан дэлбэртлээ тархсан.

Шаравжамцын Батбаяр "Энхбаярын хулгай луйварын товчоон"-ыг ном болгон 2000 оны дундуур хэвлүүлж байв. 140 гаруй хулгай авлига, албан тушаалын гэмт үйлдлийг нь баримтжуулсан. Энхбаярыг "Авилгын загалмайлсан эцэг", "Урт шар дээлтийн аюул", "Хулгайч мангас" гэж цоллодог байлаа. Доктор Ганбат гэх нийтлэлч Энхбаярын хулгай авлигын тухай "Аалзны Тор" хэмээх цуврал өгүүллэг "Өдрийн сонин"-д олон дугаар дамжуулан бичиж шуугиулна.

Суудал сандлын арилжаа, газар олголт, хөрөнгийн худалдаа хувьчлал, улсын үйлдвэрийн газрын шахаа гээд өнгөтэй өөдтэй бүхэн рүү Энхбаярыг гараа хэрхэн дүрдгийг илчилж байсан нь тэр юм. Өр, орд, холын элч зочин, хөрөнгө оруулагчдаас хүртэл хувь нэхэж, цавчаа хийж хүний нүүр түлж шившиг нь дэвэрч байв. 2009 оны сонгуульд ялагдангуут Энхбаярын авлига хулгайг баримтжуулсан олон хавтас Авлигатай Тэмцэх Газарт хүргэгдсэн. 

Мөрдөн шалгах байгууллагаас 12 удаа дуудаж, ирээгүй учир баривчлагдсанаар тэр хуулийн өмнө очсон. Ерөнхийлөгч байхдаа аргалж 2008 онд зувчуулсан "Өргөө" луйвараасаа үүдэн сандарч яваа бололтой. Түүний авлигач, хулгайч болсонд би хамаагүй. Энхбаярт үнэн байхгүй, харин хувийн атгаг сонирхол, алсын шуналтайг нь олон хүн анхааруулдаг. Хуучин хонхны хэл шиг төрийн ордны хонгилд үргэлж дон дон гэж зогсох нь өрөвдөм" гэжээ.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 203.145.94.117
    23 минутын өмнө

    Тэр тийм байх. Энэ Лалар тэгвэл тэр зохиолын шилдэг 1 номерын хэрэгжүүлэгч .

    Хариулах
  • 202.126.88.98
    3 минутын өмнө

    1990 онд босоогоороо тэнцсэн ардчиллын цагаан унагыг унаа даахтай болох 2000 онд буруу тийш залаад давхичихсан.Төөрсөн ардчилал зөв замаа одоо ч олоогүй явна

    Хариулах
  • 59.153.114.81
    10 минутын өмнө

    Хэрээ хэрээнийхээ харийг гайхцгаа бүгд л хулгайч байсан байж чи ч бас ариухан амьтан биш эрдэнэтийг яах гэж байлаа чи ингэж ярих эрх чамд байхгүй чи басл том авилгалч

    Хариулах