Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн уурхайг байгуулахаар “Рио Тинто”-гоос авсан зээлийн хүүг бууруулах асуудлыг шийдэхэд өнөөдөртэй нийлээд яг 79 хоногийн хугацаа үлдлээ.
УИХ-аас Оюутолгойн асуудлаар байгуулсан Хяналтын түр хорооны хурал маргааш дахин товлогдсон. Гэвч Оюу толгой ХХК-аас УИХ-аас зохион байгуулж буй түр хорооны хуралд оролцохоос татгалзсан мэдэгдэл гаргажээ.
“Рио Тинто” групп Оюутолгойн уурхайг байгуулахдаа шаардагдах хөрөнгийг жилийн 4-5 хувийн хүүтэйгээр олон улсын зах зээлээс босгож, “Оюутолгой” ХХК-д 11.5 хувийн хүүтэйгээр дамжуулан зээлдсэн байдаг.
Зээлийн гэрээндээ 2011 онд “Хүүг долоон жил тутамд эргэж харах боломжтой” гэсэн заалт оруулсан бөгөөд 2018 онд гүний уурхайн бүтээн байгуулалт эхлэл шатандаа, төслийн эрсдэл хэвээр байсан тул боломжоо ашиглаж чадаагүй гэх.
Уурхайн бүтээн байгуулалтад зориулж авсан зээлийн хүү өндөр байгаагаас болж анх 6.1 тэрбум ам.доллар байсан өр 12.1 тэрбум ам.доллар болж нэмэгдсэн гэдэг асуудал одоо яригдаж байгаа. Өөрөөр хэлбэл, зээлийн хүү хэвээр үргэлжилбэл Монгол Улс Оюутолгойн ордоос ногдол ашиг авахгүй, харин ч Рио Тинтод өртэй үлдэх нөхцөл байдал үүсээд буй.
Энэ нөхцөл байдлыг өөрчилж, гэрээнд заасан эрхийнхээ дагуу зээлийн хүүг бууруулахад УИХ /Хяналтын дэд хороо/, Засгийн газар /Ажлын хэсэг/, “Оюутолгой” ХХК /ТУЗ-ын гишүүд, гүйцэтгэх удирдлага/-ын харилцан ойлголцол, хамтын ажиллагаа чухал үүрэгтэй.
Түр хорооны хурал маргааш зарлагдсан байхад Оюу толгой ХХК-аас цаг хүрэхгүй хугацааны өмнө мэдэгдэл гаргасан нь Монголчуудыг басамжилж буй мэт.
Монгол Улс зээлийн хүү гэж төлөх ёсгүй. Яагаад гэвэл Монголын талын үүрэг байгалийн баялгаа ашиглахыг зөвшөөрсөн явдал. Гэвч зээлийн хүүг бууруулах асуудлыг ярилцах энэ чухал үед “Шалтаг” тоочин мэдэгдэл гаргаж байгаа нь төрийн эрх барих дээд байгууллага УИХ-ыг үл тоож байгаагийн тод жишээ юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.179.24.233
Зайлуулах хэрэгтэй тусгаар тогтносон улсыг үл хүндэлж байна аа арай даварч төрийн дээр гарсан юм биш үү
Хариулах