Английн Ливерпүүл хотноо болж буй боксын ДАШТ өчигдөр гурав дахь өдрөө үргэлжиллээ. Гараанаас 10-уулаа гарч буй Монголын баг тамирчдаас өчигдөр Х.Билгүүнсайхан, Б.Мишээлт, эмэгтэйчүүдээс М.Энхжаргал нар тулалдсан.
Эхлээд эрэгтэйчүүдийн 55 кг-д Х.Билгүүнсайхан Швед улсын тамирчин Ибрахим Небилийг хоёрдугаар үед хүч техникийн давуу байдлаар ялалт байгуулсан.
Харин дараа нь эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд тулалдсан ДАШТ-ий хүрэл медальт Б.Мишээлт Ираны тамирчинд хожигдлоо.
Сүүлд эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд М.Энхжаргал Колумбийн Валерия Мендозад хожигдож, тэмцээнээ өндөрлүүлэв.
54 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медаль хүртэж байсан манай тамирчин энэ жилээс жин өгсөж, дээд жиндээ тулалдаж байгаа бөгөөд эхний ДАШТ-дээ нэг ялалт байгуулав. Колумбийн тамирчинтай хийсэн тулаан маш тэнцүүхэн болж, шүүгчдийн үзэмжээр асуудал шийдэгдсэн юм.
Ливерпүүлд 10 тамирчинтай очсон манай баг тамирчдаас ийнхүү гурав нь /нэг нь эмэгтэйчүүдийн 60 кг-ын жингийн Б.Намуун/ тэмцээнээ дуусгалаа.
Өнөөдөр эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд ОУХМ О.Есүгэн эхний тулаанаа хийнэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна