УИХ-ын гишүүд: Илтэд хууль зөрчсөн ҮХЦ-ийн хуралдаанд суухгүй

Х.Есү
3 цаг 16 минутын өмнө

УИХ-ын гишүүд ҮХЦ-ийн хуралдааныг орхин гарлаа. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Нэгдүгээрт , манай Цэцийн гишүүд нэг зүйлийг анхаараарай гэж хэлмээр байна. Тогтоол бүрэн хүчин төгөлдөр болоогүй байгаа шүү. Ерөнхийлөгчийн хориг тавих хугацаа дууссаны дараа хүчин төгөлдөр болно. Хоёрдугаарт, Үндсэн хуулийн 27.1-т УИХ чуулганы хэлбэрээр шийдвэрээ гаргана гэж заасан. 

Тийм учраас Байнгын хороог огт үгүйсгэж болохгүй. Үндсэн хууль, 27.6-д Байнгын хороо олонхоороо шийдвэр гаргахыг тодорхой зааж өгсөн. Байнгын хороо УИХ-ын бүтцийн нэг хэлбэр. Мөн 28.2-т Байнгын хорооны бүрэн эрхийг хуулиар тогтооно гэсэн. Хуулиар тогтоож өгсөн, УИХ-ын тухай хуулийн 22.2-т Байнгын хороо тухайн асуудлаар санал дүгнэлт гаргаж, чуулганаар хэлэлцүүлнэ. Хэлэлцүүлнэ гэсэн, танилцуулна гээгүй. Мөн УИХ-ын тухай хуулийн 22.3.7-д УИХ-аар томилдог албан тушаалтныг чөлөөлөх, огцруулах асуудлаар санал гаргана гэж заасан. 

Санал гаргах эрхтэй. Чуулганы хэлбэрээр шийдвэрээ гаргахад нэгдсэн хуралдаан, Байнгын хороо, намын бүлгүүд, Дэд хороо, Түр хорооноос бүрдэнэ гэсэн учраас зөвхөн нэгдсэн хуралдаанаар шийднэ гэж үзэж буй нь буруу томъёолол. Одоо хэрвээ Цэц энэ асуудлыг Засгийн газрын хэлж байгаагаар шийдвэл, ямар эргэлзээтэй байдал үүсэх вэ гэвэл, Л.Оюун-Эрдэнийг итгэл үзүүлэх эсэх асуудлын санал хураалт буруу болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Г.Занданшатар хууль бус Ерөнхий сайд болно гэсэн үг. Цэцийн гишүүд маш хариуцлагатай албан тушаалд томилогдсон албан тушаалтан. Төр тогтвортой байх уу үгүй юу гэдэг асуудлыг шийднэ. 

Үндсэн хуулийн хямрал руу хөтөлж болохгүй. Тиймээс бид энэ асуудалд маш анхааралтай хандах түүхэн хариуцлагатай цаг мөчид та бид хуралдаж байна. Цагаан дээр хараар тодорхой бичсэн байна. Тийм учраас Байнгын хорооны саналаар нэгдсэн хуралдаанд санал хураалт явуулахгүй гэж асуудал шийдвэл, Ерөнхийлөгчийг огцруулах, итгэл үзүүлэх асуудал, Ерөнхий сайдыг огцруулах гээд Үндсэн хуульд заасан бүх юмны дэг өөрчлөгдөх гээд байна. Тэгэхээр арай ч ийм шийдвэр гаргахгүй байх гэдэгт найдаж байна. Ер нь бол, цаашид энэ хямралыг гүнзгийрэхгүй, цэг тавих асуудлыг өнөөдөр шийдэх гэж байгаагаа сайн бодоорой. Бид төрөөрөө тоглож болохгүй, самарч болохгү

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал: Өнөөдрийн маргаан  хянан шийдвэрлэж байгаа ажиллагаа нь үндсэндээ маргалдагч нэг талын эрх ашгаа хамгаалах ямар ч боломжийг өгөхгүй байна. Хүсэлт гаргахаар хуралдаан товлосноос хойш гаргаж байгаа хүсэлт учраас хэлэлцэхгүй гэдэг тайлбарыг өгч байна. 

Үндсэн хуулийн цэцийн дарга дангаараа тайлбар өгч байсан. Ямар нэгэн байдлаар бүрэлдэхүүнтэй ярилцаагүй. Мөн дээрээс нь ҮХЦ хуралдааныг шууд дамжуулах бүрэн боломжтой атал эхлэл төгсгөлийг л шууд дамжуулна гэж байна. Иргэдийн мэдэх эрхийг зөрчиж байна. 

Хуралдаанд оролцогч аль нэг тал нь хурлыг орхин гарвал хурлыг цааш үргэлжлүүлэх үү үгүй юу гэдгийг ярилцаад шийдэх ёстой. Гэвч хуралдаан үргэлжлээд явж байна. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл болж байна. 

Нэгдүгээрт, Үндсэн хуулийн Цэцээс онцгой хүндрэлтэй, яаралтай шийдвэрлэх асуудал гэж үзэн хуулийнхаа 4 дүгээр зүйлийг эшилж хуралдаан зарласан. Тус хуульд зааснаар долоогоос доош хоногийн өмнө төрийн төв хэвлэлд хуралдаан болох талаар зар хүргэх зохицуулалтыг зөрчсөн. Тиймээс энэ хуралдаан хууль зөрчсөн шүү.

Хоёрдугаарт, 30 хоногийн дотор биш 30 хоногт багтаан хуралдааныг зарлаж байгааг хуралдаан даргалагч тайлбарласан. Энэ нь Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч өчигдөр сошиал хаягтаа оруулсантай ижил байр суурь байсныг дурдаж хэлье.

Гуравдугаарт, Их суудлын хуралдаанаар маргаан бүхий гурван асуудлыг нэгтгэн шийдэж байгаа нь Үндсэн хууль болоод Үндсэн хуулийн Цэцийн Маргаан хянан шийдвэрлэх тухай, УИХ-ын тухай хуулийг зөрчиж байна. Учир нь, УИХ-ын тогтоолыг Цэцийн Дунд суудлын хуралдаанаар шийдвэрлэж, Монгол Улсын Их хурал уг асуудлыг хүлээж авах эсэхийг шийдвэрлэж, үүний дараа Их суудлын хуралдаан хуралддаг.

Дөрөвдүгээрт, Үндсэн хуулийн Цэц урьдчилан хяналт хийх ёсгүй. Яг одоогийн байдлаар Цэц урьдчилсан хяналт буюу гараагүй, хүчин төгөлдөр болоогүй УИХ-ын тогтоолыг хянан шийдвэрлэж байна. Одоо ч хүчин төгөлдөр болоогүй байгаа. Ерөнхийлөгч хориг тавьсан. Гэтэл Цэц нэг талдаа Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд халдчихлаа. Нөгөөтэйгүүр, хууль хүчин төгөлдөр болоогүй буюу Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж эхлээгүй байгаа энэ цаг мөчид цаашид ямар шийдвэр гарах нь тодорхойгүй байхад ирээдүй цаг дээр Цэц маргаан хянан шийдвэрлэж байна.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: "Цэц есөн гишүүнтэй. Эдгээр есөн гишүүний хэд хэдэн гишүүд Засгийн газар талын хамаарал бүхий этгээд байх магадлалтай. Тиймээс тэднийг асуудал үнэн бодитой хандана гэдэгт эргэлзэж байна. Яагаад гэвэл ашиг сонирхлын зөрчилтэй гишүүд олон байна. 

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: " Х.Булгантуяаг өмгөөлөгчтэй байх эрхийг нь хангаж өгсөнгүй. О.Мөнхсайханаас татгалзсан саналыг хүлээн авсангүй. 

С.Бямбацогт сайд чи энд сууж болно болохгүй гээд гар утсаа хураалга гээд хайрцаг бариад гүйх юм. Дугарч болно болохгүй гээл зандраад явах юм. Их суудлын хуралдаан болж байхад юу хийх хийхгүйг маань заагаад байж болохгүй. 

Засгийн газрын захиалгатай хууль бус шийдвэр гарах нь ойлгомжтой байна. Тэнцвэртэй хурал болохгүй байгаа учраас хурлыг орхиж гарахаар шийдсэн. 

УИХ-ын гишүүн П.Сайнзориг: "Цэцийн их суудлын хуралдаан Үндсэн хууль зөрчсөн агуулга процесс руу орчихлоо. Засгийн газар нь УИХ руугаа халдан довтолж байгаа нь төрийн эрх мэдлийг хууль бусаар авах оролдлогыг бусад институцитэй хамтран хийж байна. Өнөөдөр 40-хөн гишүүний дэмжлэгтэй Ерөнхий сайд ямар ч аргаар хамаагүй албан тушаал дээрээ үлдье гэсэн увайгүй үйлдлийг хийж байна" гэлээ. 




Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.39
    19 минутын өмнө

    Одоо тэгээд зайлаад өгөөч сайнзоригоо

    Хариулах
  • 103.168.34.8
    9 минутын өмнө

    Narangerel, Lundendorj nariin turgevchilsen surgaltaar beltgesen "erh zui"-chdiig huulich gehed hetsuu deeBulgantuyaa MGL-d huviin surguuli tugseeguig meddeggui yum uu? 126 huulich, "erh zui" chidiig songovol yuu bolohiig tuseel dee

    Хариулах
  • 202.72.245.207
    7 минутын өмнө

    il todoor chuul zorchij uls orniig chymraachchaad ! odoo yagaad olon doloon um yriaad chaduuraad bgaa um ! . chuulia mededggui ene oln balmad gischuudiig zailuulaachee

    Хариулах
  • 66.181.181.42
    31 минутын өмнө

    Энэ ЗГ,бүх сайдууд нь албан тушаалдаа үлдэх гээд чармайж бна.Муухай бна.ичгэвтэр бна Наад сайхан Залуучууддаа зайгаа тавиад өгвөл яасийн бэ

    Хариулах
  • 66.181.183.182
    35 минутын өмнө

    Үндсэн хуулиа зөрчсөн үйлдэл ээ үхэн хатан хамгаалдаг эдгээр хүмүүсийн гаргасан хууль тогтоомжоор бид амьдрах гэж үү. Энэ УИХ ыг тарааж эрүүл сэтгэхүйтэй, хүний барьцаанд ороогүй хүмүүсийг шинээр сонгох хэрэгтэй. Эмнэлгийн техникчээр сувилагч хийлгэдэггүй н адилаар УИХ орсон хүн бүхэн хууль мэддэг хуульч гэж өөрийгөө дөвийлгөх хэрэггүй. Тийм дээрээ тулбал зөвхөн хуульч хүнийг гишүүнээр сонгодог болох хэрэгтэй. Тэгээд энэ эсэргүүцэж байгаа хүмүүс нэртэй хуульч биш хэн хичээл заадаг нь тодорхойгүй хувийн сургууль төгсөгчид гэж бичээд бна.

    Хариулах
  • 103.57.92.56
    38 минутын өмнө

    За даа их хурал тараад, шинээр эхэлвэл ямар бол. Энэ улс орон, ард түмэн чинь та бүхний эрх мэдлийн дэргэд юу ч биш болж таарлаа.

    Хариулах
  • 59.153.114.13
    48 минутын өмнө

    Одоогийн сайд нар сандал суудалдаа үлдэх гэж үхэн хатан зууралдаж байна

    Хариулах