​Ш.Бямбасүрэн: Тэвчиж болох зардлуудыг хасаж, багш эмч нарын цалинг нэмэх ёстой

Zuv.mn
6 цаг 2 минутын өмнө

Багш, эмч нар цалингаа нэмэгдүүлэх шаардлага тавьж, ажил хаялт зарлаад байгаа энэ үед УИХ-ын гишүүдийн байр суурийг цувралаар хүргэж байгаа билээ.

Энэ хүрээнд УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэнгээс тодрууллаа.


 Тэрбээр "Үр дүн нь тодорхойгүй, тэвчиж болох зардлуудыг хасаж, багш эмч нарын цалинг нэмэх ёстой. 2026 онд эхлүүлэх шаардлагагүй төслүүдийн санхүүжилтээр багш, эмч нарын цалинг нэмэх зарчмын зөрүүтэй санал гаргасан. 

Өөрөөр хэлбэл, шинэ төсөл эхлүүлэхгүйгээр тулгамдаад байгаа эмч, багш нарын цалинг шийдье гэж байгаа. Төсөв дээр энэ мэтчилэн гарц, гаргалгаанууд зөндөө байна. Засгийн газар энэ асуудлаа шийдэх нь зүйтэй гэдэг байр суурьтай байгаа.

26 зарчмын зөрүүтэй санал гаргаснаас холбогдох байнгын хороод дээр хуваарилагдаад явж байгаа. Одоогийн байдлаар нь зургаан зарчмын зөрүүтэй санал дэмжигдээд байна. Эдгээр нь үнийн дүн харьцангуй багатай. 

Гэхдээ үүн дээр үр дүнг нь хэмжих боломжгүй. Жишээ нь, "Шинэ хоршоо" хөдөлгөөн өндөр үнийн дүнтэй. Мөн "Цагаан алт" үндэсний хөтөлбөрийн үр дүнг ч эргэн харах ёстой. Ямар шалгуураар хичнээн аж ахуй нэгжид олгосон юм, бүгдэд нь тэгш хуваарилалтаар олгож байгаа юу, сонгон шалгаруулалт нь зөв явсан уу үгүй юу гэх мэт.

Одоо аж ахуй нэгжүүдтэй уулзаад үзэхээр цөөхөн хэдэн том компаниуд нь л хуваагаад авчихдаг. Бор зүрхээрээ явж байгаа газрууд хэрэгжиж байгаа хөтөлбөрүүдэд хамрагдах боломж байдаггүй. Шалгуур үзүүлэлтүүдийг өндөр тавьсан байдаг гэж байгаа. Тэгэхээр бид үүнийг эргэн харах ёстой. 

Үүнийг Засгийн газрын гишүүдэд ярихаар өөдөөс маш гоё уянгалдаг. Гэтэл үр дүнг нь харахаар хөдөө аж ахуйн салбар маань босоод ирчихсэн юм байхгүй л байгаа. Үр дүнд хэзээ хүрэх юм. Тодорхой зорилтоо тавихгүй л бол энэ хөтөлбөрүүд чинь үр дүнгүй яваад сайхан гоё уянгалсаар байгаад дуусах юм байна. Тийм учраас төсвийн энэ мэт үрэлгэн зардлуудыг хасъя гэдэг санал гаргасан" гэлээ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна