УИХ-ын дарга, Ерөнхий сайдгүй үе...

Х.Батсайхан
2 цаг 53 минутын өмнө

-Өнөөдөр Парламент ялсан ч ялалтаа бататгах  30 хоног л байна-

Яг одоо, энэ цаг үед Төрийн гурван өндөрлөг гэгддэг УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газар, Ерөнхийлөгчийн институцийн хоёр нь эзэгүй байна.

Мэдээж энэ хугауаа удаан үргэлэхгүй. УИХ хуралдаанаа хоёр дэд даргынхаа нэгээр удирдуулж байгаад дараагийн даргаа сонгоно. Ерөнхий сайдыг Үндсэн хуульд заасны дагуу 30 хоногийн дотор сонгох хүртэл Г.Занданшатар сайд үүрэг гүйцэтгэчихнэ. Гэхдээ, Төрийн гурван өндөрлөгийн хоёр нь нэгэн зэрэг огцорсон хар түүх бичигдэж, яг одоо үргэлжилж байна.

Хэдий зарим гишүүн өнөөдрийг “Парламентын засаглалаа бататгаж чадсан түүхэн өдөр” гэж байгаа ч үнэн хэрэгтээ Төрийн гурван өндөрлөгөөс ганц Ерөнхийлөгчийн институц хэвийн үлдсэн хар өдөр юм. Энэ бол давтаж болохгүй түүх.

Үндсэн хуульд Ерөнхий сайдыг огцорсноос хойш 30 хоногийн дотор томилох ёстой /43.2, 44.2/. Томилж чадахгүй бол УИХ-ын тухай хуулийн 34.3.2, 34.3.3-т үндэслэн Ерөнхийлөгч УИХ-ыг тараах зарлиг гаргах эрхтэй.

Эрх баригч МАН-ын дүрэм ёсоор, дараагийн Ерөнхий сайдаар МАН-ын дарга болсон хүн томилогдох ёстой. Тэр хүн нь Бага хурлаас сонгогдсон Д.Амарбаясгалан. Гэхдээ маргаантай, өөрөө бол “Асуудлаа Намын Их хурлаараа шийдье” гэсэн. Энэ нь намын даргын сонгуулийг Их Хурлаараа хийе гэсэн үг юм болов уу гэтэл араас нь “Намын даргын хувьд хэлж байна” гэсэн.

Хэрвээ эхнийхээр ойлговол дараагийн Ерөнхий сайд томилох асуудал ирэх сарын 16-нд буюу Үндсэн хуульд заасан 30 хоногийн хугацаа өнгөрсний дараа шийдэгдэхээр болж байна. Энэ бол шууд Ерөнхийлөгч УИХ-ыг тараах шийдвэр гаргах эрх идэвхижинэ гэсэн үг. МАН-ын УЗ Бага хурал товлон зарлалгүй удаад байсан нь гишүүдээ хайрцаглахдаа байсан уу, юунд байсан бэ, яагаад төсөв эцэслэн батлах хугацаанаас цааш товлов гэдэг эргэлзээ байсаар л байгаа. 

Харин хоёр дахь хувилбараар бол Д.Амарбаясгалан Бага хурлаар явагдсан намын даргын сонгуулиа хүчинтэй гэдгээр зүтгүүлж, МАН-аас түүнийг даргаар бүртгүүлэх хүсэлтийг нэн даруй УДШ рүү явуулан, УДШ хуулийн хугааа гэж удаашралгүйгээр шийдэх нэг зам байна.

Гурав дахь нь, Ерөнхийлөгч УИХ-ын шийдвэрт хориг тавих эрхээ эдлэх. Ингэсэн тохиолдолд УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээх авахгүй гэдэг шийдвэрийг гишүүдийн 2/3-аар гаргах хэрэгтэй болно.

Дөрөв дэх нь, Г.Занданшатарын танхимын сайд нар ҮХЦ-д гомдол гаргах. Яг одоо үйл явц энэ хувилбараар өрнөж байгаа бөгөөд ҮХЦ гомдлын дагуу шууд маргаан шүүсгэн шалгаж эхэлсэн мэдээлэл гараад байна. Гэвч, хуулийн заалт нь "Үндсэн хуулийн цэцэд хангаж гаргасан гомдлыг Цэцийн гишүүн хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ /https://conscourt.gov.mn/?page.../". Хуулийн хугацаагаараа Ерөнхийлөгч УИХ-ыг тараах эрх үүсэх өдөр шийдвэр гарна. Гэтэл шаардлагатай гэвэл 30 хоногоор сунгана гэсэн заалт бас бий. Уг нь шийдвэр нэг хоногийн өмнө гарах боломж байсан ч өчигдөр УИХ-ын гишүүд, сайд нар нэг хоного хясан боосон үйлдэл гаргасан. 

Муу ёрлож байгаа юм биш, хэрвээ эрсдлүүд амилбал, буруутай этгээдүүд нь өчигдөр чуулганыг хясан боосон гишүүд, сайд нар байх болно. 

Мэдээж, асуудлуудыг хурдан шийдвэрлэснээр энэ эрсдлээс тойрох гарц бий. Тэгэх ч ёстой. гэхдээ, Монгол Улсын түүхэнд анх удаа тохиолдож байгаа энэ /Төрийн гурван өндөрлөгийн хоёр нь огцорсон/үйл явдал "Хэдий бидэнд 30 хоногийн хугацаа бий ч Парламентын засаглал гэж ямар эмзэг, тогтворгүй болгох боломж  ямар олон байгаа вэ" гэдгийг сануулж байна. Үүнийг л бид байнга санаж явах учиртай юм.   



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна