УИХ-аас Оюутолгойн асуудлаар байгуулагдсан Хянан шалгах түр хороо өнөөдөр “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ, гүйцэтгэх удирдлагуудаас мэдээлэл сонсох ёстой байсан билээ. Гэвч компанийн удирдлагууд ирж мэдээлэл өгөхгүй гэдгээ өчигдөр илэрхийлж, мэдэгдэл гаргасан. Хянан шалгах түр хорооны гишүүн Б.Бат-Эрдэнээс энэ талаар тодрууллаа.
-“Оюутолгой” ХХК-ийн удирдлага Хянан шалгах хорооны хуралд оролцохгүй гэдгээ өчигдөр илэрхийллээ. Хорооны гишүүний хувьд энэ шийдвэрийг нь хэрхэн харж байна вэ?
-УИХ-аас байгуулагдсан Түр хороо бол Байнгын хорооны статустай шахуу явдаг. Монголын төрийн хүндлэхгүй байна гэж харж байгаа. Түр хороог Оюутолгой ХХК ялгамжтай байдлаар авч үзэж болохгүй. Өөрөөр хэлбэл, “Бид асуудлаа Монгол Улсын Засгийн газартай ярина, Хянан шалгах түр хороотой ярихгүй” гэдэг өнцөг харагдаж байгаа. Харамсалтай байна.
Нөгөө талдаа, Оюутолгойтой холбоотой асуудал хөндөгдөх болгонд Монголын төрд асуудал үүсдэг вэ гэдгийг эрүүл ухаанаар олж хараасай гэж би өмнө нь хэлж байсан.
Би буруу санаагүй бол 2014 онд “Онтрэ”-тэй холбоотой асуудал яригдаж байхад Н.Алтанхуягийн Засгийн газар огцорч байсан. 2025 онд “Онтрэ”-гийн асуудлууд яригдаад, хөндөгдөөд эхлэнгүүт Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцорсон.
2011 онд Хувь нийлүүлэгчдийн гэрээнд “Долоон жил тутамд тодотгох боломжтой” гэдэг заалт оруулсан. Гэрээг эргэж харах эхний боломж нь 2018 он байсан. Гэтэл тэр жил эрх баригч Монгол ардын нам бас л хоёр хуваагдаж, хэлэлцэж чадахгүйгээр өнгөрч байсан. 2025 онд энэ байдал давтагдаж байна. Би хувь хүнийхээ хувьд энийг санамсаргүй тохиолдол гэж бодохгүй байна. Бодит байдал нь ийм байна шүү дээ.
Бид энэ асуудалд нухацтай хандахгүй бол 2037 он гэхэд Монгол Улс байгалийн баялаггүй, ард иргэдийн халаасанд үлдсэн юм байхгүй, зөвхөн 24, 25 тэрбум ам.долларын өр үлдэхээр байна шүү дээ. Монгол Улсын баялаг биз дээ.
Монгол Улсын газар нутаг дээр байгаа баялгийнхаа эзэн нь хэн бэ гэдгийг харуулах ёстой л гэж бид үзэж байгаа.
Тиймээс 2025 онд энэ зээлийн гэрээнд тодотгол хийх боломжийг алдаж болохгүй. Эс үйлдэхүй гаргаж байгаа албан тушаалтнууд бий. О.Батнайрамдал дарга нэртэй устай нь зарлана гэсэн. Зарлах болов уу гэж би найдаж байна. Зарлахгүй бол бид нар зарлана.
Оюутолгой гэдэг компани нөөцөөрөө дэлхийн хэмжээнд тэргүүлж байгаа энэ цаг хугацаанд Монголын баялаг монголчуудад ирэх ёстой. 3.5-хан сая хүнтэй шүү дээ, Монгол Улс. Айл өрхөөр нь тоолбол 985 мянга орчим л айл байхгүй юу. Энэ айл өрхүүд сайн, сайхан амьдраад явчих боломжийг энэ нөхдүүд эс үйлдэхүйгээрээ “Монгол Улсын баялгийг гадагшаа зөөх хэлбэр дээр байлгаж болохгүй” гэсэн зарчмын байр суурьтай байгаа.
-Хэчнээн албан тушаалтан байгаа вэ?
-Засгийн газар, Засгийн газрын харъяа төрийн захиргааны байгууллага, төрийн байгууллага, төрийн өмчит компаниудтай холбоотой асуудал шүү дээ. Тэнд үйлдэл явах ёстой. Жишээлбэл, “Эрдэнэс Монгол” ХХК, “Эрдэнэс Оюутолгой”, “Оюутолгой” ХХК... ТУЗ-ийн гишүүд... Би тэдгээр хүмүүсийг өнөөдөр буруутгахгүй. Гэхдээ хэдий төр асуудалтай байсан ч ажлаа хийх ёстой.
18 тэрбум ам.доллар маш их мөнгө. Мэдээж бид гэрээ хийсэн, гэхдээ сайжруулаад явах боломжийг яагаад ашиглахгүй эс үйлдэхүй гаргаад байгаа вэ гэдэгтэй холбоотой асуудал. Ажлаа бид хийх ёстой.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.212.118.191
Төрийн түшээ шиг бай! Гоншигонолгүй ажлаа хий. Оюутолгойнхон харж, уншиж байгаа наадхыг чинь. Сул доройгоо гайхуулах хэрэггүй. Ер нь сүүлийн үед 126 доторх малнууд эргүүгээ гайхуулж барахгүй байна. Жирийн иргэдээс ч 7 дор. Мэдлэг, чадваргүй, хувь хүнийхээ хувьд төлөвшөөгүй байж юун өндөр сэнтийд заларсийн? Гоншгоноол, лайвдаал, хов жив шиг юм сошиалд бичээл.. Та нар төр барьж байгаа бол төрийн нэрийн өмнөөс дуугарах ёстой шүү! Ядаж л хууль зүйн үндэслэлтэй ярих, бодлого, шийдвэр, үзэл бодлоо тайлбарлах ёстой..ккк
Хариулах