У.Хүрэлсүх ЕС байхдаа дутуудуулсан, одоо ядаж л алтыг нь бодоод Хармагтайг заавал Стратегийн ордод тооцох ёстой

Х.Батсайхан
3 цаг 44 минутын өмнө

-Баялгийн санд эх үүсвэр бүрдүүлэх зорилготой хуулийн заалтууд “амилж”, шинэ сорилтууд тулгаж байна-

Стратегийн орд эзэмшигч ААН-үүдтэй хэлэлцээр хийж, төрийн хувь эзэмшлийн хувилбарыг боловсруулах үүрэг бүхий Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Батзандан найман ордыг Стратегийн ордын жагсаалтад бүртгэхээр Засгийн газарт танилцуулаад байгаа билээ. Ингэснээр шинээр баталсан Баялгийн сангийн тухай хууль болон уг хуультай холбоотойгоор Ашигт малтмалын тухай хуульд орсон өөрчлөлтийг хэрэгжүүлж, Баялгийн санд төвлөрүүлэх хөрөнгийн эх үүсвэр бүрдүүлэх ажлын гурав дахь үе шат эхэлж байна.

Шинэ жишиг бий болгох шинэ сорилтууд ухаалаг шийдэл шаардаж байна

Засгийн газар эхний ээлжинд УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор баталсан 15, 2016 онд нэмж оруулсан нэг, нийт 16 Стратегийн ордын хил хязгаарыг тогтоож дууссан бол дараа нь хавсралтад бичигдсэн 39 ордыг Стратегийн ордын жагсаалтад нэмэх асуудлыг судлах Ажлын хэсэг байгуулж, одоо ид ажиллаж буй.

Эдгээр 55 орд бол бүгд Ашигт малтмалын тухай хуулийн 5.4-д хамаарах буюу улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөц тогтоосон, төр 34-50 хүртэлх хувийг үнэ төлбөргүй эзэмших, оруулсан хөрөнгөнөөсөө хамаарч хувь эзэмшлээ тогтоох, эсвэл эзэмшил хувиа АМНАТ-өөр орлуулах боломжтой ордууд. Харин сүүлд нэмэгдэхээр Засгийн газарт өргөн баригдаад буй найман орд дотор хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хайгуул хийгдэж, нөөц тогтоогдсон Алтан нар, Баянхөндийн алт, Халзанбүрэгтэйн газрын ховор металлын орд, төрийн өмчийн хөрөнгөөр хайгуул хийж нөөц тогтоосон боловч Стратегийн ордын жагсаалтад багтаагүй Хөшөөтийн нүүрсний орд багтсан. Ингэснээр ноднин УИХ-ын сонгуулийн өмнө Ашигт малтмалын тухай хуульд оруулсан бас нэгэн чухал заалт болох 5.5 буюу “Улсын төсвийн оролцоогүйгээр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд, түүний үүсмэл ордыг эзэмшигчийн тухайн ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг төр үнэ төлбөргүйгээр эзэмших, төрөөс оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох, эсхүл хувь эзэмшлээ АМНАТ-өөр орлуулах” заалт амьдралд хэрэгжихээр болж байна.

Ингэснээр ард түмэнд баялгийг тэгш хүртээх зорилгоор бий болгосон хууль, эрхзүйн механизм бүрэн хүчээрээ ажиллаж, эх үүсвэрийн тоо эрчимтэй нэмэгдэх сайн талтай ч нөгөө талаар шинэ алхам бүр нь жишиг тогтоох тул хариуцлагатай ажиллахыг шаардаж байна. Өөрөөр хэлбэл, ордуудын нөхцөл байдал харилцан адилгүй ч тухай бүрт тохирсон шийдэл олж, жишиг тогтоож чадвал сүүлд Баялгийн санд хөрөнгө төвлөрүүлэх ордын тоо нэмэгдэх боломжийг бий болгох юм.

Төр орд болгоноос хувь эзэмших албагүй, гэхдээ алтыг нь бодоод Хармагтайг заавал авах ёстой

БЭТ Ж.Батзандангийн танилцуулсан найман орд дотроос хамгийн ихээр анхаарал татаж буй орд нь Хармагтайн алт-зэсийн орд юм. “Нөөц нь их, бага”, “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөц тогтоосон, тогтоогоогүй“, “Төрийн мэдэлд авсан, аваагүй” гэх мэтээр маш зөрүүтэй мэдээлэгдэж байгаа энэ ордын талаар мэдээлэл цуглуулснаа хүргэж байна.

Улсын төсвийн хөрөнгөөр нөөц тогтоосон эсэх: Хайгуул хийсэн талбайн нэр тохирч байна

АҮЭБ-ийн сайд Ц.Туваан өчигдөр өгсөн мэдээлэлдээ Хармагтайг илүү ч үгүй, дутуу ч үгүй “Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хайгуул хийж нөөц тогтоосон орд” гэж мэдэгдсэн.

Тэгвэл Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2010 оны долдугаар сарын 14-ний ХХ-10-02 дугаартай дүгнэлтэд “Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших Хармагтайн алт-зэсийн порфирын ордод 2001-2009 онд хийсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцсэн тухай” дүгнэлтэд Хармагтайн хүдрийн биетийг тухайн үеийн ЗХУ-ын геологич В.И.Вертлиб, Г.М.Добров нар 1974 онд анх илрүүлж, нарийвчилсан хайгуул хийх зөвлөмж өгсөн гэжээ. 2 км тутамд сорьц авч, ажиглалт хийж байсан /1:200,000 зураглал хийж явсан/ тул хүдрийн биет олсныг бараг аз гэлтэй. Гэхдээ тэдний зөвлөгөөний дагуу 1977, 1978 онуудад мөн ЗХУ-ын геологичид цахилгаан соронзон аргаар хайгуул хийсэн гэх бөгөөд Хармагтай, Дөчин хурал, Овоот хяр, Ханхудагийн хэсгийг хамруулсан гэсэн байна. Улмаар 1979, 1980 онуудад Цагаан суваргын хайгуулын экспедиц 0,25 хувийн агуулгатай 484.2 мянган тонн зэсийн таамаг нөөц бодсон аж.


Энэ бол нэг талаар улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн гэсэн үг мөн. Хайгуул хийсэн хэсгүүдэд дурдагдаж буй Хармагтай нь одоо “Оюут улаан” ХХК-ийн /Занаду майнз, “Зижин майнинг групп” 50, 50 хувийн эзэмшилтэй "Хүйтэн металз" компаниараа дамжуулж хянадаг/ лиценз эзэмшиж байгаа талбайн нэртэй таарч байна.

Түүнчлэн уг дүгнэлтэд 3659х дугаартай 6652 га, 3683х дугаартай 7251.22 га, 4324х дугаартай 12,018.48 га талбай бүхий лицензүүдийг “Айвенхоу майнз” эзэмшин, 2001-2009 онд хайгуул хийж Хойд Алтан толгой, Өмнөд Алтан толгой, Галуу, Цагаан судал, Зэсэн уул, Баруун чонын хэсгийн нөөцийг бодож, ашиглалтын нөөцийг бүрэн бэлдсэн" гэсэн байх бөгөөд “...3659х дугаартай 6652 га” гэсэн лиценз нь одоо Оюут-Улаан ХХК-ийн эзэмшиж буй Хармагтайн ордын ашиглалтын лицензтэй / MV-017387 дугаартай, 6647.05 га/  талбайн хувьд маш ойролцоо байгаа юм.

Төрийн мэдэлд авсан эсэх: “Айвенхоу майнз”-ын Роберт Фрийдланд гурван лицензийнхээ хоёрыг төрд өгч, нэгийг нь “Занаду майнз”-д зарсан уу

Хармагтайн ордын асуудал яригдаж эхлэхэд “У.Хүрэлсүхийн Засгийн газар 2020 онд төрийн мэдэлд хурааж авсан лиценз яахаараа “Занаду майнз”-ынх болчихдог юм бэ” гэсэн яриа гарсан. Үнэхээр ч У.Хүрэлсүхийн Засгийн газар Хармагтайн ордын лицензүүдийг төрд авлаа гэсэн мэдээлэл 2020 онд гарч байсан нь үнэн бөгөөд тухайн үеийн нэрээр “Эрдэнэс силвер ресурс” “Хойд бүргэд" талбайд 1978-1979, 1980-1981 онд хийгдсэн судалгаануудын үр дүнг баталгаажуулах байдлаар өрөмдлөг хайгуул хийж  53.14 тонн алтны нөөц илрүүлэн улсын нөөцөд бүртгүүлсэн нь үнэн.

Өдгөө нэрээ “Эрдэнэс алт ресурс” болгосон тус компанийн нэр дээр Хармагтайн бүлэг ордын 1791.44 га талбай бүхий MV-022843 дугаарын тусгай зөвшөөрөлтэй Овоот хяр Хойд бүргэд талбай /53 тонн алт илрүүлсэн/, XV-022844 дугаар бүхий, 7315.6 га талбайтай Овоот хяр тусгай зөвшөөрөл байдаг.


 “Тэрхүү лицензийг Ерөнхийлөгч Х.Баттулгад Давосын чуулга уулзалтад оролцох үед “Айвенхоу майнз”-ын Роберт Фрийдланд өөрөө уулзаж өгсөн, Х.Баттулга түүнийг нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд буюу төрд өгсөн”  гэх мэдээллийг шалгаж үзэхэд Х.Баттулга 2020 оны нэгдүгээр сард Давосын чуулга уулзалтад оролцсон нь үнэн байв.

Эндээс “Роберт Фрийдланд 2001-2009 онд эзэмшин хайгуул, судалгаа хийж байсан гурван лицензийнхээ хоёрыг Монголын төрд, нэгийг нь “Занаду майнз”-д өгчээ /зарсан ч юм уу/” гэсэн дүгнэлт гарч байна.

Харин хамгийн сонирхолтой нь, Р.Фрийдландын эзэмшилд  байсан гурван лиценз талбайн хувьд одоо “Занаду майнз”, “Эрдэнэс алт ресурс”-ын эзэмшилд байгаа гурван лицензээс хамаагүй том байсан байх юм /”Төсвийн хөрөнгөөр нөөц тогтоосон эсэх” хэсгийг харна уу/.   

Тэнд бичигдсэн 3659х дугаартай 6652 га талбай бүхий зөвшөөрөл нь одоогийн Хармагтай буюу “Оюут-Улаан” ХХК-ийн эзэмшиж байгаа тусгай зөвшөөрөлтэй талбай нь бараг таарч байгаа бол “3683х дугаартай 7251.22 га” лиценз нь “Эрдэнэс алт ресурс”-ын эзэмшлийн Овоот хяр талбайтай таарч байна. Харин “4324х дугаартай, 12,018.48 га талбай бүхий лиценз нь “Эрдэнэс алт ресурс”-ын 1791.44 га талбай бүхий MV-022843 дугаарын тусгай зөвшөөрөлтэй Овоот хяр Хойд бүргэд талбайгаас хамаагүй том байгаа юм. Тэгэхээр 10,227.04 га талбай хаачив гэдэг асуулт гарч ирж байна. Р.Фрийдланд өөрөө нааш цааш нь болгов уу эсвэл гэсэн асуулт гарч ирж л байна.

Гэхдээ ямартай ч Хармагтай ордыг 2020 онд төрийн мэдэлд бүрэн аваагүй гэдгийг уншигчид ойлгосон болов уу.

Энд бас нэг эргэлзээтэй мэдээлэл байгаа нь, БЭТ Ж.Батзандан Хармагтайн ордын лицензийг “Өмнөговь аймгийн Манлай суманд байдаг” гэж ярьсан бол АМГТГ-ын бүртгэлд Өмнөгөвь аймгийн Цогтцэций сумын нутагт байдаг гэж бүртгэгдсэн байна.   

Нөөц: Ж.Батзандан, Ц.Туваан, “Жизин майнинг групп”-ын тэнгэр, газар шиг зөрүүтэй мэдээлэл

Хармагтайн ордыг Стратегийн ордод тооцох эсэх асуудал ордын нөөцтэй салшгүй холбоотой билээ. Хуулийн боломж буюу Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.12 /"стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд" гэж үндэсний аюулгүй байдал, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний, эсхүл жилд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа буюу үйлдвэрлэх боломжтой ордыг хэлнэ/ дугаар заалтын хүрээ харьцангуй өргөн ч нөөц аль болох их байж гэмээ нь Стратегийн ордод тооцоход ч, цаад эзэмшигчидтэй нь тохироход ч амар.

Засгийн газрын БЭТ Ж.Батзандан “Оюут-Улаан” ХХК-ийн эзэмшлийн лицензит талбайд буй бүлэг ордын нөөцийг 70 тонн алт, 680,000 тонн зэс гэж танилцуулсан. УУЭБ-ийн сайд Ц.Туваан харин 140-150 тонн алттай гээд зэсийн нөөцийг тодорхой санахгүй тулгамдсан.

Тэгвэл Хармагтайн ордын 76.5 хувийг эзэмшигч “Хүйтэн металз”-ын 50 хувь, мөн компанийн 50 хувийг эзэмшигч “Занаду майнз”-ын 19 хувиар дамжуулан орд дахь хувь эзэмшлээ 45.9 хувьд хүргээд буй БНХАУ-ын үндэстэн дамнасан компани “Зижин майнинг групп” албан ёсны цахим хуудастаа Хармагтайг 2.93 сая тонн зэс, 243 тонн алттай гэжээ.

Хэрвээ энэ мэдээлэл үнэн бол Хармагтай ямар ч маргаангүй Стратегийн ордын босгыг давах юм.

БНХАУ, Австрали хоёул манай уул уурхайн салбарын түншүүд. Тиймээс вин, вин буюу харилцан ашигтай байдлаар хэлэлцээр хийх нь тодорхой. Хайгуулаа хийгээд, бүтээн байгуулалтаа эхлүүлчихсэн, цахилгаан станц барьж эрчим хүчээ шийднэ гээд явж байгаа компанийн үйл ажиллагаанд ямар нэгэн байдлаар саад учруулалгүйгээр асуудлыг шийдэх нь ч тодорхой байх.

Нөгөө талаар, хуулиараа Стратегийн ордод тооцох шийдвэрийг УИХ гаргадаг. УИХ энэ шийдвэрийг гаргачихаагүй, гаргана гэсэн баталгаа ч алга. Гэхдээ, зэсээ байг гэх нь ээ, ядаж л алтыг нь бодоод Хармагтайг Стратегийн ордод заавал авах ёстой санагдана. 




Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.113.176
    24 минутын өмнө

    Үхэр монголчууд авлига авч нааш цааш нь болгоод биз байгалийн баялагийг баялагийн сандаа 30-50хувий нь авахгүй бол цэргийн диктатур тогтоо

    Хариулах
  • 139.5.217.37
    2 цагийн өмнө

    Одоо л ойлгож байна

    Хариулах
  • 139.5.217.37
    2 цагийн өмнө

    Гайхалтай

    Хариулах