Ерөнхийлөгчийн АЙЛЧЛАЛ: Энэтхэгийг БНХАУ-ын дараа орох том худалдааны түншээ болгох боломж бодит болох уу

Zuv.mn
2025/10/13

Монгол Улс Энэтхэг улстай дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ой энэ онд тохиож байна. Түүхт ойн жилдээ харилцаагаа улам бэхжүүлж шинэ шатанд гаргахыг хоёр тал аль, аль нь хичээн эрмэлзэж байгаа бөгөөд өнөөдөр эхэлж буй Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Энэтхэг Улсад хийх айлчлал үүнд чухал үүрэгтэй юм. 

Хоёр улс өмнө нь эрчим хүчний салбарт нягт хамтын ажиллагаа хөгжүүлж ирсэн бол энэ удаагийн айлчлалаар уул уурхай, эрчим хүч, дэд бүтцээс гадна хөдөө аж ахуй, дижитал технологи, боловсролын салбарт хамтын ажиллагаа эхлүүлэх, гүнзгийрүүлэн хөгжүүлэх өргөн хүрээтэй яриа хэлэлцээр явагдах нь.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх айлчлалын хүрээнд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму-тай уулзаж, Ерөнхий сайд Нарендра Моди-той албан ёсны хэлэлцээ хийн хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна.

Мөн айлчлалын хүрээнд Монгол, Энэтхэгийн бизнес форум болон “Монголын сайхан эх орон” тоглолт, уран зураг, морин хуурын үзэсгэлэн зэрэг арга хэмжээ зохион байгуулна. Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди 2015 онд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэсэн юм.

Шашин, соёлын харилцаанаас эдийн засгийн харилцаа руу...

Монгол, Энэтхэг улсууд нь шашин, соёлын хувьд мянганаар хэмжигдэх харилцааны түүхтэй улсууд бөгөөд шинэ тутам Монгол Улс байгуулагдах, олон улсад хүлээн зөвшөөрөгдөх асуудалд Энэтхэг улс тууштай дэмжиж ирсэн оюун санааны хөршүүд юм. Харин одоо энэ агуулгыг улам гүнзгийрүүлж, эрчим хүчээр эхэлсэн харилцаагаа уул уурхай, технолги, боловсрол гээд боломжит бүхий л салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэх чухал цаг мөч ирээд байна.

Энэтхэг улс нь техник, технологийн чиглэлд том үсрэлт гаргаж, үйлдвэрлэл эрчимтэй нэмэгдэж байгаа ч ашигт малтмал, түүхий эдийн хангамжийг найдвартай болгох нь стратегийн чухал зорилт болж хувирсан. Харин Монгол Улсад ашигт малтмалынхаа экспортыг нэмэгдүүлэх, олборлолтоос боловсруулалтад шилжих төлөвлөгөө гаргасан.

 Энэ нь Энэтхэг, Монгол Улсыг шашин, соёлын харилцаанаас эдийн засгийн урт хугацааны, тогтвортой түншүүд болгох нөхцлийг хангаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, туурга тусгаар улс болоход хэлбэрэлтгүй дэмжсэн Энэтхэг улс одоо эдийн үасгийн тусмгаар тогтнолоо олоход гараа сунгах асуудал Ерөнхийлөгчийн айлчлалын гол агуулга байх юм. 

Энэтхэг улс Монгол Улсын анхны Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг санхүүжүүлж байгаа. Хоёр тал өндөр ач холбогдол өгч байгаа өөр ажлууд ч бий. Тухайлбал, коксжих нүүрсний хэрэгцээгээр БНХАУ-аас хараат байдлаа багасгахын тулд Монголоос коксжих нүүрс авахаар туршилтын тээвэр хийх асуудал яригдаж, ажил хэрэг болох шатандаа яваа. Үр дүнгээс нь хамаараад Монголоос коксжих нүүрс зөөх биш, Монголд коксын үйлдвэр бариад цэвэр кокс тээвэрлэх замаар зардлаа бууруулах боломж ч яригдаж буй.

Товчхондоо, Монголын хувьд Энэтхэг, Энэтхэгийн хувьд  Монгол нь ашигт малтмалын худалдаан дээр нэг улсаас хараат байдлаа багасгах боломж бөгөөд хоёр тал үүнийгээ сайн ойлгож, боломжуудаа ашиглахыг хичээж байна.  

Эх сурвалжийн бичсэнээр, Энэтхэгийн тал Монголын газрын ховор элементийг сонирхож байгаа гэсэн мэдээлэл байгаа юм.     

Шашин соёлоороо холбогдсон өнө удаан жилийн харилцаатай, амин чухал үед гарч ирж, хамгийн хэрэгтэй дэмжлэгийг үзүүлж ирсэн Энэтхэг улс аж үйлдвэр, барилга, сэргээгдэх эрчим хүч, цахилгаан тээврийн хэрэгслийн үйлдвэрлэлээр дэлхийд өрсөлдөж байгаа энэ үед хаммтын ажиллагаа хөгжүүлэх нь Монгол Улсын хувь эдийн засгийн болоод улс төрийн онцгой чухал ач холбогдолтой юм. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.5
    2025/10/13

    Хүрэлсү -ээс олигтой юм гарахгүй дээ.

    Хариулах