Ж.Алдаржавхлан: Өнөө маргаашгүй нээгдэх гэж байгаа 640 хүүхдийн сургуулийн сүүлийн хөрөнгө оруулалтыг хасчихсан байна

С.Гандэлгэр
1 цаг 58 минутын өмнө

УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлангаас боловсролын салбарын хөрөнгө оруулалттай холбоотой асуудлаар тодруулга мэдээлэл авлаа. 

Тэрбээр "Засгийн газар үе шаттай арга хэмжээ аваад бүх цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авахгүй бол болохгүй нь. Жишээ нь 302 мянган төгрөгөөр Хөгжлийн бэрхшээлтэй иргэд амьдрах ямар ч боломж байхгүй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд дуу хоолойгоо илэрхийлэх хүндрэлтэй байгаа. Ж.Баясгалан гишүүний саналыг 100 хувь дэмжиж байгаа. Асуудлыг бүхэлд нь авч харахгүй бол цалин зарим газар өндөр зарим газар нь хэвээрээ болох гээд байна. Багш нарын цалингийн асуудлыг шийдээд араас нь эмч, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал гарч ирж байгаа учраас Засгийн газар бодлогоор шийдэх ёстой. 

Мөн төсвийн хөрөнгө оруулалтын асуудал яригдаж байх үед нэлээд олон хөрөнгө оруулалт хассан байна. Тэр дотор 10 дугаар сарын 30-нд улсын комисс хүлээн авсан. Ашиглалтад орох гэж байгаа ХУД-ийн 15-р сургуулийн хөрөнгө оруулалтыг хасчихсан байна. Хүүхдүүд орох гээд хүлээж байгаа сургуулийн үлдэгдэл санхүүжилт гурван тэрбум төгрөгийг хассан байна. Яагаад хассан нь ойлгомжгүй. Миний үзэл санаа, илэрхийлж байгаа байр сууриас болж хассан уу гэдгийг МАН-ын бүлэг, УИХ-ын чуулганаар асуух болно. 

Өндөр байшингууд баригдаад сургуулийн багтаамж хүрэлцэхээ больчихсон болохоор 640 хүүхдийн шинэ сургууль хоёр жилийн өмнө эхлүүлээд яг өнөө маргаашгүй хаалгаа нээх гэж байхад нь төгсгөлийн хөрөнгө оруулалтыг нь хасчихсан байна. Энэ төсвийг нь өөр тойрогт, өөр зориулалтаар, өөр хүнийг шагнах зорилгоор хуваарилсан байж болзошгүй гэж хардаж байгаа. Бүхэл бүтэн 1300 хүүхдийн асуудал яригдаж байна шүү дээ" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна