Н.Алтаншагай: Алдах, айх юмтай нөхдүүдийг хонь болгодог юм байна

Х.Есү
5 цаг 14 минутын өмнө

УИХ-ын гишүүн Н.Алтаншагай УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр  ар түмний амьдрал сайжрахгүй, цалин тэтгэврийг нэмэх асуудлыг төсөв өргөн барихдаа тусгаагүйг шүүмжилж үг хэлэв.


Тэрбээр “Сүүлийн 24:00 цагийн хугацаанд Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага болох парламент яаж үнэгүйдэж, хүчгүйдэхийг харлаа. Алдах юмтай, айх юмтай нөхдүүдийг хонь болгодог юм байна. Тэдгээр нөхөд маань ордон руу орж ирж чадахгүй, чуулгандаа сууж чадахгүй өдөржингөө туулайчиллаа. Кофе барьчхаад, тойроод гүйгээд байдаг. Эгцэлж харж чадахгүй, чуулгандаа суугаач гэхээр суудаггүй ийм нөхцөл байдлыг бид бүгдээрээ харлаа, мэдлээ, мэдэрлээ шүү дээ.

Нийгмийн олон асуудлууд шил шилээ даран хүлээж байхад сүүлийн нэг сар бид зүгээр л хэрүүл дунд байлаа. Өнгөрсөн жил иргэдээсээ, сонгогчдоосоо гуйж, гуйж, гишүүн болж тангараг өргөсөн шүлс чинь хатаагүй байгаа шүү. Багш нар нь эмч нар нь ажил хаячихсан, ахмадууд маань тэтгэврээ нэмүүлэхээр гудамжинд гараад суучихсан, ААН-үүд нь татварын реформ, хөнгөлөлтүүдийг хийж өгөөч гээд нүдээ ширгэтэл харж байна.

 Ийм бодит нөхцөл байдал тулгарчихсан байхад зарим нэг нөхдүүд маань улам л өнгөлөг болоод, улам л тарган болоод хацар нь цулцайгаад, инээд нь хүрээд л байж байна. Та нарт инээдэмтэй байж болно оо. Ард түмэнд бол ханиадам байгаа шүү.

Нийгмийнхээ сэтгэл зүй рүү нэг өнгийгөөд харвал маш аймшигтай дүр зураг байгаа. Сонгинохайрхан дүүргийн олон сургууль, цэцэрлэгийн багш ажилчид ажил хаяж байна. Зарим нь утсаар холбогдож байна. Архины хамааралтай аав ээжтэй хүүхдүүд маань цэцэрлэгтээ ирмээр байна. Гэртээ хариад хоол байхгүй гээд уйлаад байхад бид үнэхээр ажлаа хаяж чадахгүй байна гээд уйлаад ярьж байна. Үүнийг төсөв хэлэлцэх үед оруулж ирж болох л байсан шүү дээ. 

Ерөнхий сайдыг томилогдож байхад би анх удаа орохдоо хэлж байсан. Гишүүдтэйгээ уулзаарай, тойрог тойргоор нь уулзаарай, саналыг нь аваарай, төсөвтөө тусгаарай гээд. Наадмын дараа төсөв дээр санал авч байгаа гэсэн. Саналаа өгсөн. Бүр ямар ч санал тусгагдаагүй. Жил болгон төсвөө боож оруулж ирээд шидчихдэг. Үр дүн байхгүй. 35 жил иргэд чинь хүлээж байна шүү дээ. Баянхошууныхан хүлээж байна, Дарь эхийнхэн хүлээж байна. Амьдрал нь яг л бахь байдгаараа, бодлого шийдвэр нь энэ хаалгыг давж өрх гэр лүү нь орж чадахгүй байна. Нийгмийн баталгаа нь сайжирч чадахгүй байна шүү дээ.

Тэгэхээр энэ ард иргэд чинь бухимдалгүй яадаг юм. Шахалгүй яадаг юм. Үүнийг бид бүхэн одоо онцгойлон анхаарах хэрэгтэй байна. Тиймээс Ерөнхий сайдаас асууж байгаа юм. Яагаад гишүүдээс санал авч тусгаж болдоггүй юм бэ. Цалин тэтгэврийг нэмэх асуудлыг төсөв өргөн барихдаа яагаад шийдэж болоогүй юм бэ” гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна