УИХ-ын гишүүд төрийн ордонд хуралдалгүй ХОНОСОН 24 цагийн тойм

С.Гандэлгэр
3 цаг 4 минутын өмнө

УИХ-ын чуулган өчигдөр 10:00 цагаас хойш хуралдах ёстой байсан ч ирц бүрдэхийг хүлээсээр 24 цаг боллоо. Одоогийн байдлаар 61 гишүүн ирцэндээ орсон байгаа бөгөөд нэмж хоёр гишүүн нэмэгдэж байж  ирц бүрдэх юм. 

Нэг талд огцруулаад өгье гээд танхимдаа сууж буй гишүүд, нөгөө талд Үндсэн хуулийн зөрчил хэмээн чуулгандаа суухгүй байгаа гишүүд...

Маргалдагч талуудыг Ерөнхий сайд Г.Занданшатарын тал, УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн тал гэж хоёр хуваачихад ер нь болно. 

Асуудал хаанаас эхлэлтэй вэ гэвэл Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцсэн ТББХ-ны хурлаас эхтэй. Учир нь тус хурал дээр огцруулах байр суурьтай байсан дийлэнх гишүүд нь "огцруулахгүй" гэж дэмжсэнээс эхлэлтэй. Ингэснээр ТББХ-ны саналаар санал хураах уу ? Гишүүдийн өргөн барьсан саналаар санал хураах уу гэдэг асуудал гарч ирсэн. 

Ойлгомжтойгоор тайлбарлавал Чуулгандаа суухгүй байгаа Г.Занданшатарын талынхан "Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжих үү, дэмжихгүй юу" гэдэг санал хураалт явуулах хүсэлтэй байгаа. 

Харин нөгөө тал нь ТББХ-ны "Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжихгүй саналыг дэмжих үү" гэдэг санал хураалт явуулах хүсэлтэй байгаа. Энэ юу нь өөр вэ гэвэл Ерөнхий сайд огцрох ёсгүй гэсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны саналыг дэмжих үү гэж хураавал тухайн үед танхимд байгаагүй гишүүдийн санал шууд "дэмжихгүй" буюу огцрох ёстой гэдэг санал өгсөн болж тооцогдоно. 

Энэ нь хаанаас нь ч харсан Г.Занданшатарт ашиггүй саналын томъёолол. 

Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд Г.Занданшатарын талынхан УИХ-ын чуулганын бойкотолж, чуулгандаа бүтэн нэг өдөр суухгүй байгаа хэрэг. Шалтгаанаа тэд Үндсэн хуулийн зөрчил хэмээн тайлбарлаж байгаа. 

Мэдээж УИХ-ын Дэгийн тухай хуулийн 7.5-д Үндсэн хууль зөрчсөн асуудал хэлэлцсэн бол хуралдаанд оролцохгүй байж болно гэх агуулгатай заалтын дагуу оролцохгүй байгаа. 

Дэгийн тухай хуулийн 7.5.Монгол Улсын Үндсэн хуулийн тодорхой заалтыг илтэд зөрчсөн асуудал хэлэлцсэн, эсхүл Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг эсэргүүцэхээс бусад шалтгаанаар нам, эвслийн бүлэг, гишүүн хуралдаанд оролцохгүй байх буюу түүнийг орхиж гарахыг хориглоно.Аль аль тал нь миний зөв Үндсэн хууль зөрчсөн, зөрчөөгүй гэж ярьж байгаа ч үүнийг тогтоодог нь та биш би ч биш бүр УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч ч дураараа тайлбарлахгүй. Ганцхан тайлбарлаж, үнэн зөвийг тогтоох эрхтэй байгууллага нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэц.  

Тэгэхээр энэ маргаан өнөөдөр, маргааш бол шийдэгдэхгүй гэсэн үг. 

Харин үүний дараа УИХ дахь Ардчилсан намын бүлэг маш чухал улс төрийн шийдвэр гаргалаа. Тэр нь УИХ-ын даргыг ч, Ерөнхий сайдыг ч огцруулах ёстой. Энэ хоёр хүний асуудлыг зэрэг оруулж ирсэн тохиолдолд АН-ын бүлгийн гишүүд УИХ-ын чуулгандаа суух болно хэмээн мэдэгдсэн. 

Улмаар УИХ-ын дарга өөрийн хүсэлтээр УИХ-ын даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн бөгөөд ТББХ үүнийг нь дэмжсэн. Мөн л УИХ-аар хэлэлцэгдэх ёстой ч "гацаанд" орчихсон байдалтай энэ цаг мөчтэй золгоод байна. 

Ирц уг нь хүрэхэд тун амархан. Нийт 64 /50%+1/ гишүүний ирц бүрдсэн тохиолдолд аль алийг нь огцруулах боломжтой юм. МАН дахь Г.Занданшатарын тал бол яасан ч суухгүй гэдгээ ил тод зарласан. Харин үүнийг хамгийн амархан шийдчих боломжтой хүмүүс нь чуулгандаа бүртгүүлээгүй байгаа АН-ын 22 гишүүн. Уг нь Ардчилсан намын бүлгийн шаардсан бүх нөхцөл бүрдсэн чуулгандаа суухгүй байгаа нь тун хачирхалтай. Сөрөг хүчний хувьд Ерөнхий сайд, УИХ-ын даргыг зэрэг огцруулах алтан боломж ч гэж харж болно.  

Ингэж явсаар бүтэн нэг өдөр УИХ-ын чуулган хуралдаагүй бөгөөд ирцээ хүлээсээр байгаа. Ерөнхий сайдыг огцруулах хуулийн хугацаа нь тун удахгүй дуусна. 

Огцрохгүй үлдэх сонирхолтой болон хамт огцрох сонирхолтой хоёр талын улс төр үргэлжилсээр, үзэгч та бүхэн нүд цавчилгүй хараад суух л үлдлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна