Харамсалтайгаар амиа алдсан ч олон хүний амь аварсан монгол хүүгийн түүх Германд сэдэв болж байна

Zuv.mn
43 минутын өмнө

Гэр бүлээрээ Германд цагаачлан амьдарч байсан Тэгшээ хэмээх монгол хүү 2025 оны арваннэгдүгээр сард золгүй тохиолдлоор амиа алджээ. Тэр өдөр хүү найзуудтайгаа усанд сэлж байсан бөгөөд “Усан дор хэн удаан амьсгалаа түгжиж чадах вэ” гэдэг өрсөлдөөн өрнүүлж байсан аж. Харамсалтай нь, Тэгшээ хүү хэт хичээснээс ч болсон уу, усан дотор ухаан алдаж, улмаар эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд эмч нар “Хүчилтөрөгчийн дутагдлаас болж тархи үхэжсэн” гэдэг онош тавьсан аж. Хүү ердөө 11 настай байжээ.

Эцэг, эх нь хэдий шаналж байсан ч нэгэнтээ сэхэх найдлагагүй хүүгийнхээ төлөө буян бодож, эрхтний донор болгохоор шийджээ. Тэд хүүгийнхээ эрхтнийг донор болгох зөвшөөрлийг өгснөөр гурван хүний амь нас аврагдсан аж. Монгол хүн, монгол хүү Тэгшээ хэдийгээр харамсалтайгаар амь насаа алдсан ч хүү ч, эцэг эх нь ч амьдарч байсан улсынхаа төлөө сайхан сэтгэл гаргаж олон хүнд амьдрал бэлэглэсэн нь сайхан хэрэг.  

Харин саяхан Германы талаас Тэгшээ хүүгийн гэр бүлийнх нь визийг сунгахгүй, нутаг буц гэдэг шаардлагыг тавьсны дараа хүүгийн түүх Германы хэвлэлүүдээр гарч, иргэдийн бухимдлыг төрүүлээд байгаа юм байна.    

Германы хамгийн нэр хүндтэй сэтгүүл болох “Дер Шпигель”-д ч хүүгийн талаарх нийтлэл гарч, иргэдийг талцуулаад байгаа аж. Харь улсын иргэн эх оронд нь усыг нь ууж, ёсыг нь дагаж амьдраад, иргэдийнх нь амь насыг аврахын төлөө юугаа ч харамлалгүй халуун сэтгэл гаргасан байтал холбогдох албаныхан хүйтэн сэтгэлээр хандаж буй нь эгэл жирийн германчуудын бухимдлыг төрүүлж байгаа ажээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.31.85
    40 минутын өмнө

    Мундаг аав ээжүүд байна сэтгэлийн хаттай... хүү нь ч бас их донор болоод германчуудад буян болжээ... герман улс цагаачлалын асуудлыг энэ Монголд айлд тус дэм болох ёстой ...

    Хариулах