МАН-ын Их хурал ирэх сарын 15, 16-нд болно. Хурлаар МАН-ын шинэ дүрмийг батлахаас гадна намын даргын сонгуулиа хийнэ гэдэг мессежийг ЕНБД Я.Содбаатар өгсөн. Өөрөөр хэлбэл, Бага хурлын үеэр болсон намын даргын сонгуулийг хүчингүй гэж ойлгуулаад буй.
Гэтэл үүнтэй зэрэгцээд Бага хурлаас МАН-ын даргаар сонгогдсон УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг Прокуророос яллагдагчаар татсан, улмаар “Д.Амарбаясгалан яллагдагчаар татагдсан тул намын гишүүнээсээ ч хасагдах үндэслэл тул намын даргын сонгуульд нэр дэвших эрхгүй болно” гэсэн мессежийг улс төрийн мэдээлэл тавигддаг олон нийтийн сүлжээний хуудсаар түгээж эхлээд буй нь “Г.Занданшатар гол өрсөлдөгчөө замаасаа зайлуулж байгаад өрсөлдөгчгүй сонгууль хийх нь” гэсэн хардлагыг төрүүлээд байгаа юм.
Үүнтэй холбоотойгоор МАН-ын Дүрмээс намын гишүүнчлэлтэй холбоотой заалтуудыг шүүж үзэхэд, МАН-ын гишүүн авлигын хэрэгт болбогдсон бол 30 хоногийн дотор өөрөө намын гишүүнээс түдгэлзэх хүсэлт гаргах зохицуулалт үйлчилдэг юм байна.
Харин гишүүнээс хасах тухайд, гэмт хэрэгт холбогдсон нь Шүүхээр эцэслэн тогтоогдсон тохиолдолд л асуудал яригддаг аж.
Тэгэхээр, Д.Амарбаясгалангийн тухайд намын гишүүнчлэлээс хасагдах асуудал үүсээгүй. Харин түдгэлзэх хүсэлтээ өөрөө гаргах нөхцөлд байгаа гэж ойлгож болох нь. Түдгэлзсэн гишүүн харин түдгэлзүүлсэн үндэслэл арилсан тохиолдолд гишүүнчлэлээ сэргээдэг ажээ.
Харин намаас гарсанд тооцох үндэслэл дотор 6.5.4 , 1.5.4, "Олонхиор гаргасан шийдвэрийг эс биелүүлсэн" гэсэн үндэслэл мөн байх аж.
4.3. Намын гишүүн нь дараах тохиолдолд намын болон намын гишүүдийн нийтлэг эрх ашиг, нэр хүндийг хүндэтгэн гишүүнээс түдгэлзэх хүсэлтээ 30 хоногт багтаан гаргана. Үүнд:
4.3.3. авлигын гэмт хэрэгт холбогдсон;
4.8. Намын гишүүн нь авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр эцэслэн тогтоогдсон бол намын удирдах байгууллагад сонгогдох, бүх шатны сонгуульд намын нэрийн өмнөөс нэр дэвших эрх эдлэхгүй.
5.1. Намын гишүүн хууль тогтоомжид заасан тохиолдолд Монгол Ардын Намын гишүүнээс түдгэлзэх бөгөөд энэ тухайгаа НАШБ-д бичгээр мэдэгдсэний үндсэн дээр цахим бүртгэлд түдгэлзсэн тухай тэмдэглэл хийнэ. Намын гишүүний эрх түдгэлзсэн нь намын үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл авах эрхийг хязгаарлахгүй.
5.2. Түдгэлзэх үндэслэл арилсан бол НАШБ-д хүсэлтээ гаргаж гишүүнчлэлээ сэргээнэ. Намаас түдгэлзсэн нь намын гишүүн байсан нийт хугацаанаас хасагдахгүй.
6.3. Монгол Ардын Намын гишүүнээс гарсанд тооцох асуудлыг Хяналтын Ерөнхий хорооны хуралдаанаар шийдвэрлэнэ.
6.5. Монгол Ардын Намын гишүүнийг дараах тохиолдолд намаас гарсанд тооцно:
6.5.1. намаас Улсын Их Хурал болон орон нутгийн сонгуульд нэр дэвшигчтэй зэрэгцэн бие даан нэр дэвшсэн нам болон намын нэр дэвшигчийн эсрэг сурталчилгаа хийсэн;
6.5.2. намаас сонгогдсон буюу томилогдон төрийн өндөр албан тушаал эрхэлж байх хугацаандаа авлигын гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон;
6.5.3. намын бүх шатны сонгуульд нэр дэвшигч нь санал худалдаж авах үйлдэл гаргасан;
6.5.4. намын албан ёсны шийдвэр буюу олонхын саналаар шийдвэрлэсэн асуудлаар энэ дүрмийн 1.5.4-т заасан зарчмыг зөрчсөн. 6.6. Аймаг, нийслэлийн намын хяналтын хороо энэ дүрмийн 6.5-д заасан намын гишүүний зөрчлийг бусад этгээдийн ирүүлсэн гомдол, мэдээлэл болон өөрийн санаачилгаар хянан шалгаж нотлогдсон тохиолдолд,
(1.5.4. намын бүх шатны байгууллага асуудлыг чөлөөтэй хэлэлцэн цөөнхийн саналд хүндэтгэлтэй хандаж, олонх нь дэмжсэн шийдвэрийг нийтээрээ дагаж биелүүлэх. Цөөнх үндэслэлтэй гэж үзвэл саналаа намын холбогдох дээд байгууллагад тавьж хариу авах)
6.6. Аймаг, нийслэлийн намын хяналтын хороо энэ дүрмийн 6.5-д заасан намын гишүүний зөрчлийг бусад этгээдийн ирүүлсэн гомдол, мэдээлэл болон өөрийн санаачилгаар хянан шалгаж нотлогдсон тохиолдолд дүгнэлт гарган намын хорооны тэргүүлэгчдэд танилцуулна. Намын хорооны тэргүүлэгчид дүгнэлтийг үндэслэн намаас гарсанд тооцох тухай шийдвэр гаргаж тухайн гишүүнд болон харьяалагдах намын анхан шатны байгууллагад нь мэдэгдэнэ.
6.7. Аймаг, нийслэлийн намын хорооны тэргүүлэгчдийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо Монгол Ардын Намын Хяналтын Ерөнхий Хороонд гаргаж болно.
6.8. Энэ дүрмийн 6.5-д заасан дутагдлаа иргэн арилсан гэж үзвэл Монгол Ардын Намд гишүүнээр дахин элсэх хүсэлтээ НАШБ-аар уламжлуулан Хяналтын Ерөнхий Хороонд гаргаж болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна