Дугуйн спортын ОУХМ Г.Анхбаяртай ярилцлаа. “Алматы 2024” засмал замын дугуйн Ази тивийн АШТ-ээс мөнгөн медаль хүртэж байсан тэрбээр “Питсанюлок-Пичит 2025” засмал замын дугуйн Ази тивийн АШТ-ий мастеруудын 64-69 ангиллын уралдаанаас мөнгө, хүрэл медаль хүртсэн юм.
Тивийн АШТ-ий мастеруудын 65-69 насны ангилалд гол өрсөлдөөн Казахстаны тамирчин, “Турин 2013” Бүх дэлхийн мастеруудын тоглолтын аварга, тивийн АШТ-ий олон алтан медальтай Алексей Абраменко, Тажикистаны тамирчин Ринат Батыршин, манай ОУХМ Гүрдоржийн Анхбаяр нарын хооронд өрнөсөн.
Манай тамирчин ганцаарчилсан гараатай уралдаанд гол өрсөлдөгч А.Абраменкогоос 2.895 секунд хоцрон мөнгөн медаль, бөөн гараатай уралдаанд хүрэл медаль зүүсэн юм.
Ярилцлагыг энэ сарын 11-ний өдөр эрэгтэй элит цуваа гараатай уралдаан эхлэхийн өмнө, түүнийг бөөн гараатай уралдааныхаа бэлтгэлийг хийж дууссаны дараа авсан болно.
-Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн танд баяр хүргэе. Уралдаан ямархуу болж өнгөрөв. Санасандаа хүртэл уралдаж чадав уу?
-Баярлалаа. Сэтгэгдэл сайхан байлгүй яах вэ. Ялангуяа, одоо бид нарын насан дээр “Бусдыг ялна, бусадтай уралдана” гэхээсээ илүү “Өөрийгөө ялна, өөрийгөө даван туулна” гэдэг тэр хүсэл эрмэлзэл л их байх юм даа. Мэдээжийн хэрэг, ялах сайхан, медаль авах сайхан. Гэхдээ алтан медальд ойрхон байсан болохоор харамсалтай байна.
-Гол өрсөлдөгчтэйгөө их ойрхон уралдаж, ердөө хоёр секунд гаруйг л алдсан?
-Тийм. Урьд өмнөх уралдаануудад А.Абраменког хоёр минут гаруйгаар алддаг байсан бол энэ удаа нэлээд багасгаж, хоёр секунд руу оруулсан. Тэгэхээр бас цаашдаа боломж байна аа л гэж харж байгаа.
-Та залуудаа уралддаг байсан уу. Мастеруудын ангилалд орж байгаа тамирчдыг харахаар өмнө нь дугуйн спортоор хичээллэдэг байсан, эсвэл өөр спортоор хичээллэж байгаад дугуй руу орж ирсэн, дандаа л их спорттой ойр хүмүүс байх юм?
-Би дугуйн спортоор ердөө хоёр жил уралдсан. Хүүхэд байхдаа шүү дээ. Наймдугаар ангиасаа аравдугаар ангиа төгстөл. Би бол тэр хугацааг миний амьдралын их чухал үе гэж боддог юм. Яагаад гэвэл би тэр үед л төлөвшиж, эр хүн болж, тэсвэр тэвчээртэй, юмыг арай өөр талаас нь хардаг болсон. Надад их чухал, чухал чанаруудыг суулгаж өгсөн. Би Я.Баатар багшдаа их хайртай, тэр хүнийг дотроо хүндэлж явдаг. Учир нь, би айлын эрх хүүхэд байсан. Амьдрал мэдэхгүй, тэвчээргүй...Гэтэл дугуйн спортод орсноороо тэр дутагдал, сул талуудаа даван туулж, юманд хүрэхийн төлөө зүтгэж, хичээнгүй байж, өөрөө өөрийгөө дайчилж сурсан. Энэ бүх сайн чанаруудыг надад Я.Баатар багш суулгасан гэж бодож явдаг. Энэ сайн чанарууд амьдралд маань их сайнаар нөлөөлж ирсэн.
-Спортоор хичээллэж хувийн зохион байгуулалтаа сайжруулчихаар дагаад амьдралд хандах хандлага нь бас өөрчлөгдөж, тулгарсан асуудлаа зөв шийдвэрлэхэд нөлөөлдөг байх нь гэж ойлголоо?
-Тийм. Хувийн зохион байгуулалт гэхээсээ илүүтэй аливаа бэрхшээлийг даван туулах чадварыг бий болгож өгдөг юм байна. Дугуйн чинь өөрөө их тэсвэрийн спорт шүү дээ. Амжилтад хүрэхийн тулд хүн их хүч хөдөлмөр зарцуулдаг, өөрийгөө дайчлах, өөртэйгөө ажиллах шаардлагатай болдог. Би боддог юм, бусад спортуудтай харьцуулахад хамгийн нандин, сайхан чанаруудыг бүгдийг агуулдаг юм болов уу гэж...
Их сонин спорт шүү дээ, дугуй. Техникийн спорт, багийн спорт, хувийн спорт. Тэгсэн мөртлөө бас гэр бүлийн спорт. Яагаад би тэгж хэлж байна вэ гэхээр, бокс ч байдаг юм уу, бөх ч байдаг юм уу спортын тамирчин байлаа гэхэд гэртээ хүрч ирчихээд эхнэртэйгээ боксдоод, хүүхэдтэйгээ боксдоод, эсвэл барилдаад явж болохгүй шүү дээ. Гэтэл дугуйг гэр бүлээрээ, бүгд хамтдаа унаад яваад байж болдог. Хамтдаа хөгжилдөөд, хоорондоо уралдаад...
Нөгөө талаас, өнгөц харахад хоорондоо уралдаад байгаа хувийн өрсөлдөөн юм шиг боловч үнэн хэрэгтээ багийн спорт. Багийн спортдоо бүр өөрөө өөрийгөө золиосолж байгаад лидерээ түрүүлэх, медаль авахад нь тусалдаг. Багийн бусад спортод бол бүгд хамт медаль авдаг шүү дээ. Энэ утгаараа багийн спортоос бүр илүү нандин харилцаа явж байдаг. Чи багийнхаа амжилтын төлөө лидертээ өөрийнхөө манярканд байгаа усаа өгнө. Өөрт байгаа хүчээ шавхтал зүтгэнэ. Тэр хүнийг хамгаална, тэр хүний төлөө бүхнийг хийдэг байхгүй юу. Тэгсэн мөртлөө ганц, ганцаараа явахаараа бас ялахын төлөө хамаг бүхнээ хийдэг. Тэр утгаараа энэ бол маш чухал спорт.
Өөр нарийн ширийн зүйлсийг яриад байвал дуусахгүй л дээ. Хөнгөний тамирчин жишээ нь, майк, пүүзээ цүнхэлж очоод л уралддаг. Гэтэл дугуйныхан яадаг вэ гэхээр, хувцсаа бэлдэнэ, дугуйгаа бэлдэнэ. Очсон хойноо замаа үзнэ, техникийн нөхцлүүдээ хийнэ. Байгаль цаг уурын нөхцлөөс бас их шалтгаална. Боксчин хүн гурван өрсөлдөгчөө ялаад амжилтынхаа үзүүрээс атгадаг бол дугуй тийм биш, 300, 400 хүнтэй зэрэг уралддаг байхгүй юу. Уралдаад явж байхдаа замаа харна, техникээ хянана. Өрсөлдөгчөө харна, салхиа мэдэрнэ... Гэх мэтээр дугуй бол их хүнд спорт. Гэсэн мөртлөө сайхан спорт.
-10 жилд байхдаа хоёр жил уралдсанаасаа хойш хэдийд буцаад дугуйндаа орж ирсэн бэ?
-2010 онд. 40 нэлээд гарч, 50 дөхчихсөн л байсан даа. Хэдэн найзуудаараа нийлээд дугуй унаж байя гэдэг санал санаачилга гаргаад хэрэгжүүлсэн. Одоо талийгаач болчихсон н.Цогтгэрэл маань энэ тал дээр их санаачилгатай байсан. Ингээд хуучны мастерууд нийлээд дугуйгаар явж эхэлсэн. Тэр маань сүүлдээ уралдаан тэмцээнүүд болоод, тус тусдаа клубууд болж хуваагдаад явсан л даа. Өнөөдөр ингээд бодох нь ээ, 15 жил болчихож. Нэгд, цаг хугацаа их хурдан юм. Хоёрт, Монголын мастеруудын амжилт их өндөр түвшинд хүрч. Яагаад гэвэл бидний дотоодын өрсөлдөөн их ширүүн, амжилтууд нь хоорондоо ойрхон байдаг. Тэр өрсөлдөөн гадагшаа явж уралдаж амжилт гаргахад сайнаар нөлөөлдөг гэж боддог.
-15 жилийн өмнө хамт дугуй унадаг байсан найзууд сүүлдээ тусдаа клубууд байгуулсан гэж та түрүүнд ярьсан. Энэ талаараа жаахан дэлгэрэнгүй ярьж өгөөч?
-Тухайн үед бол зүгээр л эрүүл мэндийн чиглэлээрээ дугуй унаад, хобби маягтай явдаг байсан. Сүүдээ мэдээж хэрэг, удаа хамт яваад ирэхээр өрсөлдөөн гарч ирдэг. Тэндээс клубууд байгуулаад гарцгаасан. “Хоршоолол”, “Монроуд”, “Роуд Монголиа” гэх мэтчилэн нэлээд олон клуб байгуулагдсан. Заримыг нь мартжээ. Одоо бол Улсын аварга шалгаруулах тэмцээн болоход маш олон клубын олон тамирчин уралддаг болсон байна. Би дугуйн спортыг Монголд маш сайн хөгжиж байгаа гэж үздэг.
-Өнгөрсөн жилийн тивийн АШТ-ээс та хошой мөнгөн медаль авч байсан. Урьд өмнө нь гаргаж байсан амжилтаасаа манай уншигчдад товч танилцуулахгүй юу?
-Хүн нас ахиад ирэхээрээ, дугуйчин хүн жишээ нь, олон юм яриахаараа түрүүлээд салдаггүй юм гэсэн /инээв/. Тэгэхээр тэр талаар ярих жаахан дургүй. Яах вэ, өнгөрсөн жил бид Казахстанд уралдсан. Сайхан уралдацгаасан.
-Сэтгэгдлээ хуваалцаж ярилцсан танд баярлалаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна