Сангийн сайд Б.Жавхлан болон Шадар сайд Х.Ганхуяг нар 2026 оны төсөв батлагдсантай холбогдуулан мэдээлэл хийлээ.
Сангийн сайд Б.Жавхлан: 2026 оны төсвийн хуулийг эцэслэн баталлаа. 188 мянган иргэнээс санал авч, түүнээс нь тодорхой хэмжээнд тусгаж чадсан төсвийг өргөн барьсан. Ийнхүү төсөв маань батлагдлаа.
Эдийн засгийн өсөлт маань 5.7 хувь, дотоодын нийт бүтээгдэхүүн маань 102 их наяд хүрэхээр ийм гол өөрчлөлтүүдээ хадгалж чадсан. Өөрөөр хэлбэл УИХ дээрээс 2026 оны хөгжлийн төлөвлөгөөг хангахад энэ төсөв бүрэн дэмжигдэж явсан байгаа.
Төсөв анх өргөн барихад төсвийн алдагдал 1.5 их наядын алдагдалтай байх байлаа. Ингээд УИХ дээр төсвийг хэлэлцээд алдагдлыг 1 их наяд хүртэл тодорхой хэмжээнд буурууллаа.
2026 оны төсөв УИХ-д өргөн баригдсанаас хойш салбаруудад гарсан өөрчлөлт нийт дүн бол 1 их наяд 351 тэрбум төгрөг болж байгаа. Үүнээс 884 тэрбум төгрөг нь цалин тэтгэвэр, тэтгэмж нэмэгдэхэд зориулагдаж байгаа. Зөрүү 80 гаран тэрбум төгрөг нь бусад урсгал зардал дээр гарч байгаа ийм өөрчлөлтүүд байна.
Гишүүд төсвийн тодотголоо оруулж ирж гэж дураараа ярьж байна лээ. Тодотгол хийхгүйгээр батлагдсан төсвөөрөө үйл ажиллагаагаа санхүүжүүлээд явах боломжтой. Нэлээдгүй хүнд хэцүү цаг үед төсөв маань батлагдлаа.
Боловсролын сайд П.Наранбаяр: Багш нарын цалинг нэмэхийн тулд 520 тэрбум төгрөг зарцуулагдана. Ажилтнуудын тухайд асуудал УИХ дээр яригдаж давхар хамруулахаар яригдаж байна. Бид батлагдсан төсвийнхөө хүрээнд боловсролын салбарт яригдаж байгаа. Бүх л хүмүүстээ цалингийн нэмэгдлийг хүргэхээр ажиллана.
Шадар сайд Х.Ганхуяг: Бид урсгал зардлаас хүүхдийн мөнгийг нэг ч хасаагүй. Төрийн алба хаагчдын цалингаас нэг ч төгрөг хасаагүй. Эрүүл мэндийн болон Боловсролын байгууллагын гүйцэтгэлийн санхүүжилт болон даатгалын сангаас хасаагүй. Мөн аюул осол гэнэтийн үйл ажиллагаатай холбоотой онцгой байдалтай холбоотой зардлуудаас нэг ч төгрөг хасаагүй.
Эдгээрээс бусад төсвийн ерөнхийлөн захирагч нарын урсгал зардлаас 12.8 хувийг жигд хассан байгаа. Энэ төсөв үндсэндээ төрийн бүтцийг цомхон болгож байгаа. Бизнест нэлээн ээлтэй болж байгаа гэсэн үг" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна