Аялал жуулчлалын салбарын томоохон нэгдсэн арга хэмжээ “ITM MONGOLIA 2026” эхэллээ

Г.Долгорсүрэн
1 цаг 1 минутын өмнө

Монголын аялал жуулчлалын холбоо, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Нийслэлийн аялал жуулчлалын газраас хамтран зохион байгуулж буй “ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн өнөөдөр /2026.10.23/ Мишээл экспо төвд нээлтээ хийлээ.

Аялал жуулчлалын салбарын төр, хувийн хэвшил, 21 аймаг, гадаадын улс орнууд, олон улсын байгууллага, хөрөнгө оруулагч, худалдан авагч, мэргэжлийн холбоод, боловсролын байгууллага, технологийн компани, хэвлэл мэдээлэл, контент бүтээгчдийг нэгтгэдэг тус арга хэмжээ 27 дахь жилдээ зохион байгуулагдаж байна.

Үзэсгэлэн нь салбарын хөгжлийн чиг хандлага, инновац, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулах, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, борлуулалт нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт татах, хүний нөөцийн тулгамдсан асуудлыг хэлэлцэх, олон улсын сайн туршлага, шийдлийг хуваалцах зорилготой.

ГАДААД, ДОТООД ОРОЛЦОО, ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЦАР ХҮРЭЭ ӨРГӨЖЛӨӨ

Энэ жилийн “ITM Mongolia 2026” үзэсгэлэнд 500 гаруй байгууллага оролцож, гурван өдрийн турш 300 гаруй B2B бизнес уулзалт зохион байгуулж, 150 гаруй гэрээ, хэлцэл хийх зорилт тавин ажиллаж байна. Мөн 20 мянга гаруй зочин, үзэгчийг хүлээн авч, аялал жуулчлалын бизнес, санхүү, даатгал, технологи, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны шинэ боломжуудыг танилцуулна.

Өмнөх жилүүдтэй харьцуулахад энэ жилийн үзэсгэлэнд гадаадын улс орнуудын төлөөлөл, олон улсын байгууллагуудын оролцоо өргөжиж, олон улсын хамтын ажиллагаа, бизнесийн түншлэл хөгжүүлэх боломж нэмэгдэж байгаагаараа онцлог юм. Тухайлбал, ОХУ, БНСУ, Энэтхэг, Япон, Малайз, БНХАУ, Арабын Нэгдсэн Эмират Улсын төлөөлөл болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр оролцож байна.

ОХУ-ын Буриад Улс, Эрхүү хотын байгууллагууд Байгаль нуурын бүс нутгийн аялал, байгаль, соёлд түшиглэсэн бүтээгдэхүүнээ танилцуулж байгаа бол бусад улсын төлөөлөл аяллын үйлчилгээ, эрүүл мэндийн болон тансаг зэрэглэлийн аялал, бүс нутгийн хамтын ажиллагааны боломжийг сурталчилж байна. Түүнчлэн БНХАУ-ын Өвөр Монголын хэвлэл мэдээлэл, бизнесийн байгууллага, аялал жуулчлалын компаниуд оролцож, бүс нутгийн аялал жуулчлал, бизнесийн түншлэл, мэдээлэл сурталчилгааны хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг нээж байна.

Ийнхүү “ITM Mongolia 2026” нь дотоодын аялал жуулчлалын байгууллагуудыг олон улсын зах зээлтэй холбож, шинэ түншлэл тогтоох, аяллын бүтээгдэхүүн, үйлчилгээгээ гадаад зах зээлд сурталчлах, салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх олон улсын нэгдсэн платформ болон хөгжиж байна.

ДУНДГОВЬ АЙМАГ 2027 ОНЫГ “ЗОЧЛОХ ЖИЛ” БОЛГОН ЗАРЛАЛАА

“ITM Mongolia 2026”  арга хэмжээний түнш аймгаар Дундговь аймаг оролцож, 2027 оныг “Дундговьд зочлох жил” болгон зарлалаа. Говийн гайхамшигт байгаль, нүүдэлчин соёл, уламжлал, түүхэн дурсгалт газруудаараа онцлог тус аймаг аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ, шинэ маршрут, аяллын боломжуудаа танилцуулж байна.

“Дундговьд зочлох жил”-ийн хүрээнд говийн байгаль, соёлын өвд түшиглэсэн аяллыг хөгжүүлэх, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, орон нутгийн иргэд, бизнес эрхлэгчдийн оролцоог өргөжүүлэхийг зорьж байна.

ӨВЛИЙН АЯЛЛЫН ТӨВ ЦЭГ

“ITM Mongolia 2026” нь аялал жуулчлалыг зөвхөн мэргэжлийн хүрээнд бус, иргэдийн өргөн оролцоотой, хүн бүрд нээлттэй аяллын фестиваль болгон өргөжүүлж байна.

Үзэсгэлэнгээр 21 аймаг болон гадаадын улс орнуудын аяллын чиглэл, маршрут, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг нэг дороос үзэж, харьцуулах боломжтой. Иргэд гэр бүл, найз нөхөдтэйгөө аялах чиглэлээ сонгохын зэрэгцээ аяллын компани, зочид буудал, амралтын газар, нислэгийн тийз, даатгал, дата үйлчилгээ, төлбөрийн уян хатан нөхцөл зэрэг хэрэгцээт үйлчилгээг танилцан, тусгай хөнгөлөлт, урамшуулал, аяллын эрхийн сугалаанд хамрагдах боломжтой.

Ингэснээр аялагчид илүү олон сонголтоос өөрт тохирсон үйлчилгээг харьцуулан сонгож, аяллаа урьдчилан төлөвлөх, найдвартай үйлчилгээ авах боломж бүрдэж байна.

“FUTURE TOURISM FORUM” БА “AI CLINIC”: БИЗНЕСИЙН ӨСӨЛТӨД ЧИГЛЭСЭН ШИЙДЛҮҮД

Энэ жилийн онцлох арга хэмжээ болох “Future Tourism Forum” форум анх удаа зохион байгуулагдана. Форумд аялал жуулчлалын бизнес эрхлэгчид, удирдлага, менежерүүдэд зориулан дэлхийн хөгжлийн чиг хандлага, хиймэл оюун ухаан, технологи, борлуулалт, маркетинг, хэрэглэгчийн сонголт, хөрөнгө оруулалт, санхүүгийн боломж, шилдэг туршлагыг танилцуулна.

Салбарын мэргэжилтнүүд судалгаа, бодит кейс, туршлагадаа тулгуурлан бизнесийн үйл ажиллагаанд шууд хэрэгжүүлэх боломжтой шийдлүүдийг хуваалцах юм. Мөн “AI Clinic”-ээр дамжуулан бизнес эрхлэгчид хиймэл оюун ухааны шилжилтэд бэлэн байдлаа үнэлүүлж, мэргэжлийн зөвлөгөө авах боломжтой.

“ITM Mongolia 2026” нь дотоод, гадаадын аялал жуулчлалын байгууллага, бизнес эрхлэгчдийг холбохын зэрэгцээ иргэдэд аяллын өргөн сонголт, шинэ боломж санал болгож, Монгол Улсын аялал жуулчлалын салбарын хөгжил, олон улсын хамтын ажиллагааг дэмжих нэгдсэн талбар болж байна.

МОНГОЛЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХОЛБОО ШИНЭ ТҮНШЛЭЛҮҮДЭЭР ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЛЭЭ

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн үеэр Монголын аялал жуулчлалын холбоо орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, технологи, санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, олон улсын тээврийн холболтыг өргөжүүлэх чиглэлээр шинэ түншлэлүүд тогтоолоо.

Энэ хүрээнд Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, Мандал Санхүүгийн Нэгдэл ХХК, ЖиМобайл ХХК-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, орон нутгийн аяллын бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлах, технологид суурилсан харилцаа холбооны шийдэл нэвтрүүлэх, салбарын бизнес эрхлэгчдэд шинэ боломж бий болгох чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

Түүнчлэн “Хүннү Эйр” болон “One Mongolia Tourism Group” компани Улаанбаатар–Эрхүү чиглэлд захиалгат нислэг үйлдэх гэрээ байгуулж, Монгол, Оросын аялал жуулчлалын харилцааг өргөжүүлэх, хоёр улсын жуулчдын зорчих боломжийг нэмэгдүүлэхээр хамтран ажиллаж эхэллээ.

Эдгээр түншлэл нь аялал жуулчлалын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, орон нутгийн аялал жуулчлалыг дэмжих, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсын аялал жуулчлалын салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэж байна.

 

 

 

 


 

 

 

 

 

 

 

 

 

 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна