МАН-ын удирдах зөвлөлийн хуралдаанаар намын талцал хуваагдлын асуудлыг шийдэх ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн асан Ч.Хүрэлбаатараар ахлуулахаар болсон юм. Бид уг асуудалтай холбогдуулан ажлын хэсгийн ахлагч Ч.Хүрэлбаатараас зарим зүйлсийг тодрууллаа.
-Ажлын хэсэг ямар үр дүнтэйгээр хэрхэн ажиллах вэ?
-МАН-ын УЗ хуралдаад үүсээд байгаа улс төрийн нөхцөл байдлын талаар нэлээн ярилцсан. УЗ-ийн хурал бол өргөтгөсөн хэлбэрээр явсан. Хуваагдчихсан байгаа хүмүүстэй уулзаж, яриа хэлэлцэл хийх ажлын хэсгийг байгуулсан.
Ажлын хэсэг мягмар гарагийн орой хүртэл ажилласан бөгөөд хоёр хуваагдаад буй хүмүүс тус тусдаа уулзсаны дараа бид уулзахаар хүлээж байна.
Энд онцолж нэг зүйл хэлмээр байна. Ажлын хэсгийн ажиллах хүрээ гэж бий. Давж болохгүй шугам гэж бий. Давж болохгүй шугам гэдэг нь хууль. Хуулийг давж ярьж хэлэлцдэг асуудал хаана ч байхгүй. Тэгэхээр хуулийн асуудал нь тусдаа гэсэн үг. Хуультай холбоотой асуудлууд хуулийнхаа дагуу л шийдэгдэнэ.
Хоёр дахь зүйл нь УЗ-аас гарч байгаа ажлын хэсэг нь төрийн хэрэгт оролцохгүй. Та бүгд анзаарч байгаа байх. Юуны өмнө хоёр талд гараад суусан байгаа МАН-аас нэр дэвшиж УИХ-ын гишүүд нь хоёр хуваагдчихаад байгаа учраас эхлээд бүлэг нэгдэн хуралдаж төрийнхөө ажлыг ярьдаг нөхцөл байдлыг бий болгохын төлөө ажиллаж байгаа.
-Хэрвээ эвлэрэхгүй бол яах вэ?
-Эвлэрэхгүй бол яах вэ биш яаж эвлэрүүлэх вэ гэдэг асуудлаа эхлээд ярилцъя. Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг ямар байгааг бүгд мэдэж байна. Гадаад улс орны байдал, дэлхийн эдийн засгийн байдлыг бүгд харж байна. Сая ОУВС-гийн намрын хурал болж 2026 оны дэлхийн эдийн засгийн өсөлт 2025 оныхоос бага байна гээд гаргачихлаа. Тэгэхээр энэ нь манайд тийм таатай зүйл биш. Бид ямар байдалтай явах вэ гэдгээ ойлгох хэрэгтэй.
Тиймээс олонхийн санал авсан ардын нам хоорондоо үймээд байх нь Монгол Улсын эрх ашигт нийцэхгүй гэдэг нь ойлгомжтой учраас намын үе үеийн дарга нар УЗ-ийн гишүүд санаа зовж, ажлын хэсгийг ажиллуулж байна.
-Таны хувьд МАН-ын хоёр хуваагдсан асуудлын гол шалтгааныг юу гэж харж байгаа вэ?
-Би улс төрд ажиглагчийн байдалтай байж байгаад саяхнаас эргэж орж ирж байна. Нэгдүгээрт, эдийн засгийн байдал нь унаад эхлэхээр хоорондоо үймэж эхэлдэг. Хоорондын эрх ашгийн зөрчил явсан болов уу. Мөн улс, эх орны ашиг нэгдүгээрт, намын эрх ашиг хоёрдугаарт гэдэг дараалал алдагдахаар хоорондын үл ойлголцол үүсээд эхэлдэг тийм юм болов уу гэж бодож байна.
-Тэгэхээр хуваагдаад буй хоёр талтай тус тусдаа уулзаад дараа нь нэгдэж уулзана гэсэн үг үү?
Тийм. Эхлээд аль алинтай нь сайхан ярилцаадхъя. Дараа нь ойлголцох асуудлаа ярья. Одоо үндсэндээ дэлхийн эдийн засаг муу байгаа энэ үед улсын төсвөө батлах том зорилго бий. Таван үе шаттай болсон төсвийн хэлэлцүүлэг дөнгөж хоёр дахь дээрээ явж байна. Хуучнаар хамгийн эхний хэлэлцүүлэг гэсэн үг. Энэ бол маш буруу.Төсвийн ббодлого одоо тодорхой бус байна гэдэг эргээд ирэх жилийн бизнесийн орчин нь тодорхой бус муу байна гэсэн эрсдэлтэй байгаа юм.
Өөр хоорондын ширээ сандлын хэрүүлээс илүү улс, эх орныхоо эрх ашгийг харж манай намынхан эв зүйгээ олоод нэгдчих байх гэсэн итгэлтэй байна.
- МАН-ын даргаар Д.Амарбаясгаланг сонгосон Бага хурлын шийдвэрийг хууль, дүрэмд нийцсэн гэж үзэж байна уу. Өнөөдрийг хүртэл дээд шүүхэд бүртгүүлээгүй яваа шүү дээ?
-Хэрвээ та бүхэн санаж байгаа бол Бага хурлын өмнөх Удирдах зөвлөлийн хурал дээр би байр сууриа тодорхой илэрхийлсэн. Түүнийгээ ч би өчигдөр УЗ-ийн гишүүддээ хэлсэн.
Ямар байр суурь вэ гэхээр “Д.Амарбаясгалан дарга аа, Г.Занданшатар дарга аа, та хоёр одоо Бага хурал дээр битгий өрсөлдөөч ээ. Их хурал дээр өрсөлд. Бага хурал дээр өрсөлдөхөөр намаа хуваана. Дахиад Их хурал дээр өрсөлдвөл дахиад л хуваана. Ардын намыг ингэж олон хуваах шаардлага алга.
Намын Бага хурал дээр өрсөлдвөл хэн нь 2/3-ын санал авахгүй. Яагаад гэхээр аль аль нь манай намын лидер. Лидерүүд хоорондоо үзэхээр санал 50 орчим дээр л эргэлдэнэ. 2/3-ын санал авсан тохиолдол амьдрал дээр ховор. Дараа нь намынхаа дүрмийг зөрчсөн нь ойлгомжтой болсон. Энэ зүйлийг л би УЗ дээр хэлсэн. Аль аль нь хүлээж аваагүй. Өчигдөр ч дахин сануулсан.
-Г.Занданшатар дарга хулгайтай эвлэрэхгүй гээд хурлаа орхиод гарсан гэх мэдээлэл байна. Та үүн дээр тайлбар өгөөч.
-Тэр бол худлаа мэдээлэл. Бид тал талдаа жудагтай байх ёстой. ОХУ-тай хэлэлцээр хийх ёстой гэж хэлээд гараад явсан. Янз бүрийн худал яриаг битгий сэвээч ээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна