"Хөтөлийн цемент шохой"-н захирлаар ССАЖЗ-ын сайд Ч.Ундрамын бие төлөөлөгч байсан Л.Ганбаатар томилогджээ

Zuv.mn
6 цаг 56 минутын өмнө

Төрийн өмчийн “Цемент шохой” ХХК-ийг мэргэжлийн бус хүмүүс удирдан үйл ажиллагааг нь доголдуулж, улсын энэ том үйлдвэр өдгөө улсынхаа бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж чадахгүйд хүрээд байгаа асуудлыг бид цувралаар хөндөж байгаа билээ.

Жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай уг үйлдвэр өдгөө “Эрдэнэт”-ийг шохойгоор хангахаас бусдаар үйл ажиллагаа нь дампуурч, жилд 200 гаруйхан мянган тонныг үйлдвэрлэдэг, нэг төгрөг олохын тулд нэг төгрөг долоон мөнгө зарцуулдаг буюу алдагдалтай ажиллах хэмжээнд хүрээд буй. Үүнтэй холбогдуулан тус компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Д.Баттүвшинг чөлөөлсөн бөгөөд түүний оронд Л.Ганбаатар гэдэг хүн үүрэг гүйцэтгэгчээр ажиллахаар болжээ. 

Лүүлүүгийн Ганбаатар нь 2001 онд ХААИС-ийг "Инженер механкик" мэргэжлээр бакалавр зэрэгтэй төгссөн бөгөөд 1993-2003 онд "Ургацын-Ундраа" ХХК-д тракторчиноор ажиллаж байгаад 2003 оноос Сэлэнгэ хөндий ХХК-ийн захирлаар томилогдож байжээ. 

Мөн 2013 оноос Сэлэнгэ аймгийн Сайхан сумын МАН-ын 3-р үүрийн дарга, 2016-2020 онд Сайхан сумын ИТХ-ын төлөөлөгч, ИТХ-ын дарга, 2020-2024 аймгийн ИТХ-ын төлөөлөгч, УИХ-ын гишүүн Ч.Ундрамын бие төлөөлөгчөөр ажиллаж байжээ. 

Түүний хувьд өнгөрсөн онд зохион байгуулагдсан орон нутгийн сонгуульд Сэлэнгэ аймгийн ИТХ-д нэр дэвшсэн ч ялалт байгуулж чадаагүй байна. Улмаар саяхан Хөтөлийн цемент шохой ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон байна. 

Хуулиараа бол Хөтөлийн "Цемент шохой" ХХК нь мэргэжлийн удирдлага томилох, сонгон шалгаруулалт зарлах учиртай. Гэвч өмнөх захирал Д.Баттүвшин мэргэжлийн бус хүн байсан тул улс төрийн ивээгчийнхээ нөлөөгөөр сонгон шалгаруулалт зарлалгүй хоёр жил шахам ажиллаж, энэ хооронд үйлдвэр дампуурлын ирмэгт хүрсэн байдаг. Тэгвэл шинээр очиж байгаа Л.Ганбаатар нь Д.Баттүвшингийн нэгэн адил мэргэжлийн бус буюу Хөдөө аж ахуйн салбарын хүн уул уурхайн томоохон компанийг удирдахаар болоод байгаа юм. Түүнчлэн дээр дурдсанчлан Л.Ганбаатар нь УИХ-ын гишүүн, ССАЖЗ-ын сайд Ч.Ундрамын бие төлөөлөгчөөр 2020-2024 оны хооронд ажиллаж байгаад ийнхүү Хөтөлийн цемент шохой ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон. Тэгэхээр энэ томилгоонд улс төрийн нөлөө байхыг ч үгүйсгэхгүй юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна