П.Сайнзориг: Улс төрийн нөхцөлд тааруулж яам бий болгодоггүй байх нь чухал

Х.Есү
5 цаг 56 минутын өмнө

УИХ-ын гишүүн П.Сайнзориг цахим хуудсаара дамжуулан дараах мэдээллийг хуваалцжээ. 

Тэрбээр, 

"Багш, эмч нар цалин хөлсөө нэмэгдүүлэх шаардлагыг тавьж утсаар ярьж, мэссэж ирүүлж байна. Сонгогдсон тойргийн иргэд маань тэднийг дэмжиж мөн адил шаардлага ирүүлж байна. Зарим иргэд, багш нар наад яамдаа цөөл, хэмнэлт хий, тэвчиж болох зардлаа тана, Улсын төсвийн 6-20 хувийг боловсролд зарцуулдаг байх талаар санал, бодлоо хэлж ярьж байна. Ажил хаялт ч үргэлжлээд олон хоног болж байна.

Иргэд, багш нарын зөв. Энэ саналуудаас олон давтагдаж буй нэг санал яамдаа цөөл гэсэн санал бөгөөд хэдэн яамтай байж болох талаар өөрийн саналыг сийрүүлж байна.

Засгийн газар ямар бүтцээр ажиллах нь Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал боловч хууль зүйн болон улс төрийн талаасаа УИХ эцэслэн шийдэх онцгой бүрэн эрхтэй. Гэхдээ өргөн барьснаар батлаад явуулдаг улс төрийн “бичигдээгүй хууль” тогтсон.

Иймд хэмнэлттэй, бүтээмжтэй ажиллах буюу “ажил хийдэг, ажил нь уялдаатай явдаг” аль болох минимал, чиг үүргийн давхардалгүй Засгийн газрын бүтэцтэй байх талаар бид анхаарах шаардлагатай гэдэг иргэдийн шаардлагыг зөв гэж боддог.

Манай нөхцөлд 10 яамтай, Ерөнхий сайдаасаа гадна 12 Засгийн газрын гишүүнтэй байхад болно гэж хувьдаа боддог.

1.Ерөнхий сайд
2.Шадар сайд
3.ЗГХЭГ-н дарга, Монгол Улсын сайд

1.Эдийн засгийн хөгжлийн яам /одоогийн чиг үүрэг+ТӨК-г олон нийтийн болгох асуудал+хөдөлмөр эрхэлт, ажиллах хүчний асуудал/

2.Сангийн яам
3.Хууль зүй, дотоод хэргийн яам
4.Дэд бүтэц, аж үйлдвэрийн яам /Эрчим хүч, зам тээвэр, барилга, хот төлөвлөлт/

5.Уур амьсгал, байгалийн нөөцийн яам /Уур амьсгал, байгаль орчныг хамгаалах, газар, аялал жуулчлал, байгалийн нөөцийн менежмент/

6.Гадаад хэргийн яам
7.Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам
8.Эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хүн амын зүйн бодлогын яам

9.Батлан хамгаалах яам
10.Хөдөө аж ахуй, хүнс, хөнгөн үйлдвэрийн яам /Хүнс, эмийн хяналтын агентлаг/

Ажил урагшилдаг, асуудлыг шийдэх хурд, ойлголцол бүрдэх бүтэц хэрэгтэй байна, нөгөө талдаа улс төрийн нөхцөлд тааруулж яам бий болгодоггүй байх нь улс төрчдын хандлага чухал байна. Олон яамтай байлаа гээд асуудал шийдэгдэж байгаа юм алга, харин хэдэн хүний намтар л “зузаан” болж байх шиг байна" гэжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна