“Эрдэнэт”-ийг дөрөв дэхь жилдээ эрхшээж буй Г.Ёндонгийн хадгаламж дөрөв дахин өсөж, тэрбумаас давжээ

Zuv.mn
1 цаг 20 минутын өмнө

Монголын хамгийн том ААН-ийн нэг бол яах аргагүй “Эрдэнэт” үйлдвэр. Үеийн үед л улстөрчдийн “шахаа”-ны газар, баяжих эх сурвалж болж ирсэн гэдэг утгаараа энэ үйлдвэрийн удирдлага шууд олны хараанд орж, байнгын хардлага, сэрдлэг дунд амьдрах болдог нь бичигдээгүй хууль гэхэд болно. Тэгвэл тус үйлдвэрийг 2022 оноос удирдаж эхэлсэн Г.Ёндонгийн хадгаламж өнгөрсөн жил тэрбумаас давжээ.   

Төрийн сайдаас ТӨК-ийн захирал болоод орлого нь 24 дахин нэмэгджээ

Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах нийтийн албан тушаалтан нь Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-ээ жил бүр шинэчлэн гаргах үүрэгтэй.

2025 оны ХАСХОМ-ийг гаргаж өгөх хугацаа өнгөрсөн хоёрдугаар сарын 15-нд дууссан бөгөөд Г.Ёндонгийн гаргаж өгсөн мэдүүлгийг өмнөх жилүүдийнхтэй нь харьцуулж харъя.

Тэрбээр 2020 онд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд байхдаа жилд 31 сая 700 мянган төгрөгийн орлоготой, нийтийн орон сууц хоёр, гурван авто гараж, Приус маркийн суудлын автомашин нэг, эзэмших гэрчилгээтэй 700 м2 гурван газартай, 260,060,500 төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлж байжээ.

Тэгвэл 2022 онд “Эрдэнэт” УБҮ-ийн захирал болоод өөрийн орлого нь шууд гурав дахин нэмэгдэж 114 сая 860 мянган төгрөг болсон бол 2024 онд 620 сая, 2025 онд 720 сая болж, даруй 24 дахин нэмэгджээ.

Харин хадгаламж нь 2023 онд 332 сая, 2024 онд 720,4 сая гэх зэргээр нэмэгдсээр 2025 онд 1,049,440,100 төгрөгтэй болсон байна.

Тэрбээр хувийн компанигүй, харин 3-4 патентын эрх эзэмшиж ирж. Гэхдээ энэ эрхүүд нь 2020 онд буюу жилийн 31 сая төгрөгийн орлоготой байх үед нь ч байсан, энэ нь уг эрхүүд эзэндээ их хэмжээний орлого оруулах эх үүсвэр болсон гэх магадлалыг багасгаж байгаа юм.

Төрийн өмчийн компаниуд, тэр тусмаа “Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэр төрөөс тэрбумтан төрүүлдэг нэг эх сурвалж байсан. Байсаар ч байгаа гэдгийг гуравхан жилийн дотор тэрбумын хадгаламжтай болсон Г.Ёндонгийн хөрөнгө орлого нотолж байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна