ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГ ҮХЦ-д шахалт болох уу

Zuv.mn
3 цаг 9 минутын өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан УИХ-ын тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүхэлд нь хориг тавьсан билээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1-д “Ерөнхийлөгч нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 33.1.1-д  “Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавих. Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг Улсын Их Хурлаар хэлэлцэж, чуулганд оролцсон нийт гишүүний гуравны хоёр нь хүлээж аваагүй бол уг хууль, шийдвэр хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ” гэж заасан.

Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч  хориг тавьснаараа Г.Занданшатарыг огцруулах босгыг автоматаар өндөрлөж, нийт гишүүдийн 2/3 буюу 87 гишүүн болгон өсгөж буй.

Гэхдээ хамгийн сонирхолтой нь, Ерөнхийлөгч хориг тавьж буй Үндэслэлээ “Үндсэн хууль зөрчигдсөн”-тэй холбон тайлбарласан явдал юм.

Учир нь, хууль, тогтоол, зарлиг, шийдвэр, олон улсын гэрээ зэрэг нь Үндсэн хууль зөрчих эсэхийг магадладаг газар нь Үндсэн хуулийн цэц. Г.Занданшатарын танхимын сайд нар энэ асуудлаар ҮХЦ-д хандсан бөгөөд ҮХЦ шууд маргаан үүсгэн шалгаж, маш шуурхай буюу 22-ны 09.30 цагт хуралдаан товлоод буй.

ҮХЦ-ийн шийдвэр нөгөөдөр УИХ Ерөнхий  сайдыг огцруулах эсэх  санал хураалтыг явуулсан томъёолол нь Үндсэн хууль зөрчсөн гэж гарвал УИХ-ын тогтоол тэртэй тэргүй хүчингүй болно. Харин зөрчөөгүй гэж гарвал Ерөнхийлөгчийн хоригийн үндэслэл нь үгүй болчихно. 

Гэтэл ҮХЦ шийдвэр гаргахаас урьтаж, хориг тавьсан нь анхаарал татаж байна. 

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хууль

1 дүгээр зүйл. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц

1. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц /цаашид "Цэц" гэнэ/ бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрхтэй байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн.

2. Цэцийн үйл ажиллагааны зарчим, арга хэлбэр, зохион байгуулалт, бүрэн эрхийг Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуулиар тодорхойлно.

3. Үндсэн хууль зөрчсөн тухай маргааныг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн дагуу хянан шийдвэрлэнэ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна