Дэлхий дээр зохиогддог спортын хамгийн том тэмцээн бол олимп гэж боддог хүмүүс байдаг. Гэхдээ олимпийн бус төрлийн спортод ч өөрийн гэсэн оргил, өөрийн гэсэн “олимп” бий. Уулчид Эверестийг эзлэхийг, серфингчид Хавайн Оаху арлын Банзай давалгаан хоолой дундуур шурган гарахыг, гольфчид “Мастерс”-д түрүүлэхийг, теннисчин “Их дуулга”-д аваргалахыг мөрөөднө. Тэгвэл авто уралдаанчдын хувьд “Дакар ралли” яг л тийм, хамгийн дээд оргил юм.
“Дакар”-ын түүх
Францын авто уралдаанч Тьерри Сабин 1977 онд “Абиджан — Ницца” раллид оролцож явах үедээ Ливийн элсэн цөлд төөрчээ. Түүнийг гурав хоногийн дараа нутгийн туарегууд санамсаргүй олоогүй бол ангаж цангаж амиа алдах байсан гэдэг. Амь дүйсэн адал явдалтай энэ аялал түүнд Европ, Африк тивийг дамнасан уралдааныг зохион байгуулах сэдлийг өгсөн байна. Гол нь түүний зохиох уралдаан хүний болоод техникийн хүчин чадлыг дээд зэргээр шалгасан, амь дүйсэн адал явдлаар дүүрэн байх ёстой байв.
Тэрээр санаагаа тэр дор нь хэрэгжүүлж, 1978 онд анхны “Парис-Дакар” уралдааныг зохион байгуулжээ. Тьерри Сабиныг “Парис Дакар 1986”-ын үеэр нисдэг тэрэгний ослоор амь үрэгдсэний дараа тэмцээн зохион байгуулах эрх аав Ж.Сабинд нь шилжсэн байдаг.
Парис хотын Торкадерогийн талбайгаас гараагаа эхэлсэн анхны “Парис Дакар” 80 автомашин, 90 мотоциклч, 12 ачааны машины баг оролцож, Франц, Алжир, Нигер, Мали, Дээд Вольта /Одоогийн Буркина Фасо/, Сенегалын нутгаар гурван долоо хоногийн турш 10 000 км зам туулж уралджээ. Уралдаан маш хүнд хэцүү нөхцөлд болж, оролцсон 182 оролцогчоос 74 нь л барианд орсон байдаг. “Дакар ралли” авто уралдаанчдын хувьд хамгийн хэцүү, нэр хүндтэй тэмцээн гэгдэх эхлэлээ ийнхүү тавьсан бөгөөд амжилт ялалт, цус, нулимсаар бичигдсэн түүхийн явцад “Дакар”-т оролцох, барианд орох нь л тамирчдын хувьд нэр хүндийн асуудал болж хувирсан юм.
Дакарт оролцогчид нь мэргэжлийн тамирчид /автомашин үйлдвэрлэгч фирмүүдээр ивээн тэтгүүлсэн/, тамирчид /оролцогчдын 80 орчим хувь нь энэ ангилалд багтдаг/ байдаг. Анхны Дакарт оролцогчдыг төрлөөр нь ангилаагүй сонирхолтой түүх бий. Өрсөлдөөнд Францын Сириль Неве /Yamaha XT500 мотоциклоор уралдсан/ түрүүлж, Жиль Комт /Yamaha/, Филипп Вассар /Honda/ нарын мотоциклчид удаалсан юм. Автомашинтнуудаас Range Rover V8 машинаар уралдсан Францын Ален Женесте, Жозеф Тербио, Жан Лемордан л дөрөвдүгээр гараанд ялж байжээ.
1980 оноос ачааны машины төрөлд нэгдсэн дүнг гаргадаг болж, анхны аваргаар Sonacome маркийн машинаар уралдсан Алжирын тамирчид тодорсон байна.
Парисаас эхэлж Сенегалын Дакарт барианд ордог байснаас үүдэн “Парис-Дакар ралли” гэж нэрлэгдсэнийг уншигчид гадарлах биз. Парис хотын хөдөлгөөний ачаалаас болж 1995 оноос Францын өөр, өөр хотуудаас гараагаа эхэлдэг болсон ч нэгэнд алдаршсан нэрийг зохион байгуулагчид өөрчилж төвдөөгүй. Харин 2002 оноос албан ёсоор “Дакар ралли” гэх болж, тэмцээн Өмнөд Америкт явагддаг болсон ч өөрчлөгдөөгүй билээ. Алан хядагчдын заналхийллээс болж 2008 оны тэмцээнийг цуцалсны дараа зохион байгуулагчид Өмнөд Америк руу шилжих шийдвэр гаргаж, түүнээс хойш тогтмол шинэ тивд зохион байгуулагдаж байна.
“Оролцогчид бүгд барианд ордог бол Дакар Дакар биш болж хувирна”
Давид Кастера
“Дакар” бол дэлхийн хамгийн хүнд хэцүү авто уралдаан. Өндөр уулс, элсэн манхан бүхий хамгийн бартаатай газраар зам гарган Цельсийн хасах 10 хэмийн хүйтнээс +50 хэмийн халуунд 5 000-10 000 км уралддаг, оролцогчдын талаас илүү нь барианд орж чадалгүй хасагддаг, амиа ч алдаж мэдэх хатуу ширүүн тэмцлийн талбар юм.
“Дакар”-ын түүхэнд 1986 оны “Парис-Алжир-Дакар” тэмцээнийг хамгийн хүнд нөхцөлд болсон гэж тооцдог. Тэр жил Версалиас гараанд гарсан 486 төмөр хүлгээс 100 нь л замаа дуусган барианд орсон байдаг. 15 000 км-т өрнөсөн уралдааны явцад долоон тамирчин амиа алдаж, тэмцээнийг санаачлагч Тьерри Сабин ч нисдэг тэрэгний ослоор нас баржээ. 1980-2007 он хүртэл дунджаар нийт оролцогчдын 40 хүрэхгүй хувь нь тэмцээнээ дуусгадаг байсан. Өмнөд Америкт явуулдаг болсноос хойш барианд орох хувь бага зэрэг нэмэгдсэн ч 50 орчим хувьтай л байгаа гэхээр тэмцээн ямар нөхцөлд явагддаг нь ойлгогдох биз ээ.
Хөрөнгө мөнгө, хүн хүчээр “зодохгүй” л бол Дакарт өндөр амжилт гаргана гэдэг худлаа. Тийм ч учраас автомашин үйлдвэрлэгч том компаниудын багууд л ямагт түрүүлж иржээ. Бор зүрхээрээ оролцож буй бусад багуудын хувьд барианд орох нь л том амжилтад тооцогддог, авто уралдааны ертөнц үүнийг нь хүлээн зөвшөөрдөг байна. Тэмцээнийг зохион байгуулагч гол хүмүүсийн нэг Давид Кастера энэ тухай “Оролцогчид бүгд барианд ордог бол Дакар Дакар биш болж хувирна” хэмээн хэлж байв.
Осол, адал явдлууд
-1982 оны Дакарын үеэр Их Британийн Ерөнхий сайд Маргарет Тетчерийн хүү Марк Тэтчер чиглүүлэгч Шарлотт Вернийн хамт төөрч, зургаа хоногийн турш сураггүй алга болсонд тооцогдож байв. Алжирын арми нисэх хүчний оролцоотой өргөн бүрэлдэхүүнээр эрэн хайх ажиллагаа явуулсны дүнд тэднийг эсэн мэнд олж байжээ.
-1986 онд зохион байгуулах багийн нисдэг тэрэг Мали улсын нутагт элсэн шуурганд орон сүйдэж, нисгэгч Франсуа Ксавьегаас гадна тэмцээнийг зохион байгуулагч Тьерри Сабин, дуучин Даниэль Балавуан, сурвалжлагч Натали Оден, RTL радиогийн инженер Жан Поль Лефур нар амиа алдсан.
-1988 оны “Дакар”-ын үеэр орон нутгийн гурван иргэн, гурван тамирчин амиа алдсан. 10 настай малин охин Байе Сиби уралдааны үеэр зам дээр явж байгаад машинд дайруулсан бол Мавританийн нутагт ээж охин хоёр мөн уралдааны замд бичлэг хийж явсан машинд дайруулан нас барсан байдаг. Ингээд зогсоогүй, Дакараас Бамако орохоор тамирчдын сууж явсан галт тэргэнд гал гарч гурван хүн амиа алджээ.
-2003 оны нэгдүгээр сарын 10-нд Испанийн мотоциклч Х.Перес осолд орж, эмнэлэгт нас барав. Маргааш нь болсон арваннэгдүгээр гараанд Италийн мотоциклч, тус тэмцээний хоёр удаагийн аварга Фабрицио Меони амь эрсэджээ. 13-нд туслах үйлчилгээний ачааны машинд дайруулж нас барсан бөгөөд энэ тэмцээний үеэр нийтдээ таван хүн амиа алджээ.
-2009 оны нэгдүгээр сарын 7-нд 49 настай мотоциклч Паскаль Терригийн цогцсыг хоёрдугаар гараа явагдсан Санта Роса де Ла Пампа-Пуэрто-Мадрины хоорондын замаас оллоо. Тэрээр сураггүй алга болоод гурав хонож байв.
-2010 оны нэгдүгээр сарын 4-нд Мирко Шультис, Ульрих Леарди нарын жолоодсон жийп машин үзэгчид рүү орж, хагас сайн өдрийг авто уралдаан үзэж зөв боловсон өнгөрүүлэхээр очсон нэгэн эмэгтэйг дайран амь насыг нь хөнөөжээ.
-Дакар осол аюулгүй зохиогдсон түүх ховор, бараг байхгүй гэж хэлж болно. 2012, 2013, 2014, 2015 онд жил дараалан тамирчны амь эрсэдсэн. Уралдааны талбарт очсон л бол тамирчин төдийгүй үзэгчдийн амь нас ч эрсдэлд ордог нь Дакарын бас нэг аюултай тал. 2016 онд БНХАУ-ын багийн эмэгтэй жолоочтой машин үзэгчид рүү орсноос 10 хүн хүнд гэмтэж байв.
Монголчууд “Дакар”-т...
“Дакар”-т монголчуудын мөрөө гаргасан түүх 2013 оноос эхэлдэг. Тэр жил ОУХМ Д.Болдбаатар, ОУХМ Н.Лхамаа нар мотоциклын төрөлд оролцож, Д.Болдбаатар гурав дахь, Н.Лхамаа 12 дахь өдөр техникийн эвдрэлийн улмаас замаас гарч байв. Уралдаан дуусахаас ганцхан гарааны өмнө хасагдсан ч энэ тэмцээн бидэнд монголчууд Дакарт уралдаж болох юм байна гэсэн итгэл төрүүлж, өнөөдрийн тамирчдыг чиглүүлсэн юм.
Дараа жил нь дээрх хоёр дээр ОУХМ Х.Батболд нэмэгдэн гурвуулаа уралдсанаас ОУХМ Дамдинхорлоогийн Болдбаатар барианд орж, түүхэн амжилтыг үзүүлсэн түүхтэй. Тэр жил Азийн мотоциклчдоос Д.Болдбаатар л тэмцээнээ амжилттай дуусгасан байдаг.
2015 онд манайх автомашин, мотоциклын төрөлд ОУХМ Д.Болдбаатар, ОУХМ Ч.Анар, автомашины Т2 ангилалд ОУХМ Н.Лхамаа, чиглүүлэгч ОУХМ Ө.Бямбадэлгэр, ОУХМ Х.Сүрэндорж, механик Б.Батболд бүрэлдэхүүнтэй баг замаа амжилттай дуусган бариалж, манай авто спортын түүхэнд тодоор бичигдэх ажилтыг үзүүлсэн юм. ОУХМ Д.Болдбаатар 45 дугаар байрт орж, бахдам амжилт гаргасан билээ.
Монгол улсаас ОУХМ Ө.Бямбадэлгэр, ОУХМ Ө.Бямбацогт нар автомашины төрөлдөө нийт дүнгээр 32 дугаар байрт шалгарсан бол “UTV open” ангилалдаа гуравдугаар байр эзэлсэн юм. Тэд “Дакар”-т дөрвөн жилийн өмнөөс чиглүүлэгчээр оролцож, зорилго тавин зүтгэсээр тэр жил нэг баг болон түүхэн амжилт гаргасан байдаг.
Хамгийн сүүлд энэ оны "Дакар ралли"-д ОУХМ П.Мөрөн маш амжилттай уралдаж байсан ч техникийн саатлын улмаас цаг алдаж, урдуур байр эзлэх боломжоо алдсан билээ.
“Дакар”-т үйлдвэрийн нэрийн өмнөөс уралддаг тамирчид л өндөр амжилт гаргадаг гэж нийтлэлийн эхэнд бичсэн. Тэд бол эвдрэл гарсан ч дараагийн гараанд машинаа солиод ороод ирэх хэмжээнд хангагдсан байдаг. Харин бусад оролцогчид том осолд орж машинаа эвдчихгүйн тулд хүссэн хүсээгүй маш хянуур, болгоомжтой уралдах шаардлага гарч, энэ хэрээр хурд удаашран үр дүнд нөлөөлдөг. Тиймээс манай тамирчдын Дакарт гаргасан үзүүлэлтийг өнөөдрийн төвшиндөө бол хангалттай, илүү өндөр ч гэж болох амжилт гэж хэлнэ. Монгол тамирчин “Дакар”-т түрүүлэхийн тулд аль нэг үйлдвэрийн нэр дээр өрсөлдөх хэрэгтэй. Харин тэдгээр үйлдвэрүүдийн хараанд өртөхийн тулд “Дакар”-т жил бүр оролцох нь чухал юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна