Шатахуун хомсодсон биш, шатахуун импортлогч компаниуд давуу байдлаа ашиглан төрийг “шантаажилдаг” байдал газар авлаа. Бодох нь ээ, өнөөдөр л ийм болсон биш, өнгөрсөнд ч ийм үйл явц өрнөж, төр нь арга эвийг нь олж иржээ.
Манай улс шатахуунаар хойд хөршөөс хараат, оросуудын “дургүй”-г хүргэчихгүйхэн шиг шатахууны сарын нөөцтэй байдаг байв. Шатахуун бол стратегийн бүтээгдэхүүн. Дэлхийн геополитикийн хүндрэлээс үүдэж хойд хөрш ч дотооддоо шатахууны хомсдолтой, зах хязгаар нутгуудаар тасарсан, очер дараалал ихтэй байгаа. Ийм нөхцөл байдалд манай шатахууны импортлогчид дарин дээр давс нэмж, хааж боож байна.
Салбарын сайд Г.Дамдинням “Засгийн газар, Ерөнхий сайд, АҮЭБ-ийн сайд, төрийн агентлагууд шатахуун импортлогчдыг олон улсын геополитикийн хүндрэлээс шалтгаалан ердийн бизнесийн зарчмаар олдохгүй байгаа бензин, дизель түлшийг төрийн шугамаар хөөцөлдөж экспортын квот авч өгөхөөс аваад татвар хөнгөлөх, гааль, тээвэр, хөнгөлөлттэй зээл гээд бүх талаар дэмжиж байна. Гэтэл зарим ААН-үүд шатахуунтай байж зарахгүй, 24 цагаар ажиллахгүй, ганцхан хошуугаар олгож уртаас урт дараалал үүсгэж ард иргэдийг бухимдуулж байна. Хямралын үед онцгой горимоор ажиллаж төрийн өмнө гэрээгээр хүлээсэн ард иргэдэд үйлчлэх үүргээ биелүүлэхгүй бол торгоно, тусгай зөвшөөрлүүдийг нь цуцална” гэж мэдэгдэв.
Энэ бол сайдын зөв. Тусгай зөвшөөрөл, бусдаас давуу байдлаа ашиглан зохиомол хомсдол үүсгэн үгсэн хуйвалдаж ашиг хонжоо хайж, төрөөсөө том болчихсон шатахуун импортлогчдын эрхийг цуцалж, төр оролцон гадны компани оруулж ирнэ гэж байгаа нь буруу биш юм. Биднийг хэн хэлж, нохойг хэн саах вэ гэгчээр дуртай үедээ үнээ нэмж, нөөцийн савгүй гэх мэтээр төрөөс хөнгөлөлттэй зээл авцгаадаг байдалтай эвлэрэн хэдий болтол явах вэ. Шатахуун нэмэгдэхэд хэрэглээний сагсан дахь бараа бүтээгдэхүүний үнэд яаж нөлөөлдөг билээ.
Гол импортлогчдын цаана УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайд байсан, байгаа эрхмүүд байдаг. ХОМ-үүтэй ч мэдүүлцгээдэг. Петровисын “эзэн” УИХ-ын гишүүн асан Отгонбилэгийн Содбилэг, УИХ-ын гишүүн асан Ц.Анандбазарын “Сод Монгол”, УИХ-ын гишүүн Б.Пунсалмаагийн “М-Ойл” компанийн ШТС-ууд шатахуунтай хэр нь иргэдэд өгөхгүй, эсвэл сондгой өдөр өгнө, дээрээс дарга нар “Иргэдэд бүү өгөөрэй, компаниудад өг” гэсэн хэмээн ШТС-аа хаачихаад хээв нэг зогсож байгааг сайд Г.Дамдинням хэлж байна.
Стратегийн бүтээгдэхүүний эрх, тусгай зөвшөөрөл, бүх цаг үед эдэлж болох бүхий л хөнгөлөлтийг төрөөс хүртэж, ашиг хонжоо олж тэрбумтан болж, түүгээрээ дамжуулан улс төрд хөл тавьсан тэд өөрсдийг нь өнөөдөрт хүргэсэн иргэд, төр рүүгээ “нулимж” сууна. Монополь эрхтэй болсон тэдэнд монголчууд шатахуунд хонон өнжин очерлоно уу түй ч хамаагүй, хэтэвчээ зузаатгаж, өөрсдөдөө ашигтай шийдвэр гаргуулах нь нэн тэргүүнд тавьж буй дэндүү увайгүй үйлдэл.
Тэд иргэдийг төлөөлөх мандат авч төр түшилцэж байсан, одоо ч байгаа. Ирэх сонгуулиар тэд нэр дэвшвэл бүү саналаа өгөөрэй, өнөөдрийн энэ увайгүй үйлдлийг нь санаараай. Б.Пунсалмаа гэхэд 2020 онд Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшээд “худаг” Пунсаа гэдэг нэр хоч аваад иргэдийн элэг доог болоод ялагдсан. Харин 2024 онд намын жагсаалт гэдэг мөнгөтэй хүмүүсийн “орогнох” газарт нэрээ бичүүлж өнөөдөр төр түшилцэж явна. Чуулганы хуралдаанд, хэлэлцэж буй асуудалд “А” гэж олигтойхон дуугарч чаддаггүй түүний “М-Ойл” компани иргэдэд биш зөвхөн компаниудад шатахуун олгоно гээд сууж байгаа нь дэндүү увайгүй үйлдэл мөнөөс мөн.
О.Содбилэг, Ц.Анандбазарын хувьд МАН-аас УИХ-д хоёроос дээш сонгогдсон хүмүүс. 2024 оны сонгуульд нэр дэвшиж чадаагүй ч улс төрөөс бүрмөсөн яваагүй, 2028 онд нэр дэвшвэл тэднийг бүү сонгоорой.
Наймдугаар сарын 14-нөөс хойш шатахууны хангамж нэмэгдэж, Улаанбаатар хотод хоногт 2000-3000 тонн АИ92 шатахуун бууж байна. Гэвч нэр бүхий ШТС-ууд 24 цагийн турш үйл ажиллагаа явуулахгүй байх, ганцхан хошуугаар шатахуун олгох, иргэдэд бус гэрээт байгууллагуудад болон зөвхөн талоноор үйлчилнэ гэх зэргээр дур мэдэн хязгаарлалт хийж байгааг АҮЭБ-ын сайд Г.Дамдинням хэлж байгаагаас тэдэнд улстөрчийн совесть, бизнесийн ёс зүй байхгүйг харж болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.204
Бузар шуналын хулгайчууд энэ пунсалмааг эргүүлэн татаач
Хариулах103.57.95.89
Erhiin tsutslaach dahin hezeech bitgii ug
Хариулах202.55.191.194
эд бол монголын алуурчид хорлогчид
Хариулах