-Хагас кокст агуулагдах хүнцлийн хэмжээг шаардсан хэмжээнд нотолж чадаагүй компани тендерт ялжээ-
Ирэх өвөл Улаанбаатар хотын иргэдийн хэрэглэх хагас коксон түлшний нийлүүлэгчийг сонгох тендер будилж болзошгүй байгаа талаар бид өмнө нь мэдээлэл бэлтгэн үзэгчдэдээ хүргэсэн билээ.
Тэгвэл тэрхүү нийтлэлд бичигдсэн хардлага батлагдаж, өнгөрсөн жил давуу эрхтэйгээр шалгарсан “Shaanxi Coal Chemical Industry Group Shenmu Energy Development Ltd. Wuzhou Branch” хэмээх хятад компани дахин шалгарчээ.
Ц.Батбаярыг хагас коксын тендерийг будилуулахын тулд л албан тушаалд нь үлдээсэн байсан уу
“Тавантолгой түлш” ХХК хагас кокс нийлүүлэгчийг шалгаруулах тендерийн баримт бичигт өөрчлөлт оруулах нэрийдлээр өөр бусад компани оролцох боломжийг хаасан талаар бид өмнөх нийтлэлд дурдсан. Тэгвэл уг тендер энэ сарын 5-нд нээгдэх ёстой байсан ч манай нийтлэл гарсанаас болсон уу, хэд хоногоор хойшлуулаад, энэ сарын 10-ны өглөө 09.00 цагт нээжээ. Улмаар маргааш өдрийнх нь 13.00 цагт “Shaanxi Coal Chemical Industry Group Shenmu Energy Development Ltd. Wuzhou Branch” компанийг “Шалгарсан” гэж зарлаад, тэр өдөртөө захирал Ц.Эрдэнэбаяр болон үнэлгээний хорооны дарга нь мөн ажлаа өгөөд явсан.. Эндээс “Үнэлгээний хороо, тендерийн хороо хэзээдээ хуралдаад тус бүр нь 800-900 хуудастай дөрвийн дөрвөн компанийн материалтай нэгбүрчлэн танилцсан бэ” гэдэг асуулт гарна. Энэ ажлыг нэгхэн хоногт амжуулах ямар ч боломжгүй бөгөөд тэд хууль бус шалгаруулалт хийчихээд зугтсан байж болзошгүй гэсэн хардлага байна.
Төрийн худалдан авах ажиллагааны tender.gov.mn цахим хуудаст тендерийн мэдээлэл байгаа ч /https://user.tender.gov.mn/mn/.../ оролцсон компаниудын материал байршаагүй хэвээр, харин ялагч болсон “Shaanxi Coal Chemical Industry Group Shenmu Energy Development Ltd. Wuzhou Branch”-ий талаар нийтэд ил болсон зарим мэдээллийг авч үзэхэд маш ноцтой байж болох мэдээллүүд байна.
Тухайлбал,
-Хагас коксон түлшинд агуулагддаг, хүний эрүүл мэндэд хамгийн хортой бодис болох хүнцэлийн хэмжээг шаардсан түвшинд нотлоогүй
-Захиалагчийн зүгээс шаардсан экспортын туршлага нь баримтаар нотлогдоогүй,
-Тендерт оролцсон “Wuzhou Branch” нь өөрөө бие даасан хуулийн этгээд биш, толгой компаниасаа ийм хэмжээний тендерт оролцох тусгай бүрэн эрх авсан баримт ч нийтэд ил болсон материалаас олдохгүй байна.
Гэтэл энэ бүхнийг үнэлгээний хороо хэрхэн “Шаардлага хангасан” гэж үзэв?
Ялангяа хүнцэлийн агууламжийг шаардсан хэмжээнд нь байлгана гэх хангалттай нотолгоо үгүй байхад нийслэлийн сая гаруй иргэдийн эрүүл мэнд, амь насыг үл тоон шалгаруулна гэдэг угтаа бол хожим өөрийнхөө амь насаар ч төлөөд барахгүй хүнд ялтай гэмт хэрэг шүү дээ.
Тендер будилсан, ялагч шударгаар өрсөлдөөгүй байж мэднэ гэдгийг харуулах бас нэгэн баримт бол “Тавантолгой түлш” ХХК-ийн захирал Ц.Эрдэнэбаяр болон Үнэлгээний хорооны дарга нар шалгаруулалт явагдсаны дараа шууд ажлаа өгсөн явдал.
Эрх баригч МАН сүүлийн үед ганц тендерт зориулж томилгоо хийх нь ихэссэн гэдэг яриа бий. Өөрөөр хэлбэл, нэг хүнийг тодорхой нэг тендер, худалдан авалтыг өөрт ашигтайгаар зохион байгуулуулахын тулд томилоод, хэрэг нь бүтмэгц халаад өөр хүн томилдог гэсэн үг. Сүүлийн үед Монголын төрөөр дүүрэн болсон “Даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч” гэх тодотгол ч үүнтэй нягт холбоотой гэх юм билээ.
Тэгвэл “Тавантолгой түлш”-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Эрдэнэбаяр яг энэ жишгээр, зөвхөн хагас коксын тендерийг будилуулахын тулд ажиллаж байсан байж болохыг тендер шалгаруулсны дараа шууд ажлаа өгсөн явдал харуулж байна.
Хэрвээ энэ үнэн бол олон нийтийн дунд яригдаж буй “Х.Нямбаатар–Ц.Эрдэнэбаяр–Wuzhou” гэсэн ашиг сонирхлын холбоо, урьдчилан тохиролцсон шалгаруулалт байсан гэх хардлагыг шалгах цаг болсон” гэдгийг харуулах бус уу. Тендерт оролцогч ААН-үүдийн ирүүлсэн материал, үнийн санал, барааны чанар зэрэг бүх мэдээллийг долон нийтэд нээлттэй болгох нь энэ хардлагыг шийдвэрлэх бас нэг гарц байж болно.
Бид энэ нийтлэлээрээ хэн нэгнийг буруутгахыг зориогүй. Гагцхүү хүнцэл гэдэг аймшигтай хор, хэрвээ алдаа байгаа бол одоо л залруулахгүй бол хожим олон хүний амь нас үрэгдвэл хармсаад ч ч барахгүй гэдгийг ойлгож байгаа учраас тендер шалгаруулалтыг нухацтай, хуулийн дагуу холбогдох цахим хуудаст олон нийт танилцах боломжтойгоор байршуулж, хардлага сэрдлэгэгүй зохион байгуулах ёстой гэсэн ганцхан байр суурьтай байгаагийнх.
Хүнцэл бол маш хортой бодис. Тиймээс “Ойролцоогоор болно” гэсэн ойлголт байж болохгүй. Өвөл айл бүрийн зууханд шатаж, нийслэл даяар тархан хүн бүрийн уушгинд орох бүтээгдэхүүний аюулгүй байдал нь юуны түрүүнд эргэлзээгүй нотлогдсон байх ёстой. Аюулгүй гэдгийг нь нотолж чадаагүй түлшийг Улаанбаатарын хэдэн зуун мянган айлд түлүүлж, үүнээс болон олон хүн амиа алдвал хэн хариуцлага хүлээх вэ. Чухам иймээс л бид энэ сэдвийг дахин, дахин сөхөж байгаа юм.
Өөрөөр хэлбэл, 10-нд нээгдэж, 11-нд дүгнэсэн хөнгөн хуумгай тендер шалгаруулалтыг хүчингүй болгож, дээр дурдсан алан тушаалтнуудтай холбоотой сэжиг таамгийг хууль, хяналтын байгууллага нь шалгаж, ямар ч алдаа дутагдал, хардлага сэрдлэгэгүй хийх ёстой гэсэн л санаа юм.
Эрсдлээ хааж магадлахгүйгээр хожим үхээд ч хариуцлага үүрч чадахгүй хурган даргын будилуулсан тендерийг хэл амгүй дагаж байгаад нэг л өглөө хотоороо сэрэхгүй үүрд нойрсчихвол яах вэ. Нийслэлүүдийн өмнө ийм аймшигтай эрсдэл бодитой бий болчихоод байна.
Өмнөх нийтлэлийг /https://zuv.mn/n/1gxm/ эндээс уншина уу.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна