Ц.Элбэгдоржийн “мэдэгдэл” ба “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь

Zuv.mn
1 цаг 13 минутын өмнө

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирж буйгаа зарлан төд удалгүй “Эрдэнэт” хотын 50 жилийн ойн арга хэмжээнд оролцож байгаагаа олон нийтийн сүлжээгээр “мэдэгдэж” сүржин даржин гэж жигтэйхэн хэд хонов. Сураг бараагүй байсан түүнийг “эх орондоо ирвэл шууд хуулийн байгууллага шалгана” гэх яриа улс төрийн хүрээнд өмнө нь яригдаж байв. Харин түүнийг хэдхэн хоногийн өмнө ирсний дараа “Тохироо хийгээд ирсэн, ирэх оны Ерөнхийлөгчийн сонгууль угтсан яриа хэлцэл хийсэн” гэх мэтээр аанай л ярих. Харин хуулийн сайд түүнийг “шалгана” гэж мэдэгдсэнээс хэд хоногийн дараа Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж сэтгүүлчдийг дуудан тайлбар хийв.

Хуулийн байгууллагаар шалгах, эцэслэх, мухарлах асуудал тусдаа сэдэв. Үүнийг орхиод үгэн дотор үг гэгчээр түүний өчигдрийн ярианд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой хэсэг анхаарал татлаа.

Эргэн сануулбал, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг 2016 оны сонгуулиас хэдхэн хоногийн өмнө “Монголын зэс” корпораци ОХУ-ын “Ростех” корпорациас 400 сая, 270 мянган ам.доллараар худалдаж авсан байдаг. Улмаар үүнийгээ сонгуулийн санал хураалт болохоос нэг хоногийн өмнө, сурталчилгаа хаагдахтай зэрэгцэн олон нийтэд зарлаж, ““Эрдэнэт” УБҮ 100 хувь Үндэсний компани боллоо” хэмээн сурталчилсан ч “Яагаад УИХ-аар оруулалгүй зөвшөөрөв” гэдэг зүй ёсны асуулт гарч, МАН улстөржүүлснээр АН-ын ялагдлын эхлэлийг тавьж орхисон билээ. Үр дүнд нь МАН үнэмлэхүй ялалт байгуулж, улмаар сонгуулийн санал хураалтын өмнө явуулсан суртал ухуулгадаа ороогдон, 49 хувийг төрд буцааж авах шийд гаргаснаар бүх зүйл эхэлсэн байдаг.

Ингээд 49 хувийн тал шүүхдэж, ялснаар “Монголиан коппер корпорэйшн” заргаа авсан. Улмаар 2018 оноос компанийг хохиролгүй болгох буюу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн. Харин төр 2019 оноос эхлэн Д.Эрдэнэбилэгийн гэх тодотголтой ААН-үүдэд эрүүгийн хэрэг үүсгэж, одоо ч зарим нь шүүх дээр явж байгаа бөгөөд шийдэгдээгүй. Зарим нь ялалт байгуулсан ч шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй яваа.    

Тэгвэл Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өчигдөр ““Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь гэж байгаагүй. Тэр чинь ОХУ-д байсан хувь шүү дээ. Тэр хувийг л Монголд авч ирж байгаа. Тэрнээс хойш, тэрнээс өмнө нь ч тийм том хэмжээний хувь Монголд ирээгүй. Энэ 49 хувь Монголд ирснээр юу болсон бэ. "Эрдэнэт" үйлдвэр 100 хувь Монголын өмч болсон. Би тухайн үед "Эрдэнэт" үйлдвэр 30 жил ажиллах нөөцтэй, цаашдаа хаалтын гэрээ хийж, энэ үйлдвэрийг дагасан хотыг яаж авч явах вэ гэдэг асуудал үүсэх нь ээ. Тиймээс энэ асуудалд тэр улсынх нь Засгийн газар болон парламент анхаарч, хууль гаргадаг байхгүй юу. Надад бол ийм ойлголт байсан.

Хоёрт, бидний хувьд "Эрдэнэт" үйлдвэр сайн ажиллаад явах ёстой. Нэгэнт айлын талд байгаа хувь нь ирэх боломж гарч байгаа бол тэр хувиа өөрийнхөө нутагтаа авах нь зөв шүү дээ. Энэ үйлдвэрийн 49 хувийг эх орондоо шилжүүлэхдээ огт хууль зөрчөөгүй. Бүр 2016 онд шийдвэр нь гарахаас өмнө 2014 онд УИХ дээр ТӨБЗГ-аас ОХУ-ын талтай яриад, 49 хувийн асуудлыг шийдэх боломжтой гээд тогтоол гаргасан байдаг.

УИХ дээр мэдэгдэж, хэлэлцүүлэг өрнөсөн бол манайхан улстөржүүлээд, энэ үйлдвэрийн 49 хувь ирэх байтугай алга болсон байгаа. Тэр  үед Казахстан, БНХАУ-ын талаас энэ үйлдвэрийг маш их сонирхож байсан. Хувийн хэвшлийн байгууллагууд ОХУ-ын талтай удаан хугацаанд яриа хэлэлцээр хийсэн юм билээ. “Ачит Ихт” компанитай ч холбоогүй. П.Цагаан бид хоёрыг вайбарт чаталсан болгож, зохион байгуулалттай гүтгэсэн” гэв.

"Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой яриа сүүлийн үед гарах байсхийгээд гарах боллоо.

Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ын даргаар ажиллаж байхдаа цагдан хоригдож, улмаар Сингапур улс руу эмчилгээнд яваад эргэж ирээгүй байсан Д.Эрдэнэбилэг Монголдоо буцаж ирээд мөн хэд хонож байна. Түүнийг “Хөтөлийн цемент шохой” ХХК, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийг концессоор, “Эрдэнэт” УБҮ-ийн 49 хувийг ОХУ-аас 400 сая ам.доллараар худалдаж авсан гэдгээр нь олон нийт мэдэх болсон. МАН эрх барьж буй сүүлийн 10 жилд дээр дурдсан бүх компаниудыг төр мэдэлдээ буцааж авсан. Гэвч өр төлбөрийн асуудал нь одоо болтол шийдэгдээгүй байгаа юм.

Ийм л нөхцөл байдалтай байхад Д.Эрдэнэбилэг Монголд ирсэн гэх мэдээлэл тарлаа. Бүр гурван тэрбумын барьцаа өгөөд хилээр гараад хоёр жил гаруй болсон хүн шүү дээ. Энэ бол “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудал шийдэгдэх магадлал асар өндөр болсны шинж бөгөөд хамрах хүрээнд нь “Хөтөлийн цемент шохой” ХХК, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК, “Эрдэнэт” УБҮ-ийн 49 хувийг авсан “Монголиан коппер корпорейшн” ХХК, бүр цаашилбал “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК, удахгүй УИХ-аар орох алтны зарим ордын асуудлыг ч хамарсан хэлцэл хөшигний ард өрнөж байх магадлалтай юм.

Үүний урьдач нөхцөл болгож Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хэвлэлийнхнийг дуудаж өөрийгөө буруугүй хэмээн ярингаа “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн талаар дэлгэрэнгүй тайлбар өгч, нэг ёсондоо ирэх намар өрнөх асуудлуудын хөрс суурийг өрөлцөж өглөө. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна