Нүүрсний үнэ буурсан ч экспортоо нэмэгдүүлэх замаар төсвийн тодотголоос зайлсхийх үү

С.Гандэлгэр
4 цаг 30 минутын өмнө

Монголын уул уурхайн салбар өнгөрсөн онд амжилттай ажиллаж, улсын эдийн засаг мэдэгдэхүйц өссөн жил байлаа. Гадаад валютын улсын нөөц 5.3 тэрбум ам.долларт хүрсэн нь түүхэн дээд үзүүлэлт болов. Үүнтэй холбоотойгоор энэ оны улсын төсвийг багагүй алдагдалтай өргөн барьж баталсан ч удтал маргалдсаны эцэст төсвийн орлогыг 33.5 их наяд /ДНБ/-ий 35.2 хувь, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 33.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35.2 хувьд хүрч нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл алдагдалгүй болгож баталсан юм. 

Гэтэл оны эхнээс л төсвийн орлого өмнөх оны мөн үеэс нэг их наяд төгрөгөөр буурсан мэдээлэл байна. Түүгээр зогсохгүй төсвийн тэнцэл -492.7 гарсан. Энэ хэвээрээ үргэлжилбэл улсын эдийн засагт тун эрсдэлтэй.

 Шалтгаан нь нүүрсний үнэ. Монгол Улсын эдийн засаг нүүрснээс үндсэндээ хараат гэж хэлж болохоор. Эдийн засаг тэлэхийн хэрээр зэс болон бусад ашигт малтмалын экспортод үзүүлэх нөлөө буурч, нүүрс илүү их нөлөө үзүүлж байна.

2024 онд Монгол Улс 83 сая тонн нүүрс борлуулсан нь түүхэн дээд амжилт байв. Ингэхдээ тонн бүрийг дунджаар 107 ам.доллараар борлуулсан гэх тооцоолол байна. Харин он гарсаар тонн нүүрсийг 86 ам.доллараар борлуулж байна.

Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурч байгаа нь манай улсын эдийн засагт хэд хэдэн нөлөөлөл үзүүлнэ.

  • Экспортын орлого буурах
  • Төсвийн орлого багасах
  • Төгрөгийн ханш буурах

Нүүрс бол Монгол Улсын экспортын шол бүтээгдэхүүн бөгөөд дийлэнх экспортын орлогыг бүрдүүлдэг. Үнэ буурснаар экспортоос олдог гадаад валютын урсгал саармагжих эрсдэлтэй гэсэн үг. Экспорт буурснаар мэдээж төсвийн орлого буурна. Түүнээс гадна уул уурхайн татвар, АМНАТ зэрэг олон төрлийн татварын орлого ч дагаад буурна гэсэн үг.

Өнгөрсөн онд гадаад валютын хэмжээ түүхэн дээд хэмжээнд хүрсэн талаар ярьсан. Гэвч нүүрсний экспортоос орж ирэх валютын хэмжээ буурч гадагшаа чиглэж буй гадаад валютын хэмжээ нэмэгдсээр байвал төгрөгийн ханш сулрах магадлалтай.

Харин төсвийн орлого тасалдсан тохиолдолд татвар нэмэх, зээлээр санхүүжүүлэх, төсвийн тодотгол хийх зэргээр зохицуулалт хийх шаардлага үүсэх юм. 

Тэгвэл яагаад нүүрсний үнэ буурч байна вэ 

Үнэ мэдээж эрэлт нийлүүлэлтээс шалтгаалан хэлбэлздэг. БНХАУ-ын гангийн үйлдвэрлэл саарч, гангийн бүтээгдэхүүн хадгалах агуулахууд дүүрсэн учраас манайх төдийгүй БНХАУ-ын зах зээлд ч нүүрсний үнэ унасан байна. 

Түүнчлэн ОХУ болон Австралийн нүүрс нийлүүлэлт нэмэгдсэн нь манай өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлж байж болзошгүй. Зарим экспертүүдийн үзэж байгаагаар БНХАУ-ын үл хөдлөх салбарын уналтыг гангийн үйлдвэрүүдийн эрэлт буурсантай холбож буй.

Нүүрсний үнэ унасан ч экспортыг нэмэгдүүлнэ

Монгол Улсын хувьд энэ жил 83 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөж, дундаж үнийг 105 ам.доллараар тооцсон. Энэ тооцоололдоо хүрэхгүй байгаа ч экспортоо нэмэгдүүлэх замаар төсвийн орлогоо алдагдалгүй болох боломжтой аж.

Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Экспортын гол түүхий эдүүдийн үнэ гадаад зах зээлд унах нь таатай зүйл биш. Гэхдээ бид өнгөрсөн хугацаанд зээлжих зэрэглэлээ сайжруулж чадлаа. Хөгжлийн банк хэвийн байдалд орж байна. Бондын зах зээлд өрийн зохицуулалтыг маш амжилттай хийсэн. Ингэснээр 2025, 2026 онд ямар нэг бондын тулсан өргүй болсон учраас 2025 оны төсөвт зохицуулалтад хийхэд маш сайн орон зай гарч ирж байгаа гэсэн үг. Мөчлөг сөрсөн бодлогоо цааш нь үргэлжлүүлэх бүрэн потенциал бүрдсэн.

Хуулиар заасан тодорхой шаардлага үүссэн нөхцөлд Монгол Улсын төсөвт тодотгол хийдэг. Одоогоор төсөвт тодотгол хийх шаардлага үүсээгүй байна. Энэ оны нэгдүгээр улирлынхаа хүлээлтийг харж байхад төсөвт тодотгол хийх шаардлага байхгүй” гэсэн юм.

Нүүрсний үнэ унаж байгаа ч Монгол Улс нүүрсний экспортоо нэмэгдүүлж, орлогоо нөхөх боломжтой. Тэгэхээр ганц улсаас шууд хамааралтай нүүрсний экспортоо БНЭУ, Япон гэх мэт газар нутгийн хувьд ойрхон улсуудад нийлүүлэх боломж эрэлхийлж, боомтуудын гарцаа нэмэгдүүлэх нь нэн тэргүүний шаардлага болж буй. 

Саяхныг хүртэл Монгол Улсын эдийн засаг хүндхэн байсан ч өнгөрсөн жилүүдэд хийж хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн ачаар зээлжих зэрэглэл дээшилж, саарал жагсаалтад орох эрсдэл буурсан. ДНБ эрчтэй нэмэгдэж, төсөв тэлсэн нь сайны дохио байсан. Тиймдээ ч нүүрсний ханш уналттай байгаа үеийг экспортоо нэмэгдүүлэх замаар төсвийн алдагдлаа нөхөж, даван туулах боломжтой байгаа юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна